Ч.Гантулга
“Говийн зэрэглээ” киноны Арслангийн дүрээр үзэгчдийн сэтгэлд мөнх үлдсэн жүжигчин, найруулагч агсан Г.Доржсамбуугийн 65 насны тэгш ой энэ жил тохиож байна. Түүний залгамж халаа болсон шавь нар нь багшийнхаа найруулсан “Нора” жүжгийг дахин тавьж байгаа. Жүжгийн сургуулилтын үеэр түүний шавь Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Ч.Ганхуягтай ярилцлаа.
-Театр гэх ариун сүмд таньтай ярилцаж байгаа учраас шинэхэн уран бүтээлийн тань тухай асуултаар ярилцлагаа эхэлье гэж бодлоо?
-Сайн байна уу. Танай сонины уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Яг одоо “Нора” жүжгийн бэлтгэлтэй байна. Багшийнхаа тэгш насны ойг тохиолдуулан уран бүтээлээс нь дээжлэн хүргэхээр бэлдэж байгаа минь энэ.
-Жүжиг хэзээ үзэгчдийн хүртээл болох вэ?
-Бид өдөр бүр бэлтгэлтэй байгаа. Жүжиг ирэх сарын 22-нд үзэгчдэд хүрнэ. Драмын театрын уран бүтээлчид чин сэтгэлээсээ туслаж байна. Мөн багшийг минь хүндэлж, хайрладаг уран бүтээлийн андууд, шавь нар нь бүгд оролцож байгаа. Тэдгээр хүмүүст баярлалаа гэж хэлье.
-Та жүжгийг шинэчлэн найруулж байгаа юу. Эсвэл багшийнхаа тавьснаар тавих юм уу?
-Багш яаж тавьсан түүнээс гажуулахгүй тавина. Театраас надад ийм үүрэг өгсөн. Жүжгийг хэрхэн өөрийн болгож, хүмүүст бүтээлээрээ юу хэлэх гэсэн тэр бүхнийг нь дахин үзэгчдэд ойлгуулахыг хүсч байна. Түүнээс өөрийнхөө үзэл санааг тусгаж, өөрчлөөгүй. Жүжиг маань тайз, жижиг хэрэглэл, жүжигчдийн хувьд өөрчлөгдсөн байгаа. Түүнээс тавилт, хэлэх гэсэн санаа нь хэвээрээ.
-Жүжгээс гадна багшийнхаа дурсгалд зориулж юу хийхээр төлөвлөв?
-Манай анги чинь багшийн анхны дааж төгсгөсөн анги нь. Биднээс дөрвөн гавьяат төрсөн. Саяхан энгэрээ цоолсон хошин урлагийн С.Лхагвасүрэн, урлагийн гавьяат зүтгэлтэн, Драмын театрын дарга Д.Цэрэнсамбуу, Пүрэвдорж, тэгээд миний бие байгаа юм. Мөн Хүүхэлдэйн театрын Б.Батжаргал, хошин урлагийн Ааяа гээд сайхан жүжигчдийг ард түмэн андахгүй байх. Бид багшийнхаа хүчинд өдий зэрэгтэй уран бүтээлч явна. Тэгэхээр энэ жил багшдаа зориулж олон ажил хийхээр төлөвлөөд, ярилцаж байна. Гэхдээ одоо задлахад арай эрт байна.
-Оюутан насаа дурсаач?
-Би 1981 онд Багшийн дээдэд оюутан болж байлаа. Багш маань намайг өөрөө шалгаж авсан юм. Дөрвөн жилийн турш багшдаа загнуулж, зэмлүүлж, магтуулж явсан. Одоо бодоход амьдралын минь хамгийн үнэтэй, эрхэм мөч юм уу даа. Тэр мундаг хүний шавь болсон минь ховорхон хувь заяа гэж боддог. Одоо ч энэ мэргэжлээрээ хоолоо олж идэж байна. Багш минь намайг буруу харж сонгоогүй юм билээ.
-Анх багшийгаа харахад ямар байсан бэ. Хүн бүхний хайрлаж, хүндэлдэг жүжигчин болчихсон байсан шүү дээ?
