Б.БАРС

Элла Мариа Лани Елич-О’Коннор гэх цээжлэхэд бэрх урт бүтэн нэртэй Шинэ-Зеландаас гаралтай дуучин бүсгүй арван долоохон настай. Тэрээр тайзны Лорде нэрээр ердөө 4.5 сая хүн амтай төрөлх эх орныхоо нэрийг дэлхий даяар цуурайтуулж буй. Шинэ-Зеландын Такапуна сууринд 1996 оны арваннэгдүгээр сарын 7-нд мэндэлсэн тэрээр Окланд мужийн Девонпорт хотод багаасаа амьдарчээ. Дууныхаа үг, аяыг өөрөө зохиодог Лорде “Royals” нэртэй анхны сингл нь өнгөрсөн оны гуравдугаар сард гарангуутаа дэлхийг байлдан дагуулж хит болсон юм. АНУ-ын “Billboard”сэтгүүлийн чаартыг сүүлийн 25 жил ийм залуу дуучин тэргүүлж байсангүй. Лорде “Грэмми”шагналд дөрвөн номинацид нэр дэвшин хоёрыг нь хүртээд буй нэгэн. “Rolling Stone”сэтгүүлд нийтлэгдсэн түүний ярилцлагыг хүргэе.

-Таны “Royals” дуу дэлхийн хөгжмийн ертөнцөд жинхэнэ дуулиан тарьсан. Чамин машин, үнэт эдлэлд шунасан рэперүүдийг дооглон ёжилсон энэ дуу алдарт Кэти Перри, Майли Сайрус нарын синглийн урд гишгэн “Billboard”-ын чаартыг тэргүүлсэн?

-Энэ дуугаа би нийгмийн асуудлыг хөндсөн мундаг бүтээл гэж хэлэхгүй. “Royals”-ийг зохиож байхдаа би харин ч ямар ч утгагүй тэнэг дуу зохиож байна даа гэж үе үе боддог байсан шүү. Би ч хар багын л ёжтой нэгэн л дээ. Хэмжээ нь таарсан ёжлол л дуунд минь олны анхаарлыг хандуулсан биз ээ.

-Танд тэнэг асуулт гэж санагдаж магадгүй. Гэхдээ л та өөрийгөө арван долоон настай гэдгээ хэр мэдэрдэг бол?

-Ярилцлага авсан сэтгүүлч бүр л энэ асуултыг тавих юм. Уучлаарай, миний хувьд энэ асуулт улиг болж яршигтай санагдах болсон шүү. Гэхдээ нэгэнт байцаагдаж байгаа хүн хариулья даа. Тиймээ. Би өөрийгөө арван долоон настай гэдгээ мэдэрдэг. Ямар одоо хэр эхийн хэвлийдээ байна гэж боддог гэлтэй биш. Хүмүүс ер нь надад нэлээд захирангуй, хүүхэдтэй харьцаж байгаа юм шиг хандах нь элбэг юм. Гэтэл би хэдийнэ бие дааж шийдвэр гаргахтайгаа болсон хүн.

-“Royals”-ийг зохиож байх үедээ ямар дуу сонсч байсан бэ?

-Бөөн хип-хоп дуу л сонссон. Тэдгээр дуунуудад миний болон найз нарын минь амьдралтай холбоотой нэг ч үг байгаагүйд их гайхаж билээ. Харин би найз нартайгаа үе үе содон нийллэгт оролцоод шөнө дөлөөр гэр гэртээ явган харьдаг байлаа. Энэ тухай яагаад нэг ч дуу байдаггүй юм бол оо гэж бодсон доо.

-“Team” дуундаа та мөн л хип-хоп соёлыг дайрсан байна лээ. Хип-хопыг тэгтлээ үзэн яддаг хэрэг үү?

-Миний нэг хэсэг энэ хачин хип-хоп гээч үзэгдлийг үнэхээр тэвчдэггүй. Гэхдээ нөгөө талаас нь авч үзвэл хип-хоп хөгжилтэй ч юм шиг. Жишээ нь Канье твиттертэй болоод, “Амьд цэцэгтэй перс хивс хаанаас авч болох вэ” гээд л хачин хачин асуулт тавиад л. Инээдтэй.

