Ч.ГАНТУЛГА
Гэгээн хайрын өдрийг тохиолдуулан мисс, загвар өмсөгч Б.Бадамцэцэгийг дугаарын зочноор урилаа. Түүнтэй зөвхөн хайрын тухай ярилцсан юм.
-Хайрын өдрийн мэнд хүргэе?
-Баярлалаа. Танай сониноор дамжуулаад Монголынхоо бүх хосуудад гэгээн Валентины өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийг хайрттайгаа хамт хэзээ ч мартагдахааргүй, дурсамж дүүрэн тэмдэглээрэй гэж хүсье.
-Өөрт чинь ч гэсэн энэ ерөөлийг тавимаар байна. Мэдээж өнөөдрийг гайхалтай өнгөрүүлэхээр төлөвлөсөн байх?
-Миний хувьд их чухал өдөр. Хайрттайгаа хамт энэ өдрийг тэмдэглэнэ. Валентины өдрийг тэсэн ядан хүлээсэн шүү.
-Тэгэхээр их бэлдсэн нь тодорхой. Нууц биш бол найз залуугаа яаж баярлуулах вэ?
-Нууц /инээв/. Өнөөдөр гэнэтийн бэлэг баринаа. Гэхдээ одоо задлахыг хүсэхгүй байна. Өөрийнхөө сэтгэл зүрхийг шингээсэн, гараараа хийсэн зүйлээр бэлэг барина. Гэхдээ бэлэгнээс илүү чухал нь сэтгэл байх л даа. Энэ өдөр дурлалт хосууд нэг нэгэндээ сэтгэлээ нээж, ярилцвал хамгийн сайхан бэлэг тэр болох байх. Би ч гэсэн үүнийг л хүсч байна.
-Гэхдээ найз залуу чинь чамд зориулж ямар бэлэг бэлдсэн бол. Хайртаасаа хамгийн сайхан бэлэг хүсдэггүй бүсгүй гэж байдаггүй байх тиймүү?
-Үнэхээр чин сэтгэл нь шингэсэн бол юу ч өгсөн баярлана. Мэдээж тэр бэлэг дурсамж болоод үлдэх учраас харах бүртээ энэ сайхан өдрийг санах байх. Үнэндээ өнөөдөр миний сэтгэл догдолж байна. Хайрттайгаа тэмдэглэх хамгийн анхны Валентин. Бидний хувьд үнэтэй өдөр шүү дээ.
-Валентины тухай санаанаас гардаггүй, хөгжилтэй дурсамж бий юу?
-10 жилд байхад манай сургуульд нэг хатуу багш байдаг байсан юм. Яг Валентины өдөр тэр багшийн хичээл дээр манай ангийн үүдээр нөгөө ангийн хүүхэд дөрвөлжин дугтуйтай захидал шидчихээд гүйчихсэн. Манай ангийнхан инээлдээд, багшаа үзье, үзье гэсэн боловч багш хэнд нь ч өгөлгүй байж байгаад хичээл тарахын өмнө миний ширээн дээр тавьчихаад гарсан юм. Тэр дурсамж хэзээ ч санаанаас гардаггүй.
-Хэнээс ирсэн захиа байсан бэ. Хариуг нь бичсэн үү?
-Манай нөгөө ангийн хөвгүүнээс ирсэн юм. Тухайн үедээ ангийнхнаасаа ичээд, бөөн юм болж байсан. Захиа өгсөн хөвгүүнтэй таарахаар нүүр улайгаад, сандардаг байсан. Одоо эргээд бодоход сайхан санагддаг юм. Хүүхэд насны минь гэгээн дурсамж болоод үлдэж.
-Та найз залуутай болсноо анх фэйсбүүкээрээ зарласан. Тэр залууд мянга мянган залуу атаархаж байгаа байх. Харин Б.Бадамцэцэгийн сэтгэлийг юу нь тэгтлээ татсан нь сонин байна?
-Миний сэтгэлийг татах сайхан чанар тэр хүнд олон бий. Намайг ойлгодог, хайрладаг, хүндэлдэг гээд тоочвол дуусахгүй. Түүнээс хамгийн сайхан нь хамт байхад түшигтэй. Бид хамт байхдаа аз жаргалтай, тайван байж чаддаг. Нэг нэгнийгээ мэдэрдэг. Амьдралд, хайранд энэ л чухал болов уу.
