Ч.ГАНТУЛГА
Дэлгэцнээ залуу насаа мөнхөлж, тэр л дүрээрээ үзэгчдийн сэтгэлд үлдсэн уран бүтээлчдийн нэг бол “Суварган цэнхэр уулс” киноны штабын дарга Цэнд буюу Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Эрдэнэ-Очир билээ. Түүний гал цогтой 25 нас нь кинонд үлджээ. Бүтээсэн дүрийнх нь тухай гэгээн дурсамжаар аялсан юм.
“Суварган цэнхэр уулс” кино анх 1978 онд үзэгчдийн хүртээл болсон. Тухайн үеийн хилчдийн амьдрал, жаргал зовлон, хайр сэтгэлийг хамгийн бодитоор тусгасан болохоор кино маань мөнх настай болсон гэж кино найруулагч Г.Жигжидсүрэн гуай ярьсан. Харин киноны гол дүр болох Цэндийн дүрд Т.Эрдэнэ-Очир гуай санаандгүй тогложээ. Тэрээр тухайн үед Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгад хөгжимчин байсан. Хамт олонтойгоо жил гаруй хилийн заставуудаар явж тоглолт хийжээ. Тэр үеийн хилчдийн амьдралыг түүнээс сайн мэдэх хүн байгаагүй тул нөхөд нь “Хилчдийн тухай кинонд тоглох жүжигчин хайж байгаа гэсэн чи Монгол кино үйлдвэрт очиж проб өг гэж ятгаснаар анх кино багийнхантай танилцсан түүхтэй.
Т.Эрдэнэ-Очир гуай тэр үеийнхээ тухай “Анх очиход найруулагч, зураглаач нар нь суучихсан, намайг хараад энэ мөн байна ш дээ гээд уулга алдсан” гэж дурссан юм. Кино багийнхан сурвалжлагч бүсгүйгээ олчихсон, харин гол дүрийн залууд нь тохирох жүжигчин олдохгүй, эрэл нь мухардчихаад байжээ. Цэндийн дүрийг олсондоо хамгийн их баярласан хүн нь найруулагч Г.Жигжидсүрэн гэнэ. Тэрээр дотроо төсөөлж, бүтээж байсан дүр нь өөрөө ороод ирэхэд одоо л зураг авалтаа эхэлж болох нь гэж бодсон тухайгаа дурссан байдаг. Мөн Т.Эрдэнэ-Очирыг Н.Батцэцэгтэй харьцуулж хараад “Яг тохирч байна” гэж хэлжээ. Хэдийгээр “Газрын жигүүр” киноны Ширэмд тоглодог залуу Цэндийн дүрд проб өгөөд тэнцсэн ч өмнө нь кинонд тоглосон туршлагагүй гээд гологджээ. Харин Т.Эрдэнэ-Очирын хувьд өмнө нь “Нар хиртсэн жил” киноны Чулуунхүүд тоглож байсан тул туршлагын хувьд дутах зүйлгүй байсангүй. “Ингэж Суварган цэнхэр уулсын кино групп бүрэлдэхүүнээрээ цугларч, уран бүтээлийн их ажил ундарсан юм даа” гээд Т.Эрдэнэ-Очир гуай инээмсэглэв.
Зураг авалтын 80 гаруй хувийг Дорнод аймгийн Сүмбэрийн отрядын Хэрээ уулын застав дээр авчээ. Үлдсэнийг нь Баянхошуу, Бурхантын застав болон отрядын төвд авсан гэнэ. Цэнд бол цэргийн ангийн штабын дарга, эх орныхоо төлөө тангараг өргөсөн хилчин билээ. Цэрэгт татагдсан залуусыг сургах, тэднийг чиглүүлэх үүрэг түүнд оногдоно. Харин цэргийн ангид нь сурвалжлагч бүсгүй ирснээр киноны үйл явдал өрнөдөг. Цэргүүд нь бүгд бүсгүйг шохоорхож эхлэхэд Цэнд дарга ийм байдал гаргуулахгүй гэж хичээх ажээ. Тэрээр дүрийнхээ тухай “Цэргийн зөвлөхөөр П.Чогдон баатар ажилласан. Надад мэдэхгүй, чадахгүй олон зүйлийг сургасан даа. Үнэн зүйл гэдэг хэзээ ч хуучирдаггүй юм байна. Би энэ дүрээрээ үргэлж бахархаж, омогшиж явдаг. Кино маань дэлгэцэд гарсны дараа тоглолтоор хилийн заставаар байнга явдаг байлаа. Олон хүн таны тоглосон киног үзээд хилийн цэрэгтэй ажил, амьдралаа холбоё гэж шийдсэн гэж хэлдэг юм. Олон аавын хөвгүүдэд эх орныхоо торгон хилийг манах сэтгэл төрүүлж чадсандаа баяртай явдаг шүү” гэж дурслаа. Кино зураг авалт сурвалжлагч бүсгүй ирдэг хэсгээс эхэлжээ.