-Биднийг оюутан болж байхад “Говийн зэрэглээ” киноны Арслангаараа алдартай байсан. Хүн бүхэн таньдаг, хүндэлдэг, хайрладаг байлаа. Би тэр үед үнэхээр баярлаж байсан. Багш маань хүнтэй харьцаж, ярьж, харж байгаа нь хүртэл сүртэй шүү. Анх сүрдэж, айдаг байсан. Гэхдээ хамгийн сайхан чанар нь ихийг их, багыг бага гэдэггүй хэнтэй ч эрх тэгш харьцдаг байсан юм. Даргыг дарга гэдэггүй. Хуц хулгайчаа гэсэн бол тэр үгэндээ бат зогсдог байсан. Хэний ч өмнө үзэл бодлоо хэлчихдэг, шударга хүн байсан. Энэ чанар нь амьдралын минь хамгийн том сургууль болсон гэж боддог юм.
-Тэгэхээр хэнээс ч айхгүй хэлье гэснээ хэлчихдэг шударга занг багшаас өвлөсөн байх нь. Хааяа энэ зан тань уран бүтээлд муугаар нөлөөлөх үе гардаг уу?
-Муугаар гэхээсээ илүү сайнаар нөлөөлөх нь олон байдаг. Би хэлье гэснээ шууд хэлдэг, дургүй хүрээд байвал хэнтэй ч гар зөрүүлчихэж чадахаар хүн. Нөгөө хүнийг ялгаж харьцаж болохгүй гэсэн багшийн сургааль, үзэл бодлын минь илрэл байх. Багш “Чи хүн л юм бол хүнтэй хүн шиг харьцаж сур, уран бүтээлч болох гэж байгаа бол эхлээд хүн болж төлөвш” гэж сургадаг байсан. Би тэр захиасыг нь насан туршдаа санаж, амьдралдаа хэрэгжүүлж явахыг хүсдэг юм.
-Г.Доржсамбуу агсныг хүнийг татах увдистай байсан гэж уран бүтээлч нөхөд нь дурсаж, ярьсан байдаг юм билээ?
-Ямар ч хулгайч, архичин, луйварчин бай миний багшийн өмнө номхон хонь шиг болчихдог байсан. Яагаад гэвэл хэнээс ч айж ичдэггүй, өөрийнхөөрөө зан нь тэгтлээ хүнийг татдаг байж. Магадгүй архичин хүнтэй энэ муу архичин гэж хандвал тэр хүн архичин ухамсараараа л хандана шүү дээ. Багш минь үүнийг мэддэг байж. Энэ бол тэр хүний хамгийн сайхан чанар юм шүү. Хүнийг өөртөө татах, тэдэнд итгэх итгэл хувь хүнийх нь мөн чанарт, цусанд нь шингээстэй байсан байх.
-Та ямар шавь байв. Хэр зэмлүүлдэг байсан бэ?
-Загнуулахгүйгээр, багшаасаа үг сонсохгүйгээр уран бүтээлч болсон гэвэл түүн шиг худал зүйл үгүй. Багшдаа зэмлүүлнэ, уурыг нь хүргэнэ, зовооно тэгж байж найруулагч болсон. Би ангиасаа ганцаараа найруулагчаар төгссөн шүү дээ. Манай анги 24 хүүхэдтэй байснаас намайг л ганцхан найруулагчаар төгсгөсөн юм. Надад хэлдэг байсан цорын ганц үг нь “Хүнээрээ байгаарай”. Энэ нь мөн чанараа битгий алдаарай гэсэн утгатай юм. Ер нь уран бүтээлч, найруулагч хүний баримтлах хамгийн эрхэм үүрэг энэ юм шүү. Ах нь насаараа найруулагч хийгээд үүнийг өөрийн бие, яс махаараа мэдэрч байна.
-Тэр олон хүүхдээс яагаад зөвхөн таныг найруулагч болгохоор шийдсэн юм бол. Танд энэ тухайгаа хэлж байв уу?
-Өөрөө жүжигчин, найруулагч хүн учраас шавь нарынхаа хэн нь жүжигчин, найруулагч болох вэ гэдгийг харсан байх. Гэхдээ би тийм амархан найруулагч болчихоогүй. Багшийгаа их зовоосон. Хааяа хичээлээ таслаад алга болчихно, бага залуу байсан учраас архи дарс эргүүлнэ. Тэр бүхэнд багш минь миний араас чин сэтгэлээсээ явдаг байсан. Намайг алга болчихоор чихдэж аваачаад найруулагчийн багт хийчихдэг байсан юм. Сүүлдээ хичээлдээ дарагдаад ирэхээр яах ч аргагүй сурахаас өөр сонголтгүй болдог юм билээ.
