Б.БАРС
Португал-Вэльс-2:0.
Лион хот. Долдугаар сарын 6. “Стад де Лион” цэнгэлдэх хүрээлэн.
Гоолууд: Криштиану Роналду, 50 – 1:0. Нани, 53 – 2:0.
Португал: Руи Патрисиу, Седрик Суариш, Жозе Фонти, Бруну Алвеш, Рафаэл Геррейру, Жоау Мариу, Данилу Перейра, Ренату Санчеш (Андре Гомеш, 74), Адриан Силва (Жоау Моутинью, 79), Нани (Куарежма, 86), Криштиану Роналду (ахлагч).
Ахлах дасгалжуулагч - Фернанду Сантуш.
Вэльс: Хеннесси, Гантер, Э.Вильямс (ахлагч), Коллинс (Ж.Вильямс, 66), Честер, Тэйлор, Ледли (Воукс, 58), Аллен, Кинг, Робсон-Кану (Черч, 63), Бэйл.
Ахлах дасгалжуулагч - Крис Коулман.
Европын аварга шалгаруулах тэмцээний эхний хагас шигшээ тоглолт Лион хотноо болж хөлбөмбөгийн хорхойтнуудын дийлэнхийн таамаглаж байснаар Португалийн шигшээ баг аваргын төлөө өрсөлдөхөөр финалд шалгаран үлдлээ. Хоёр шар хуудас авсан Вэльсийн хамгаалалтыг цементлэгч Дэйвис, түлхүүр холбон тоглогч Рэмси нар талбайд гараагүй нь “улаан луунууд”-ын багийг султгасан нь илэрхий мэдрэгдэж байлаа.
Үндсэн цагт нэг ч хожилгүй тэнцсээр хагас шигшээд шалгарсан тус тэмцээний түүхэн дэх анхны баг болсон Португал энэ толголтод хоёр гоол оруулан итгэлтэйгээр хожсон юм. Тоглолтын хоёрдугаар үеийн эхэнд хашир дасгалжуулагч Фернанду Сантушийн тоглогчид гурван минутын зайтай хоёр гоол оруулснаар айдгаа авдартаа хийсэн юм. Багийн супер од Криштиану Роналдугийн мөргөж оруулсан бөмбөгний дараа гандан бууршгүй Нани гоолдсоноор тоглолтын хувь заяа үндсэндээ тодорхой болсон.
Рэмсигийн эзгүйд довтолгоонд ганцаардсан дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчин Гарет Бэйл алсын зайнаас хэд хэдэн цохилт хийн чадлаараа зүтгээд тусыг эс олсон билээ. Гэхдээ л Вэльсийнхэн 50 гаруй жилийн дараа ийм хэмжээний тэмцээнд оролцоод урамтай сайхан тоглон хэсгээсээ шалгараад зогсолгүй хагас шигшээд шалгарсан нь яахын аргагүй гайхамшигтай амжилт.
Өнөө шөнө хүч үзэх Франц, Германы аль хожсон нь энэ сарын 10-нд Португалтай Анри Делонегийн цомын төлөө өрсөлдөх юм.
Эх сурвалж: www.polit.mn