-Анхны зураг авалт ямар байсан бэ?
-Айж сандрах зүйл байгаагүй ээ. Өмнө нь кинонд тоглож үзсэн болохоор биеэ барьж, ичих зовлонтой тулаагүй. Хамт тоглосон Н.Батцэцэгийн хувьд ч өмнө нь кинонд дүр бүтээж байсан туршлагатай уран бүтээлч байлаа. Бид бие биенийгээ дэмжээд, сайн тоглосон гэж боддог шүү.
-Кинонд гардаг цэргүүдийг яаж сонгосон юм бол?
-Найруулагч маань сонгосон юм билээ. Халхын голын отрядын бүх заставаар явж бие хаа, царай зүс зэрэг олон зүйлийг нь харж сонгосон гэсэн. Мөн туршлагатай нэг жүжигчнийг цэрэг болгоё гээд Ц.Төмөрбаатарыг сонгосон гэж ярьж байсан.
-Өмнө нь кинонд дүр бүтээж байсан болохоор бусад жүжигчиддээ онгирох, омогших тохиолдол гарч байв уу?
-Бидний үеийнхэн тийм зүйл мэддэггүй байлаа. Харин ч нэг нэгнээсээ эмээж, чадахгүй зүйлийг нь зааж, зөвлөж байсан уу гэхээс би мундаг гээд цээжээ дэлдэж үзсэнгүй ээ. Найруулагчаасаа айдаг, тэднээс үг сонсдог, үгийг нь даадаг байлаа шүү дээ. Мөн хамгийн чухал нь уран бүтээл хийе гэсэн чин сэтгэл бидэнд байсан юм. Тиймээс ч манай кино өдий олон жилийн турш үзэгчдийн үзэх дуртай кино хэвээр байгаа байх.
-Эргээд киногоо үзэх бүрт тодхон санагддаг, сэтгэлээс гардаггүй хэсэг аль нь вэ?
-Киногоо үзээд суухад бүх хэсгийн зургийг яаж авч байсан нь нүдний өмнүүр жирэлзээд өнгөрөх шиг болдог юм. Амархан зүйл гэж байдаггүй учраас киноны хэсэг бүхэн надаас хөдөлмөр шаардсан. Хилийн заставт бүсгүй хүн бараг байдаггүй. Гэтэл хотын сурвалжлагч бүсгүй ирэхэд бүгд л дурлана шүү дээ.Би өөрөө ч шохоорхоно. Харин цэргүүдээрээ тийм байдал гаргуулахгүй гэж хичээж тоглосон юм. Энэ бол цэргийн даргын үүрэг байлаа.
-Киноны зохиол яаж төрсөн юм бол. Найруулагчаасаа асууж байв уу?
-Зохиолч С.Пүрэв, найруулагч Г.Жигжидсүрэн хоёр Баянхошууны заставд 10 гаруй хонохдоо зохиолоо бичсэн юм. Хилчдийн амьдралыг бодитоор нь харуулсан кино хийвэл зүгээр юм байна гэж ярилцсан юм билээ. Манай киноны Солонго чинь бодит дүр шүү дээ. Тэр заставын нэг офицерийн эхнэр Сэлэнгэ гэж бүсгүй байдаг байж. Тэр бүсгүйг хараад Солонгын дүр буусан гэдэг.
-Жүжигчин Н.Батцэцэгтэй хамтарч тоглоход ямар байсан бэ. Таны үе тэнгийн сайхан бүсгүй шүү дээ?