-Хүмүүс багшийг тань мундаг жүжигчин, найруулагч гэж мэддэг. Харин хувь хүнийхээ хувьд ямар хүн байв?
-Хошин шогийн нарийн мэдрэмжтэй, наргианч хүн байсан. Бидэнтэй илэн далангүй ярилцдаг, тэвчээртэй, гэхдээ өндөр шалгуур тавьдаг. Тэр хэрээрээ хариуцлага өндөртэй байхыг шаарддаг байлаа. Харахад ширүүн юм шиг боловч дотоод сэтгэл нь уян зөөлөн хүн байсан юм. Нөхөрлөлдөө их үнэнч. Харин тэр сайхан зан чанар, итгэлийг нь даах, ойлгох хүн ховор байсан байж магад.
-Багшийн тань бүтээсэн дүрүүд одоог хүртэл үзэгчдийн сэтгэлд мөнх байдгийн нууц нь юу юм бол?
-Одооны уран бүтээлчдийг харахад миний багш шиг найруулагч, сурган хүмүүжүүлэгч, соён гэгээрүүлэгч алга байна. Багшийн минь дэлгэцэнд бүтээсэн дүрийг давтах, түүнээс илүү тоглох уран бүтээлч гарч ирээгүй байна. Үнэхээр байгалиас заяасан авьяас гэж түүнийг хэлэх байх. Зөвхөн уран бүтээлч байхаар төрсөн хүн шүү дээ. Мөн жижигхэн дүрийг амилуулж чаддаг, туслах дүрээр тэр киногоо чимж чаддаг нь хөдөлмөр, сэтгэлийнх нь хүч байх.
-Үнэхээр уран бүтээлч хүнд байх бүх зан чанар, чадал авьяас цогцолсон хүн байжээ. Харин тэр сайхан чанаруудаас шавь нар нь юу сурч, өвлөсөн бэ?
-Манай ангийнхан бүгдээрээ уран бүтээлийн олз омог арвин яваа. Энэ багшийн минь буян. Тэр хүний хэлж, захидаг байсан сургаалийг амьдралдаа хэрэгжүүлж явдаг байх. Миний хувьд ч ялгаагүй багшийнхаа олон сайхан зан чанарыг бодож, сэтгэж, дотроо тээж явдаг юм. Түүнээс хамгийн чухал нь “Хүн хүнээрээ байгаарай” гэж хэлснийг нь хэзээ ч мартаж үзээгүй. Хойч ирээдүй болсон, уран бүтээлч хүүхдүүдэд ч энэ үгийг л хэлэх дуртай.Багш минь намайг энэ үгээрээ хүн болгосон юм даа.
-Та одоо гэр бүлийнхэнтэй нь хэр дотно байдаг вэ?
-Үргэлж орж, гарч чаддаггүй ч аль болох ойрхон байхыг хичээдэг юм. Би багшийнхаа гэргийг хайрлаж, хүндэлж явдаг. Тухайн үедээ гайхалтай уран бүтээлч байсан. 90-ээд оны үед Хүүхэд залуучуудын театрын гоц жүжигчин байлаа. Драмын театрын уран бүтээлчдийг айлгадаг, цахиур хагалсан бүсгүй байсан юм.
-Анх ханийгаа өнгөрсний дараа унтлагын өрөөндөө орж чадахгүй үүдний өрөөндөө унтдаг байсан гэж сонсож байсан?
-Тэр агуу хүний нөмөр нөөлөг дэндүү үнэтэй байсан нь тодорхой. Нөхрөө алдсан бүсгүй хүн ямар олиг байхав. Сэтгэл санааны хувьд хүнд цохилтод орсон. Гэхдээ багшид минь хойч ирээдүй болсон хоёр сайхан хүү төрүүлж өгсөн буянтан шүү дээ. Одоо хүүхдүүд нь сайхан явна. Уран бүтээлээ хийж байна.
-Хөвгүүд нь таньтай ямар холбоотой байдаг вэ. Уран бүтээлийн тухай ярилцдаг уу?
-Хоёулаа телевизийн найруулагч хийдэг. Одоо уран бүтээл нь тэгшрээд сайхан явж байна. Би багшийнхаа хоёр хүүг хараад бахархдаг ч гомддог нэг зүйл бий.
-Юу юм бэ?
