Т.БАТСАЙХАН
Улсын драмын эрдмийн театрын жүжигчин М.Түвшинхүүтэй ярилцлаа.
-Сар шинийн өмнөхөн Алтан гадас одон хүртсэн. Одонгоороо “гангарч” сайхан шинэлэв үү?
- Тийм ээ. Энгэртээ зүүсэн тэмдэг маань сэтгэлд илүү гялалзаж байлаа. Өөрийнхөө тухай бодож жаахан бардамнаж, бахархах янзтай байсан. Гэхдээ сэтгэлээ жаахан дарж, цаашид илүү ихийг хийж бүтээх хүсэл тэмүүллээ бадраасан.
Хотоос гарч, нутгийн зүг жолоо залан унаган багын найзуудтайгаа баяраа хуваалцаж амжсан. Нутгийн хайрхандаа очиж золголоо. Энергийн төв, Хамрын хийдээр ороод ирлээ. Модон морин жил миний тухайд сайхан эхэлсэн.
-Алтан гадас одон сэтгэлд тань илүү гялалзаж байна гэсэн. Танд юу бодогдуулав?
- Битүүний урд өдөр дэлгүүр хэсээд явж байтал театраас утасдаж “Өөрт тань Алтан гадас одон өгөхөөр болсон байна” гэж хэлсэн. Би бардам хүлээж авсан. 1996 оноос хойш урлагийн талбарт байлдаж явна. Бусдын л адил. Миний замд алдаа оноо байсан, сурч мэдэх хүсэл тэмүүлэл ч дүүрэн байсан. Тэр бүхнийг би амжилттай даван туулж чадсан учраас урлагийн ариун сүмд амьдарч чадаж байна. Энэ зүтгэлийг минь Монголын төр үнэллээ гэж ойлгосон.
-Шагнал авах болсныг хамгийн түрүүнд facebook хуудаснаас тань харсан. Та цахим ертөнцөд их идэвхитэй байдаг шүү?
-Өөрийнхөөрөө хөтөлж байна. Цахим ертөнцөөр амьдралаа хүүрнэх нь ч хаашаа юм. Үзэл бодол, баяр гунигаа илэрхийлэх өөрийн гэсэн ертөнцтэй байх надад таалагддаг. Театр маань ч интернэт орчинтой болсон. Тоглолтынхоо зав зайгаар энэ ертөнцөөс мэдээлэл авч, мөн хүмүүсийн урмын сайхан үгсийг уншиж суудаг.
-Хөөрөг худалдаж авах гэж байгаагаа мэдээлсэн байсан. Тэр хөөргөө авсан уу. Энэ жил гангарав уу?
-Тийм ээ. Энэ жил нэг сайхан хөөрөгтэй болмоор санагдаад байсан. Тэгээд тархитай хөх манан хөөрөг авсан. Цахимын найзууд минь сайн зөвлөж өгсөн шүү. Үнэхээр барьдаг сайхан эд байсан. Давхар баяр тохиосон энэ жил гангарах бахархах зүйл олон байлаа.
-Тайзан дээр амьдарна гэдэг сайхан хэрэг. Энэ ариун сүмээс авдаг хамгийн сайхан зүйл тань юу юм бэ?
-Би урлагийн хүн болоогүй бол танхай этгээд байх байлаа. Үүнийгээ би хэнээс ч нуудаггүй. Хэнд ч хэлдэг. Миний зан араншин, байгаа байдал минь нэг тиймэрхүү гар шиг хүмүүст бас харагддаг. Их урлаг, театр намайг хүмүүжүүлсэн. Би өнгөрсөн хугацаанд 300 орчим уран бүтээлд тодорхой үүрэг хүлээн ажилласан байна. Мөн Итали, Якут, ОХУ,Казакстан гээд гадны кинонд ч оролцон тоглосон. Удахгүй Хятадын Лю гэдэг найруулагчийн кинонд тоглохоор болсон. Надад энэ амжилт минь хангалттай. Би дажгүй амжилттай яваа гэдгээ мэдэрдэг. Өнөөдөр жүжигчний мэргэжлээр бамбай хийн нэр төрийг олох гэсэн хүн олон байх шиг. Тэдэнд жинхэнэ жүжигчний алдрыг олно гэдэг хэцүү дээ гэдгийг хэлмээр санагддаг. Хүнийг бүх талаас нь шавхдаг юм шүү дээ. Зарим зүйлээ золиосонд гаргана. Ч.Найдандорж багш минь “Та нар энэ мэргэжлийг сонгосон бол ар гэр амьдралаа хойш нь тавь. Энэ мэргэжил ямагт нэгдүгээрт байдаг юм шүү” хэмээн заасан. Энэ үнэн үг.
-Та энэ үнэнийг амьдралаараа харуулсан байх. Би тэгж боддог?
-Ганц бие олон жил явсан гэж үү.