-Түшигтэй санагддаг байсан. Сайхан найзууд болж байлаа. Сайн жүжигчин гэдгийг нь Монголын ард түмэн мэднэ шүү дээ. Олон сайхан дүрийг бүтээсэн дээ. Киноны дараа Н.Батцэцэгт хайрын захиа их ирдэг болсон гэсэн.
-Танд захиа ирж байсан уу?
-Дорнод, Хэнтий, хилийн дугаар ангийн байлдагчдаас санаа сэтгэлээ хуваалцсан, баярлаж, талархсанаа илэрхийлсэн захидал ирдэг байсан. Тэр бүхэнд нь тохирсон хариуг нь бичээд явуулдаг байлаа. Эргээд бодоход сайхан дурсамж юм даа.
-Зураг авалтын үед тохиолдсон хөгжилтэй дурсамж олон бий юу?
-Бидний байрласан заставт шумуул гэж жигтэйхэн их. Эхэндээ хэцүүхэн л байлаа. Сүүлдээ дасчихдаг юм билээ. Нэг өглөө Н.Батцэцэгийн нүдэн дээр шумуул хазаад хавдчихдаг юм байна. Тэгээд зураг авалт тав хоног хойшилсон. Түүнээс болж Жийгээ найруулагч бид хоёр нэг дуу хийсэн юм.
-Ямар дуу юм бэ?
-Анх Н.Батцэцэгийг шоолж хоёр бадаг шүлэг бичсэн юмаа. Сүүлд нь манай кино багийнхан бүгдээрээ дуулдаг болсон. “Халхын голын домогт манхнаас дугтуй дүүрэн шумуул илгээлээ” гэдэг үгтэй /инээв/. Сүүлд нь миний уран бүтээлийн санд үлдсэн дээ.
-Анх дүрийнхээ тухай уншихад сэтгэлд тань яаж буусан бэ?
-Миний амьдралд ойрхон юм шиг санагдсан. Учир нь би цэргийн байгууллагад ажилладаг мөрдэстэй уран бүтээлч болохоор цэргийн амьдралыг ерөнхийд нь мэддэг байсан. Зохиолоо уншихад мэдэхгүй үг хэллэг бараг таараагүй. Харин ч дотно санагдсан. Адилхан цэргийн байгууллагад ажилладаг найзуудаасаа зөвлөгөө авсан. Цэнд бол эх орныхоо, эр цэргүүдийнхээ төлөө тангараг өргөсөн хилчин шүү дээ. Эр хүн болж төрснийх дархан хилээ хамгаалж, хилийн зурвасаа шалгах омог бардам сэтгэл монгол эр хүн бүхэнд байдаг байх. Би Цэндийн дүрээр энэ үүргээ биелүүлсэн гэж боддог юм.
-Кинонд ноцтой, адал явдал гардаггүй хэрнээ хүмүүсийн сэтгэлд тод үлдэж чадсан. Хамгийн хүнд хэсэг нь нэг цэрэг амиа алддаг үе шүү дээ. Тэр хэсгийн зургийг хэрхэн авсан бэ?
-Эх орныхоо төлөө амиа алддаг. Киноны хамгийн сэтгэл хөдөлгөсөн хэсэг шүү дээ. Тэгэхэд хамт алба хааж байсан, түүнийг хариуцаж байсан дарга нар ямар байдалтай үлдэхэв. Эх орон гэж алтан амиа ч хайрлахгүй өгөх эрхэм зүйл байдаг юм шүү гэдгийг бидний тоглолтоос үзэгчид мэдрээсэй гэж хүсч байсан.
-Цэндийн дүр таны амьдрал, хувь хүнд хэрхэн нөлөөлсөн бэ?
-Олон залууг хил рүү дуудсан даа. Надад мөнхөд дуудагдах нэрийг үлдээсэн. Одоо хүртэл би Цэнд нэрээрээ дуудуулах дуртай. Залуустаа хандаад хэлэхэд цэргийн албанаас битгий зугтаарай. Тэнд жинхэнэ амьдрал байдаг юм шүү. Үнэнч нөхөрлөл тэндээс бий болдог. Ялангуяа хил гэдэг ямар сайхан гээч. Эх орноороо бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрдөг юм.