Сан.ПҮРЭВ
Монгол улсын арслан, гавъяат дасгалжуулагч Л. Сосорбарамтай ярилцлаа.
-Таныг 2007 онд гавъяат дасгалжуулагч цолоор шагнуулахад найз нөхөд, дасгалжуулсан шавь нар тань магнай тэнийн баярласандаа. Танай нутгийн бөх даян аварга А.Сүхбат таныг гавъяат тамирчин болсонд баярлахдаа азарга адуу бэлэглэсэн. Бэлгийн адуу тань өсч байгаа биз дээ?
-А. Сүхбат нутгийнхаа настан буурлууд, ахмад бөхчүүдийг хүндэлж, халамж анхаарал тавьдаг, ухаалаг нүнжигтэй залуу. Бэлгийн адуу маань өсч байна аа.
-Та ХААИС-д тавь шахам жил тасралтгүй багшилж, олон мянган шавийнхаа хайр хүндэтгэл хүлээсэн багш. Та дөч гаруй жил сонгомол бөхөөс бусад бөхийн дасгалжуулагчаар ажиллаж, олон алдартай бөх төрүүлсэн нэр хүндтэй дасгалжуулагч. Шавь нарынхаа талаар ярихгүй юу?
-Намайг улсын наадамд зодоглож өсөх ирээдүйтэй залуу бөх гэгдэж эхэлсэн 1950-иад оны сүүлч, 1960-аад онд үндэсний бөхийн дасгалжуулагч байгаагүй юм. Улсын арслан Ж.Чойжилсүрэн бид хоёр ХААДС-д нэг жил элссэн үеийн оюутнууд болохоор бие биеэ дасгалжуулдаг байлаа. Улсын арслан У. Мижиддорж ч бид хоёртой барилдаж, бэлтгэл хийдэг байсан. Үр дүн нь гурвуулаа улсын арслан болцгоосон юм. Манай ХААДС бөхөөрөө алдартай байлаа шүү дээ. ХААДС-ийн ректораар тасралтгүй 26 жил ажилласан профессор Ц. Жамъянжав бөхийн шинжийг гойд сайн мэддэг, бөхөд хачин хайртай хүн байлаа. Манай сургуулиас надаас гадна Ж.Чойжилсүрэн, У.Мижиддорж, М.Мөнгөн, Ж.Хайдав нар улсын арслан, Д.Амгаа, З.Дүвчин, Ё.Ишгэн, Д.Мягмар нар улсын заан, О. Бахыт улсын харцага, Жанчивдорж, Ж.Чулуун, Гомбосүрэн, Р.Лхагвасүрэн,Ч.Батбаатар, Х.Түвшинсанаа, Г.Эрдэнэбат, П.Эрдэнэбаяр, Ю.Батаа, С.Дангаасүрэн, С.Нямжав нар улсын начин цол хүртэж, сургуулийнхаа нэрийг өндөрт өргөж, ард түмнийхээ хайр талархал хүлээж байлаа шүү дээ. Шавь нараас минь З.Дүвчин, О.Бахыт нар гавъяат тамирчин цол хүртэж, Цэнгэнбаяр, Зоригоо нар маань дэлхийн аваргын мөнгөн медалиар энгэрээ мялааж, зургаан шавь минь ОУХМ цолын эзэн болсон юм.
-Таныг нутаг амьтай хүн гэлцдэг. Баянбараат таны шүтээн юмаа даа?
-Тэгэлгүй яах вэ. Манай нутагт Баянбараат гэж эртний тахилгатай сайхан уул бий. Тэр хайрхны нэрээр манай сумыг нэрлэсэн юм. Би дөч гаруй жил улсын их баяр наадамд зодоглохдоо Төв аймгийн Баянбараат сумын харъяат, хөдөө аж ахуйн дээд (хожим их сургууль болсон ) сургуулийн бөх гэж төв цэнгэлдэх хүрээлэнгээс радио, телевизээр орон даяар зарлуулж явсандаа бахархдаг.
-Та нутагтаа нэртэй баян гэгдэж байсан Лувсанчимэдийн отгон хүү. Эрхи танхи өссөн үү?