-Магадгүй өөрийн тань хүлээж байсан залуу мөн болов уу?
-Үгээр хэлэхийн аргагүй жаргалтай байгаагаа л мэдэрч байна. Амьдралд зөв ханддаг, ухаантай хүн гэж үнэлдэг шүү. Бид залуу байна, амьдрал дөнгөж эхэлж байна. Урдаа таарсан саад бүхнийг даваад гарах сэтгэл бидэнд бий. Үүний төлөө хоёулаа эхлүүлсэн хайраа хүндлэх болно гэж ярьдаг юм.
-Охид бүгдээрээ багадаа ханхүү эсвэл аав шигээ хүнийг мөрөөддөг шүү дээ. Тэр хэрээрээ шалгуур нь өндөр болдог байх. Таны хувьд?
-Эрчүүдийг шалгуур гэхээс илүү хүн чанартай байгаасай гэж хүсдэг. Айл гэрийн ноён нуруу, сайн аав, халамжит хань байхын тулд зөөлөн сэтгэл хэрэгтэй болов уу. Би шалгуур тавина гэж ярих дургүй. Залуус маань ухамсартай болсон шүү дээ. Амьдралаа хэрхэн авч явах, яавал аз жаргалтай амьдрал босгох вэ гэдгээ мэддэг болсон үе. Бүгд мэргэжил, боловсролдоо анхаарч байна. Тэгээд ч хүмүүс зүрх сэтгэлээрээ учирдаг. Хайрлах, дурлах хүнээ захиалж болдоггүй байх аа.
-Загварын бүсгүйчүүдийн амьдралыг хүмүүс их сонирхдог. Тиймээс худал, үнэн мэдээллүүд их гардаг юм шиг. Энэ бүхнийг найз залуу чинь яаж хүлээж авдаг вэ?
-Миний тухай олон мэдээлэл гардаг. Эхлээд тэр бүхнийг уншаад сэтгэлээр унаж, шаналдаг байсан. Гэхдээ одоо ойлгодог болсон. Тэр хэрээр өөрийгөө тайтгаруулдаг болсон. Хүмүүс намайг буруугаар бодсон ч хайртай, дотны хүмүүс маань мэддэг, ойлгодог байвал боллоо гэж боддог. Түүнээс би хүн бүхэнд очоод тайлбар хийж чадахгүй шүү дээ. Манай найз залуу намайг мэддэг учраас бидний хооронд үл ойлголцол гардаггүй.
-Хайрын хамгийн чухал эд эс нь итгэл гэж бодож байна. Санал нийлэх үү?
-Би ч бас тэгж боддог. Итгэлгүй эхлүүлсэн амьдрал эцэст нь салалтаар дуусах байх. Бие биедээ итгэж, тэр итгэлийг нь дааж амьдарвал хайр үнэ цэнэтэй байх болов уу. Зөвхөн хайранд ч биш хүний амьдралд итгэл гэдэг хамгийн чухал юм шиг. Бие биенээ хүндэлж, хайрлах халуун дулаан сэтгэл агаар, ус шиг хэрэгтэй.
-Хайрыг цаг ямагт хардалт дагасаар ирсэн. Та ер нь хэр хартай вэ?
-Хүмүүс хайртай бол хартай гэж ярьдаг. Хардах гэсээсээ илүү бие биенээ харамлах гэж ярьвал зөв байх аа. Миний хувьд тэгтлээ хардаад сүйд болдоггүй. Магадгүй энэ нөгөө итгэл шүү дээ. Хамтдаа өнгөрөөж байгаа хором бүхнээ зүгээр л нандигнахыг хүсдэг.
-Тэр нандин хором удахгүй айлын эзэгтэй, алаг үрийн ээж гэсэн эрхэм үүргээр солигдох байх даа?
-Үнэхээр цаг нь болсон бол тэр сайхан амьдралыг эхлүүлэлгүй яахав. Амьдралын аз жаргал, утга учир нь элэг бүтэн гэр бүл байдаг. Бүсгүй хүн бүхэн хайртай хүнтэйгээ гэрлээд, ээж болохыг мөрөөддөг. Тэр гэгээн мөрөөдөл надад ч гэсэн бий. Түүнээс л эмэгтэй хүн болж төрснийхөө сайхныг мэдэрнэ шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа. Энэ өдрийг дурсамжтай өнгөрөөгөөрэй.