Н.БАТМӨНХ

Ц.Цэрэнпунцаг Зав­хан аймгийн Цагаан­чулуут сумын нутаг Борхайрханы өвөрт 1971 оны цагаагчин гахай жил төржээ. Ээжийнх нь талаас бөхийн удамтай. Гарьдын хань Ойгонжаргал нь “Маргаа” хэмээх 1932 оны улсын баяр наадамд барилдсан 1024 бөхөөс найм давж Монгол Улсын заан цол хүртсэн “Хөндлөн” буюу Дашийн Сандуйжав зааны удмын хүн юм. Ц.Цэрэнпунцаг 1989 онд Завхан аймагт болсон тойргийн барилдаанаас аймгийн заан цол авчээ. Төрсөн ах Бэгзсүрэн нь улсын харцага цолтой бөх юм. Ц.Цэрэнпунцаг 1992 оны улсын баяр наадамд анх удаа аймгийн заан цолтой барилдаж дөрөв давж тавын даваанд улсын начин Д.Мөнх-Эрдэнэтэй тунаж унажээ. 1993 оны улсын баяр наадамд хоёрын даваанд аймгийн арслан Б.Шаравдорж, гурвын даваанд аймгийн арслан М.Чимэддорж, дөрвийн даваанд улсын заан С.Сүхбаатар, тавын даваанд улсын заан Д.Амгаа нарыг хаяж зругаагийн даваанд улсын начин (улсын заан) Ц.Баярсайханд унаж 22 насандаа улсын начин цол авчээ.

1994 оны улсын баяр наадамд найм давж өсөх идэр заан цолыг 23 насандаа авчээ.

1995 онд зодог­лоогүй.

1996 онд зургаа давж саруул сайжрах чимэг.

1997 онд долоо давж улсын заан цол хүртсэн.

1998 онд долоо давж заан цолоо баталж хуурнин шуугигч чимэг.

1999 онд зургаа давж хурдан шаламгай чимэг.

2000 онд зургаа давж үнэн зоригт чимэг.

2001 онд найм давж бууршгүй хүчит чимэг.

2002 онд зодоглоогүй.

2003 онд зургаа давж үнэн итгэлт ичмэг.

2004 оны зурга­ду­гаар сарын 22-ны өдрийн Ерөн­хийлөгчийн аравдугаар зарлигаар Монгол Ул­сын гарьд цол хүртжээ.

2004 оны улсы баяр наадамд долоо давж өлзий бадрах чимэг.

2005 онд хоёр давж гурвын даваанд Увс аймгийн Түргэн сумын уугуул аймгийн начин Э.Элбэгбаярт унаснаас хойш дахин улсын баяр наадамд зодоглоогүй.

Ц.Цэрэнпунцаг гарьд 1996, 2000 оны улсын их сорилгод түрүүлж алтан медаль авч байлаа. Үүнээс хойш улсын их сорилгын барилдааныг зохион байгуулаагүй юм. Сар шинийн барилдаанд 1997 онд үзүүрлэж, 1995, 2001 онуудад шөвгийн дөрөвт үлдэж байв. Ц.Цэрэнпунцаг гарьд баруун талтай, хавсрах, давхар ачих, тонгорох, хутгах зэрэг үндсэн мэхтэй, дунд зэргийн нуруутай, булчинлаг яргай биетэй, суурьтай нягт барилдаантай, дөрвөн мөчиндөө тэнцүүхэн бяртай бөх юм. Мөн жүдо бөхийн шигшээ багийн тамирчин байлаа. Энэ төрлөөр улсын болон олон улсын тэмцээний алт, мөнгө, хүрэл медальтай. Олон улсын хэмжээний мастер цолтой бөх юм.