-Манайх мал, малын захтай, аав ан ав, арилжаа наймаа эргүүлж, хааяа жаалаад алга болчихдог байсан болохоор надад эрхэлж суух зав байгаагүй ээ. Номхон морь унахтай болсон цагаасаа хонь, хурга, адуу малын хойноос давхиж, өдөржин ховоо татаж мянга гаруй малаа услах гэж тэвддэг байлаа л даа. Үүнийхээ ач буянаар хоёр гарын булчин эрт хөгжиж бөх болоход нөлөөлсөн юм. Намайг малд нүдтэй, тусч зөөлөн сэтгэлтэй хүү гэж нутгийн хөгшид магтдаг байсан юм. Бодвол хөгшдийн санаанд хүрч байсан хэрэг л дээ.
-Та бөхийн удамтай биз?
-Манай аав өндөр чийрэг биетэй, шөрмөстэй хүн байсан боловч овооны наадамд дээлтэйгээ гарч ганц хоёр ноцолдсоноос хэтрээгүй юм билээ. Аав маань уг нь Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын бага газрын чулуунд төрж тэнд өсөөд хориод настайдаа гэрлэж, Баянбараатад ирж суурьшсан хүн юм шүү дээ. Ээж маань Хэнтийн Галшар сумын хүн. Эцэг нь хулгар Бум гэж даншгийн цолтой бөх байсан юм гэнэ лээ. Манай ээж нэгэнд нь далаас наян литр ус ордог модон тоотондоо ус дүүргэж холбоод тэмээгээ хэвтүүлж байгаад хээв нэг давуулаад тавьчихдаг байсан гэдэг юм.
-Та ямар мэх хийж барилддаг байсан бэ?
-Өрсөлдөгчөө эгэм тахим, хайч мэхээр голцуу хаядаг байлаа. Бяртай хүний хөдөлгөөн бүхэн мэх болдог юм шүү дээ. Би цээжиндээ их бяртай байсных биз голцуу гар мэх олонтой, хөлөөрөө мэх хийдэггүй байлаа. Тийм болохоор гуталд гамтай байдагсан. Гэтэл хөлөөрөө голдуу мэх хийдэг улсын заан Мягмар намайг нэг гутал элээгээгүй байхад дөрвөн гутлын улыг эргүүлээд хаячихсан байгаа юм.
-Баянаа, Мөөеэ аварга хоёр нэг үе танаас цэрвээд амладаггүй байсан гэж сонссон юм байна. Үнэний хувьтай юу?
-Уг нь наадахаа өөрсдөөс нь асуувал үнэн худлыг нь хэлээд өгнө дөө. Ах нь ид байхдаа хоёр Мөнхтэй мөн ч олон удаа таарч барилдаж хаяж бас унаж явлаа. Цөөн бодит баримт хэлье. Би монголын ард түмний анх дугаар спартакиадын үндэсний бөхийн барилдаанд үзүүрлэж, улсын заан цол, мөнгөн медалиар шагнуулж билээ. 1962 онд үндэсний бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд би түрүүлж, Ж. Мөнхбат аварга, хоёр дугаар байранд орж байлаа. 1963 онд монголын бүх ард түмний хоёр дугаар спартакиадад уналгүй түрүүлж, улсын арслан цол хүртэж, Х. Баянмөнх хоёр дугаар байранд орж, заан цол авч байлаа. Тухайн үед хоёр Мөнхийг жаахан айлгаж явсан юм шиг байгаа юм.
-Та Монголын алдартай бөхчүүдийн нэг. Барилдаад давсан атлаа ялагдал хүлээж харамссан барилдаан байдаг уу?
-1962 оны улсын баяраар юмдаг. Наймд үлдээд улсын арслан Жамцыг амлаж, хонгодоод хөөж явтал мань эр толгойгоороо газар шааж унахад би хүчиндээ дээгүүр нь давчихсан юм. Жамцын толгой түрүүлж газар хүрсэн атал тэр жил наадмын комиссын даргаар ажиллаж байсан Жамцын нутгийн нэг мяндагтан ( нэрийг нь хэлээд яах вэ) гүйж ирж түүнийг татаж босгонгуут Жамц давсан гээд малгайгий нь өмсгөн туг тойруулж, намайг унасанд тооцсонд харамсаж, хор шар хөдөлж байсан шүү.
-Танд мартагдашгүй даваа байж л таарна. Энэ тухайд юу хэлэхсэн бол?