-Тэр ч нэг зүйл нь байх?
-Би одоо ч харуулж яваа гэж боддог шүү дээ. Одоогоор театрын 10 гаруй жүжгийн гол дүрд тоглосон байна. Над шиг өндөр, театрын жүжигчдийн форм эвдсэн хүнд энэ хангалттай тоо. Би одоо 193-тай. Лувсанжамц гээд 191 метр маш өндөр жүжигчин байлаа. Хүмүүс улаан малгайтаар нь мэддэг.
-Таны биеийн өндөр мөрөөдлийн дүртэй тань зөрөлдөж байв уу. Жишээ нь би жаахан намхан байсан бол Ромеод тоглох байлаа гэдэг ч юм уу?
-Тийм зүйл байхгүй. Би өндөр, том биетэй төрсөндөө бардам байдаг. Мэдээж, жүжигчин хүнд мөрөөдлийн дүр гэж байна. Олон ч сайхан дүр надаас зугтаад явсан. Амьдрал чиний төлөө жүжгийн Дарамбалсан гэдэг дүрд үнэхээр шатаж дурлаж явсан. Надад их дөхөм миний дүр төрхөд тохирсон дүр байлаа. Саяхан гэхэд “Дон кихот”-ын Кихот ноёны дүр найдвартай надад ирнэ гэж бодож байлаа. Би энэ дүрд тоглох гэж өөрийгөө маш их бэлдсэн. Хоолоо хүртэл сойж байлаа. 10 гаруй кг хаясан. Гэтэл Б.Жаргалсайханд өгсөн. Гэхдээ үүнд гомдох зүйл байхгүй. Адилхан л уран бүтээлч шүү дээ. Би дараа нь найруулагчаасаа “Яагаад надад өгөөгүй юм бэ” гэж асуусан. Гэтэл “Энэ чиний дүр биш ээ. Чиний ертөнцөөс огт өөр. Уран бүтээлчийнхээ хувьд дурлаж болно. Харин чамд Герцегийн дүр тохирно” гэж хэлсэн. Энэ дүрээрээ ч би оны шилдэг туслах дүрийн шагнал авсан. Ер нь дүр голох биш дүрд тоглох нь л чухал гэдгийг харуулсан даа.
-Голдуу эсрэг дүрд тоглож харагддаг. Энэ нь ч зан ааш, дүр төрхтэй холбоотой байх. Тийм үү?
-Мэдэхгүй юм даа. Найруулагчид надад тийм дүр өгөх гээд байдаг. Хар дүрд тоглоход надад ч дөхөм болжээ. Гарт орно ч гэж арай болохгүй, зүгээр л эсрэг дүр рүү би мэргэжлийн үүднээс жаахан ойртож чадсан гэж боддог. Үзэгчид ч намайг сөргөөр боддог байж мэднэ шүү. “Энэ нэг хулгайч дээрэмчин зодоонч, тэнэг гар” гээд л.
-Танд тийм мэдрэмж төрдөг гэж үү. Гэхдээ үзэгчдийн дүгнэлт буруу л даа?
-Тийм ээ. Уг нь миний дотоод сэтгэл өөр. Нэг сүр бараатай, бүдүүн хадуун дуутай юм шиг атлаа гэнэн цайлган гар даа, би.
-Өөрийг тань их шударга зантай гэдэг. Энэ занд чинь хүмүүс дуртай юу, эсвэл дургүйцэх нь элбэг үү?
-Миний нэг балай зан юм. Хүн гэдэг магтаалд мансуурдаг амьтан болохоор юу гэж дуртай байх вэ. Магтуулж л байвал баярлаад л, наалдаад л. Зөв магтаж болно л доо. Худлаа бялдуучлах, тал засах зан надад байхгүй. Зарим хүн миний сайд аа гэж ирээд л урд нь тодотгол оруулж дарга нарт долигонох юм. Зүгээр Сайд аа гэж болдоггүй л юм байх даа. Миний хамт олон намайг дэндүү сайн мэднэ. Анх театрт ороход бэрх л байлаа. Намайг өлгийдэж авсан Ардын жүжигчин П.Цэрэндагва, урлагийн аав Гавьяат жүжигчин С.Дамдин нар намайг дарж, номхотгож, ташуур өгсний хүчинд хамт олон маань намайг мэддэг, ойлгодог болсон.
-Драмын театрыг өндөр босготой гэж ярьдаг. Таныг жүжигчин болж байх үед бүр ч чанга байсан уу?
