Монголын Жүдо бөхийн холбооны гүйцэтгэх захирал, “Рио-2016” наадмын шүүгч М.Бөхбаттай ярилцлаа.
-Хүн төрөлхтний спортын их наадам болоход 40 гаруйхан хоногийн хугацаа үлдлээ. Энэ удаагийн олимпод шүүгчээр ажиллахаар сонгогдсонд баяр хүргэе?
-Баярлалаа. Монголчууд анх удаа олимпийн жудо бөхийн төрөлд шүүгч хийх эрхтэй боллоо. Саяхан Олон улсын жүдо бөхийн холбоо шийдвэрээ гаргаж, намайг шүүгчээр сонгосон гэдгээ дуулгасан. Манай улсад энэ төрлийн спорт хэрхэн хөгжиж байгааг илэрхийлэх бас нэгэн шалгуур юм даа.
-Тэгэхээр энэ удаагийн олимп таны хувьд ихээхэн онцлог, ач холбогдолтой болох нь ээ?
-Олимп бүхэн надад адилхан байдаг. 2012 оны Бээжингийн наадамд би багийн ерөнхий менежерээр ажиллаж байлаа. Эх орныхоо нэрийг гаргахаар, ард түмнийхээ итгэл найдварыг цээжиндээ тээгээд явна гэдэг амаргүй. Маш өндөр хариуцлага. Тиймээс “Баг тамирчид маань амжилт гаргаасай, бэлтгэлээ сайн хийгээсэй” гэсэн сэтгэлээр дүүрэн байдаг. Энэ жилийн хувьд ч ялгаагүй. Гэхдээ мэдээж олон улсын тамирчдыг дэнсэлнэ гэхээр илүү сайхан байна.
-Монгол, Япон, Хятад гэсэн Азийн гурван орноос шүүгчийг сонгон шалгаруулсан юм билээ. Шалгуур нь хэр өндөр байв?
-Олон улсын жудо бөхийн холбооны шүүгчийн зөвлөлөөс сонгон шалгаруулалтыг явуулсан байгаа. Орон нутаг, өсвөр зэрэглэлээс эхлээд тив дэлхийн чанартай бүхий л тэмцээнд шүүгчээр ажилласан байх гэсэн ерөнхий шаардлага бий. Мөн зэрэглэл бүхэнд шүүгчийн шалгалт өгч тэнцсэн байх ёстой. Би жил гаруй хугацаанд хичээж, бүхий л шалгуурыг нь хангасан. 2000 гаруй шүүгчтэй өрсөлдөж энэ эрхийг авсан. Монголын шүүгчдээс анх удаа олимпийн жудогийн төрөлд шүүгчээр ажиллах эрхтэй болсондоо баяртай байна.
-Тамирчин хүн дэвжээн дээр ялахын төлөө бүхнээ зориулдаг. Харин шүүгчид тэмцээний үеэр ямар хэм хэмжээнд ажиллах ёстой байдаг вэ?
-Тамирчин, шүүгч хоёрын дэвжээн дээрх зорилго өөр. Гэхдээ тэдний зүрх сэтгэл спорт, ёс суртахуун гэсэн зүйлс дээр огтолцдог. Тамирчид ур чадвараа гарган, жудо бөхийнхөө ёс суртахуун, дүрэм журам дор ялахын төлөө барилдана. Харин шүүгч тэдний ялалт ялагдлыг дэнсэлнэ. Мөн зөв ялагчийг тодруулах нь бидний хариуцлага, ёс суртахуун байдаг.
-Таны намтарыг харахад 1990 оноос эхлэн шүүгчээр ажилласан байна. Ажлын гараагаа хэрхэн эхэлж байсан бэ. Тухайн үеийн тэмцээн уралдааны талаар дурсахгүй юу?
-Би 1989,1990 оны үеэс эхлэн тэмцээн шүүж эхэлсэн. Тухайн үед өсвөрийн тамирчин байлаа. Түүнээс хойш 20 гаруй жил болжээ. Ер нь шүүгчийн ажил миний хувьд хобби юм. Хоббигоо олон улсын зэрэглэлд хүргэсэн гэж болно. 2009 онд “Б” зэрэглэл, 2013 онд “А” зэрэглэлийн шүүгчийн шалгалт өгч тэнцсэн. Харин өнгөрсөн жил Өсвөрийн дэлхийн аварга, Астанагийн ДАШТ, “Их дуулга” тэмцээнүүдийг амжилттай шүүснээр дэлхийн шүүгчийн гэсэн зэрэглэлтэй боллоо. Мөн энэ удаагийн олимпийн наадмыг амжилттай шүүж чадвал олимпийн шүүгч болно. Тэгэхээр энэ удаагийн олимп миний хувьд бас нэгэн шалгуур юм.