-Миний багшийн шийрийг хатаагаад нэг нь ч болтугай театрын найруулагч болохгүй гэж бодогддог юм. Даанч тэгсэнгүй. Хоёулаа хэдий сайхан явж байгаа ч драмын төрлөөр уран бүтээл хийгээгүй. Боломж олдвол жүжиг тавиасай гэж хүсдэг.
-Та санал тавиад хамтарч тайзны бүтээл хийж болохгүй юм уу?
-Боломж нь тун бага юм. Хоёрдугаарт найруулагч гэдэг чинь өөрөө хэний ч хараат бус агуу том ертөнц шүү дээ. Хэдий миний багшийн хоёр хүү, би багшийнхаа хайртай шавь нь байсан ч үзэл бодлын хувьд нийцэж нэг бүтээл хийнэ гэдэг хэцүү. Тиймээс зүгээр л уран бүтээл нь сайн байгаасай гэж ерөөж сууна.
-Найруулагчийг хамгийн хүнд мэргэжил гэж дүгнэдэг. Таны хувьд шантраад, болимоор санагдах үе тохиолдож байв уу?
-Би яагаад ч юм шантарч үзээгүй. Өөрийн хүсэл сонирхол байсан учраас шантарч байна гэж бодох зав ч олдоогүй байж магад. Шантраагүй учраас ангиасаа ганцаараа найруулагчаар төгссөн байх. Манай ангид энэ мэргэжлээр явах сонирхолтой хүүхдүүд байсан ч замынхаа дундаас буцсан. Та хамгийн хүнд мэргэжил гэж хэллээ. Гэхдээ бас хамгийн сайхан гэж тодотгох хэрэгтэй юм шүү. Хүмүүсийн сэтгэлийг ариусгаж, ухаарлыг бэлэглэдэг учраас энэ мэргэжилдээ дэндүү хайртай.
-Та өнөөдрийн драмын урлагийг хэр хөгжиж байна гэж дүгнэдэг вэ?
-Одоо бүх зүйл нээлттэй, сайхан болсон үе. Хүссэн бүх мэдээллээ ядах юмгүй олоод уншчихдаг болж. Дэлхийн суут зохиолчдын бүтээлийг эх хэл дээрээ уншиж байна. Үүнээс илүү сайхан зүйл гэж юу байхав. Мөн авьяастай, драмын төрлөөр уран бүтээл хийх сонирхолтой залуу олон байна. Өшөө илүү хөдөлмөрлөөд, мэрийгээд өгвөл амжилт ойрхон байна гэж бодогдох юм.
-Та бага залуудаа нэлээд хөдөлгөөнтэй, болж бүтэхгүй хүмүүстэй нөхөрлөдөг байсан гэж ярьсан. Эцэст нь урлаг таныг хүмүүжүүлэв үү?
-Урлаг багш хоёр намайг хүмүүжүүлсэн юм шүү. Болж бүтэхгүй хүмүүстэй нийлж, амьдралаа үрж явсан үе бий. Архангайн театраас хөөгдөж хүртэл үзсэн хүн.
-Яагаад театраасаа хөөгдчихсөн юм бэ?
-Аймгийн намын хорооны дарга нартай таарамж муутай байсан юм. Тэгээд шалтаг гаргаад хөөчихгүй юу. Харин Дундговийнхоо театрт очоод ажил, амьдрал маань эрс өөрчлөгдсөн. Ханьтайгаа танилцаж, үр хүүхэдтэй болсон. Энэ үеэс л амьдрал минь цэгцэрсэн гэж боддог юм. Одоо сайхан амьдарч байна. Бас хувийн театр байгуулаад ажиллаж байлаа. Эргээд бодоход алдаа, оноотой ч амьдралын том шалгуурууд тэр дунд байсан юм шиг санагддаг.
-Таныг жүжигчидтэйгээ харьцаж байхыг харсан. Зарим найруулагч нар нэлээд ширүүн байдаг. Өөрөө харьцангуй зөөлөн юм шиг санагдлаа?
-Залуу байхад омголон байжээ. Уурлах, бухимдал асуудал бишгүй гардаг байсан. Гэхдээ найруулагч бүхнийг ууртай, муухай ааштай хүмүүс гэж ойлгож болохгүй. Хийж байгаа ажил нь өөрөө хүнд учраас стрессдэх нь ойлгомжтой. Тэгээд ч урлаг хатуу байдаг шүү дээ.