-Чанга байх нь байсан. Гэхдээ би мэдрээгүй хүн.Театртаа “Кармен” жүжгийн гол дүрд тоглох урилга аваад ирж байлаа. Б.Баатар найруулагч маань “Нэг дээрэмчин хэрэг болоод байна. Чи ир” гэсэн. Ингэж миний анхны уран бүтээл гол дүрээр эхэлж байлаа. Дараа жил нь шилдэг дүрийн шагнал авч урилгаар театрын жүжигчин болж байлаа. Үүгээрээ бахархаж явдаг. Үндэсний телевизид “Хар” энтертайнмент студи байгуулж, “Арван хором”, “Би чадна”, “Хөхөөгийн паян” гээд л нэвтрүүлэг хийгээд гүйдэг байсан хүн ингэж л театрын хүн болсон юм даа.
-Шантрах, төвөгшөөх үе байсан л байх. Театр, их урлаг таныг юугаараа соронзон мэт татаж байв?
-Хэцүү үе байсан ч гэлээ энэ байшингаас бүр гараад явчихъя гэсэн бодол төрж байсангүй. Тэрхэн зуураа сургуулилтаа орхиод өөртөө чөлөө өгчихмөөр санагддаг байсан. Гэхдээ би бүхнийг даван туулсан. Урлаг гэдэг гайхамшиг. Тайзан дээр амьдрахыг нэг л удаа мэдэрч чадвал түүнээс татгалзаж холдож чаддаггүй. Жүжгийн бэлтгэлийн үеэр маш их ядардаг ч нээлтээ хийгээд үзэгчдийн алга ташилтыг сонсохоор бүх ядаргаа алга болдог. Ийм л гайхамшигтай амьд энергитэй ариун сүм юм. Энэ урлагийн хэцүү, сайхан хоёрыг мэдэрсэн тохиолдолд эндээс бараг явахгүй дээ.
-Ахмад уран бүтээлчид таныг хол явах хүн гэж ярьдаг. Зорилго мөрөөдөл тань юу вэ?
-Би бол цэрэг. Найруулагчид нэг ёсондоо дарга нар юм. Тэд намайг ямар байдлаар ашиглах гэнэ, түүнийг л дагана. Тэдний өгсөн дүрийг хэрхэн гүйцэтгэх нь надад хамгийн чухал. Түүнээс гадна сайхан жүжиг найруулах, гадны уран бүтээлч найзуудаа цуглуулж кино хийх, холливудад очиж кинонд тоглохсон гэж мөрөөддөг. Энэ миний хувийн мөрөөдөл.
-Гэхдээ театрын уран бүтээлээ нэгдүгээрт тавьдаг байх. Тийм үү?
-Миний амьдралд хэзээд театр эрхэм. Сүүлийн үед нэг сонин зүйл ажиглагдаад байна. Зарим хүн энд хүн болж олонд танигдчихаад театраа орхиод гарч байна. Хошин урлаг энэ тэр хөөгөөд явж байна. Тэд театртаа талархаж явах хэрэгтэй. Мөн эндээс авч байгаа мөнгөө голсон уран бүтээлчид байдаг. Тэднийг үзэн яддаг. 46 размерийн гутлаараа очоод амбаардаад авмаар санагддаг. Үнэхээр хэцүү байгаа бол тэр наймаагаа хийгээд яв л даа. Тэгээд л театрынхан ядуу гээд л ярина. Энэ хамгийн хөгийн асуудал. Хүн хоолоо олж идэж, хүн болж байгаа газраа нулимж болохгүй. Надад хичнээн том зүйл амласан ч театраасаа гарахгүй. Төсвийн хэдхэн төгрөгний цалин авдаг ч гэлээ, найз нөхөд ар гэрийнхэн миний амьдралыг аваад явчихдаг. Байр орон сууц, унах унаа, идэх хоолыг минь миний хэдэн найзууд зохицуулчихдаг юм. Энэ бол нөгөө талаасаа миний урлагт үнэнч явсны үр шим юм даа.
-Одоо цагт тийм найзууд ховор байх шүү?
-Би их олон найзтай. Бараг 1000 гарна. Гэхдээ нөхөд нэртэй ноход ч бий. Амь амьдралын минь түшиг тулгуур болсон бат итгэлтэй найз гарын таван хуруунд багтана. Тэд маань намайг амжилт гаргахад дарж, баярлаж онгироход хажууд байхгүй ч алсаас дэмжиж явдаг. Эр хүн болсон хойно гутарч гунина. Тэр бүрт зориг оруулж, ташуур өгдөг.
-Хүүг тань Голландын хүүхдийн хөлбөмбөгийн шигшээ багт тоглодог гэж сонссон. Хэр амжилттай яваа вэ?
-Би хүүгээрээ бахархдаг. Олон аавын хүүгийн хүрч чадахааргүй амжилтыг үзүүлж яваа гэж боддог. Голландын хөлбөмбөгийн хүүхдийн багт тоглож байна. Хүүгээ санадаг байлаа. Одоо хоёулаа байнга цахимаар харьцдаг болохоор дасаж байна. Саяхан хүүдээ Солонгосоос хөлбөмбөгийн пүүз авч өгч явууллаа. Ирэх зунаас хүүдээ очих бодолтой байгаа.