-Төрийн наадмын торгон ногоон дэвжээн дээр барилдаж байхад тийм зүйл бишгүй л тааралдаж байлаа. 1984 оны улсын наадамд дөрөв давчихаад “ Сүрхий барилддаг залуу байна. Алтангадасыг амлаж, начин болгодог юм бил үү дээ “ гэж бодоод сууж байтал Ж.Мөнхбат аварга хүрч ирээд чи түүнийг начин болгож яах юм бэ. Би чамайг авлаа гэчихээд яваад өглөө. Хэлснийхээ дагуу намайг амлалаа шүү. Ж. Мөнхбат аваргад дургүй хүрч хор шар буцлаад явчихдаг байгаа. Чамайг заавал хаяна даа гэж шарлахсаар гарч хүч үзээд өөрөөсөө гурван дүү аваргыг 47-тойдоо тавын даваанд хаяж шөвгөрсөн юмдаг. Ингэж би улсын наадамд 16 дахь удаагаа шөвгөрч билээ. Энэ барилдаан бөх хүн ам авахдаа учиртай ухаантай хандахыг, басалгүй барилдахыг сануулсан нэг сануулга болсон гэж боддог доо.
ШИГТГЭЭ:
Гавъяат дасгалжуулагч, улсын арслан Лувсанчимэдийн Сосорбарам 40 гаруй жил улсын наадмын торгон ногоон дэвжээн дээр барилдахдаа монгол бөхийн ёс жаягийг ягштал баримталж ,гараа, дэвээ, шаваа, тахим өгөх, авах дэг журмыг ёсчлон биелүүлж, булхай будлиангүй хурдан шуурхай барилдаж байжээ. Л.Сосорбарам 22-тойдоо улсын начин, заан цолыг нэг өдөр хүртэж, монгол бөхийн түүхэнд содон амжилт гаргасан ховорхон бөх. Юу гэвэл 1959 оны улсын наадам, оюутан залуусын спартакиад зэрэгцэж явагдсан юмсанж. Тэрбээр спартакиадад шалгаран оролцжээ. Спартактадад тойргоор барилдаж байгаа бөхчүүд бага цэнгэлдэхээс төв цэнгэлдэх хүрээлэнд болж буй улсын наадамд очиж хүч үздэг байж л дээ. Тэр жил Сооёо (түүнийг найзууд нь ингэж авгайлдаг ) улсын наадамд зургаа давж, өсөх идэр начин цол аваад хэдхэн цагийн дараа бага цэнгэлдэх хүрээлэнд болж байсан оюутан залуучуудын спартакиадын бөхийн барилдааэд гуравдугаар байр эзэлж, улсын заан цол хүртсэн ажгуу. Тэрбээр 1961 онд бүх ард түмний спартакиадын бөхийн барилдаанд үзүүрлэж мөнгө, 1963 онд хоёр дугаар спартакиадад түрүүлж алтан медаль хүртжээ. Сооёо арслан 1962 онд үндэсний бахийн аварга шалгаруулах тойргийн барилдаанд түрүүлж, улсын аваргын алтан медалиар энгэрээ мялааж байсан бөх билээ. Хоёр шуу, цээжиндээ асар их бяртай, уран хурц шуурхай барилдаантай, маш ширүүн дайрдаг, нэг л дайрсан бол учраагаа тэсгээлгүй аваад явчихдаг хийгүй бөх болохоор аваргууд түүнийг амлахаас цэрвэдэг байлаа. Сооёо арслан улсад дөч гаруй жил барилдахдаа ердөө зургаан бөхөд амлуулж үзжээ. Дархан аварга ж. Мөнхбат, Х. Баянмөнх, Ш. Батсуурь, улсын арслан У. Мижиддорж, улсын заан Нагнайдорж нар түүнийг зориглон амлаж, давж бас унацгааж байжээ. 1960-аад оны сүүл үед нэг цагаан сарын барилдаанд дархан аварга Х. Баянмөнх, дөч гарсан улсын арслан Л. Сосорбарам нар их удаан зууралдан барилдаж, хэн хэн нь их цуцаж, огт хөл мэх хийдэггүй Сооёо арслан Х. Баянмөнхийн хийг тааруулж, нарийн шилбээр нь хүчтэй хавсарч орхисонд дархан аварга сүрхий дээр хөөрч ар зоогоороо ойчиж билээ. Тэр үед Баянаа аваргын бяр чадал ид жагсч ид хаваа гайхуулж байсан үе байлаа. Ийм хүчтэй дархан аваргыг ид байхад нь тэгж чанга хаяна гэдэг Л. Сосорбарам ямархан хүчтэй бөх байсны нотолгоо буюу.