Б.ТҮШИГ

Англи-ОХУ-1:1

Марсель хот. Зургадугаар сарын 11. “Велодром” цэнгэлдэх хүрээлэн. 62 343 үзэгч.

Гоолууд: Дайер, 73 – 1:0. В.Березуцкий, 90+2 – 1:1.

Англи: Харт, Вокер, Смоллинг, Кэхилл, Роуз, Лаллана, Дайер, Руни (ахлагч) (Вилшир, 78), Алли, Стерлинг (Милнер, 87), Кейн.

Ерөнхий дасгалжуулагч – Рой Хожсон.

ОХУ: Акинфеев, Смольников, В.Березуцкий (ахлагч), Игнашевич, Щенников, Нойштедтер (Глушаков, 80), Головин (Широков, 77), Шатов, Кокорин, Дзюба, Смолов (Мамаев, 85).

Ерөнхий дасгалжуулагч – Леонид Слуцкий.

Хөлбөмбөгийн хорхойтнуудын урьдчилсан таамагласан байсны дагуу тоглолтын эхний үед “Евро 2016”-гийн хамгийн залуу баг санаачлагыг гартаа аван довтолж, харин оросууд хамгаалалтдаа гол анхаарлаа төвлөрүүлж байв. ОХУ-ын хамгаалалт үнэхээр сайн байсан бөгөөд нэн ялангуяа төвийн шугаманд үндсэндээ алдаа гаргаагүй.  ОХУ-ын довтолгооны үзүүрт Дзюба цор ганцаараа зүтгэсэн юм.

Харин хоёрдугаар үед оросууд гэнэт идэвхжиж хэд хэдэн осолтой довтолгоо хийж чадсан бөгөөд Английн давамгайлал тэгтлээ илэрхий байхаа больсон билээ. Хэдий тийм ч англиуд өрсөлдөгчийнхөө хаалганд цөөнгүй аюултай довтолсон ч ОХУ-ын хаалгач Акинфеев үнэхээр найдвартай тоглож байлаа. Тэрээр ялангуяа Рунигийн маш ойрхноос цохисон бөмбөгийг гайхалтай хааж чадсан юм.

Гэвч болох ёстой юм болдгоороо болж, 73 дахь минутанд минутанд Дайер ханатай торгуулийн цохилтоос Акинфеевийн хаалгыг мялаасан даа. Тэрээр хаалгачийн хөдөлгөөнийг гярхай мэдрэн алсын бус ойрын буланд бөмбөгийг шигтгэсэн. Үүний дараа оросууд довтлохоос өөр яах билээ. Дасгалжуулагч Слуцкий талбайд Широков, Глушаков, Мамаев нарыг сэлгээгээр гаргасан ч довтолгоо нь ер болж өгөхгүй байлаа.

Тоглолтын үндсэн цаг өндөрлөж шүүгчийн нэмсэн гурван минут эхлэхэд Англи ялах нь бараг л тодорхой болсон мэт байв. Гэтэл гэнэт гайхамшиг тохиож, зодог тайлах дөхөж буй ОХУ-ын “хал цэрэг” В.Березуцкийн мөргөсөн бөмбөг Хартын хаалганы алсын булан руу ороод явчихав. Гоол!

Ийнхүү хожилдоо итгээд байсан Англи цочирдож, ОХУ хожигдлоос мултран маш чухал нэг оноог зулгаан авч чадсан юм.

Эх сурвалж: www.polit.mn