-Таны твиттерээр ороход ч сонирхолтой юм билээ. Хэд хоногийн өмнө та, “Батганууд аа, одоо гарч ирэх цаг огт биш шүү” гэсэн байна лээ. Нууц биш бол, юу болсон юм бэ?

-Батганууд л нүүрээр гараад ирэхгүй юу. Гэтэл би Нью-Йорк руу цуврал гэрэл зураг авахуулахаар явах гэж байсан юм. Гай газар дороос гэж л тэр байх.

-Дуу тань хит болсны дараа олон алдартай продюсер таныг булаалдах болсон?

-Интернетийн “Википеди” нэвтэрхий тольноос л намтрыг нь уншин бахархдаг байсан алдартнууд одоо надтай үдийн зоог хамт барихыг урьдаг болно гэж мөрөөдөж явсангүй дээ. Гэхдээ зоогийн үеэр тэдний зарим нь надад гомдсон юм шиг санагдсан.

-Яагаад тэр вэ?

-Хэлнээсээ л болоод тэр. Би хааяа хүнийг гомдоочихоор юм хамаагүй ярьчихдаг моньд л доо.

-Хэлнээсээ гэснээс та нэгэн ярилцлагадаа дуучин Селена Гомес, Бритни Спирс нарыг муу дуучид гээд нэлээд шүүмжилсэн нь бий?  

-Харин тийм ээ. Хэлж ярихаа хянаж байх нь зөв гэдгийг ойлгосон. Гэхдээ би үнэнийг хэллээ гээд харамсдаггүй шүү.

-Тайзан дээр дотуур хувцастайгаа гарч ирэн үзэгчдийг татдаг явдалд та дургүй юм шиг байна лээ?

-Хүн бүр л тэгэх юм. Уг нь би тайзан дээр секси харагдах явдлыг ерөөсөө буруу гэж хэлээгүй юмсан. Энэ чинь шоу-бизнес шүү дээ. Хагас нүцгэнээр бүжиглэх нь тухайн дуучны нэр хүндийг өсгөх нь бий. Гэхдээ надад тэгэх шаардлага байхгүй.

-Таныг хөөрхөн нялх од гэж цоллодог болсонд яаж ханддаг вэ?

-Тэгж хэлүүлэх би үнэхээр дургүй. Бүр огидос хүрмээр болдог. Сэтгэл дотроо би өөрийгөө поп-гүнж гэж төсөөлдөг. Поп хөгжмийн хууль тодорхой шүү дээ. Дуу чинь аль болох олон хүнд таалагдвал амжилтад хүрдэг. Мэдээж тухайн уран бүтээлч өөрийнхөө зүрх сэтгэлд лугшсан бүхнээ гаргаж болно л доо. Гэхдээ нийтэд ойлгомжтой байхаа огоорч болохгүй. Миний хувьд яагаад ч юм энэ хуулиас арай өөр жимээр явж нэр алдарт хүрчих шиг боллоо.

-Лордег гэнэт гялалзсан шиг ээ хурдан унтрах од гэж үзэгсдэд юу гэж хэлэх вэ?

-Миний тухай хэн юу гэж хэлэх нь чухал биш. Би өөрийгөө мэднэ. Би хөгжмийн ертөнцөд удаан оршихоор гарч ирсэн уран бүтээлч. Тэрнээс биш би ганц дуугаар алдаршаад унтардаг одонцор биш. Үүнийгээ хэдийнэ нотолчихсон гэж боддог шүү.

-Таныг мөн “Бөгжний эзэн” киноны бүлцгэр нүдтэй муухай царайт амьтантай зүйрлэсэн нь интернетээр нэг тарсан. Үүнд эмзэглэсэн үү?

-Огтхон ч үгүй. Харин ихээр хурцлагдсан байж болох юм. Эерэгээр ч, сөргөөр ч нэр минь түгж л байг. Амжилтад минь дэм болно уу гэхээс гай болохгүй нь лав.

-Эцэст нь ойрын төлөвлөгөөг тань сонирхоё?

-Шинэ цомог дээрээ ажиллаж байна. Мөн дэлхийгээр айлчлан тоглох төлөвлөгөөтэй. Гэхдээ бүх төлөвлөгөөгөө дэлгэмээргүй байна. Яагаад гэдгийг та ойлгох биз. Хүн гэдэг нууцлаг бүхэнд татагддаг шүү дээ. /инээв/