-Таны аав гавьяат дасгалжуулагч Ч.Машбат Монголд жудо бөхийн спортыг үүсгэн байгуулсан хүн. Аав хүү хоёр нэгэн салбарын түүхийг бичилцэнэ гэдэг бас сайхан хувь заяа юм?
-Тийм шүү. Миний аав Ховд аймгийн Цэцэг сумын хүн. ЗХУ-ын Москва хотноо Ой мод, аж ахуйн үйлдвэрийн дээд сургууль төгссөн. Инженер мэргэжилтэй хүн. Гэсэн ч ажлынхаа хажуугаар спорт их сонирхоно. Бөхийн самбо, жудогоор барилддаг хүн байлаа. Хойд хөршид сурч ирээд найзуудтайгаа нийлж бөхийн дугуйлан хичээллүүлж самбо, жудо бөхийн спортыг үүсгэн байгуулалцсан байдаг. Удалгүй мөн Самбо бөхийн улсын шигшээ багийн дасгалжуулагч, 1971 оноос Жудо бөхийн шигшээ багийг байгуулсан байдаг. Мөн 1980-аад оны дундуур эмэгтэй тамирчдыг гарган ирж байлаа. Аав минь энэ салбарт өөрийнхөө бүхий л амьдралыг зориулж иржээ. Би маш их бахархдаг даа.
-Удахгүй олимп эхэлнэ. Таныхаар энэ жилийн олимпийн өнгө ямар байна вэ?
-“Рио 2016” наадамд оролцох манай жудо бөхийн шигшээ багийг Ардын багш О.Балжинням удирдаж байна. Сүүлийн дөрвөн жил гаруй нэг циклээс нөгөө цикл рүү дамжин бэлтгэлээ хийлээ. Түүхэндээ анх удаа манай төрлөөс 13 эрхтэй оролцож байна. Олон тамирчин орж байгаа учраас бэлтгэлд илүү хүч, санхүү зарцуулж оролцох нь чухал юм. Тиймээс Монголын Жудо бөхийн холбооны зүгээс тамирчдын бэлтгэл сургуулилт эрүүл мэнд зэрэгт маш их хөрөнгө санхүү зарцуулсан дөрвөн жил өнгөрч байна. Үүний үр дүнг одоо харах л үлдлээ. Бид медаль авна гэдэгтэй итгэлтэй байгаа. Манай шигшээ багийн тамирчдад урам зориг хайрлаж, цамцных нь захыг мушгиж суудаг ард түмнийхээ итгэлийг алдахгүй л гэж бодож байна.
-Уламжлал болсон “Чингис хаан” Гранпри тэмцээн удахгүй болох гэж байна. Энэ жилийнх ямар онцлогтой болох вэ?
-Бид ирэх сарын 1-3-ны хооронд тэмцээнээ зохион байгуулахаар ажиллаж байна. 100 мянган ам.долларын шагналын сантай энэхүү тэмцээнд 50 гаруй орны тамирчин, шүүгчид оролцохоор боллоо. Дэлхийн 187 оронд шууд дамжуулахаар болсон. Олимпийн өмнө болж байгаа дэлхийн чансааны оноо, 2020 оны олимпийн оноо олгох чухал хариуцлагатай тэмцээн юм. Манай улсаас нэг жинд таван тамирчин буюу 56 тамирчин оролцохоор бэлтгэлээ базааж байна.
- Монголын жүдо бөхийн холбооноос залуу үе, залгамж халаагаа бэлдэж гаргах тал дээр хэр анхаарч ажиллаж байна вэ?
-Энэ тал дээр бид анхаарч байгаа. Анхаарсаар ч ирсэн. Өмнө нь цөөн тооны тамирчдынхаа амжилтад тулгуурлаж, тэднийгээ л дэмждэг байсан бол энэ жилээс залуу тамирчдыг дэмжих, улмаар дэлхийн тавцанд нэрийг нь гаргах тал дээр илүүтэй анхаарч байна. Өөрөөр хэлбэл Монголын жүдо бөхийн холбооноос 2020 он хүртэл залуу тамирчид төрүүлэх тал дээр түлхүү анхаарч ажиллах болно.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин