Ц.ЖАРГАЛСҮРЭН

“Болор цом” наадмыг бид улсын наадмын дайтай санадаг, хүсэн хүлээдэг байж билээ. Энэ наадмын тухай эргэн санавал хурд хуваасан, болор цом тэвэрсэн гайхамшигтай шүлгүүд санаанаа яг л цэрэг шиг ирийтэл жагсаад ирэх шиг болдогсон. Тэртээ 1983 онд халхын том яруу найрагч Дэндэвийн Пүрэвдорж “Хүн төрөлхтөнд хүргэх үг” шүлгээрээ “Болор цом”-ын өрхийг татаж, үүдийг нээсэн.

 

...Анхаараарай!

Алтан нарны хүүхдүүд ээ

Агуу их хүн ард аа

Анхаараарай!

Боллоо, цаг боллоо

Бодох цаг гүйцлээ

Босох цаг боллоо...

хэмээсэн их найрагчийн цогт мөрүүд нойрмогдуу байсан нэгэн үеийг сэрээж байлаа.

 

Магадгүй 1990 оны ардчилсан хувьсгалыг бүр долоон жилийн өмнө тэр гайхамшигтай мөрүүд нь уриа болж дуудсан юмсан уу. Ингэж л “Болор цом” мэндэлсэн. Энэ наадмыг анх санаачлагч нь Д.Пүрэвдорж агсан өөрөө байсан юм. Түүнээс хойш уг наадам жил бүр уламжлал болж, болор цом нь улам өнгө орон гялалзаж, Монголын өнөө үеийн яруу найргийн дархлааг олон түмэнд хүртээж чадсан гэж болно. Тэр үеийн шүлгүүд ямар уран яруу ухаалаг байсан юм бэ. Тэдгээрийг бичиж туурвиж байсан яруу найрагчид яасан ч тэнгэрлэг байв даа. Д.Пүрэвдорж, Ц.Чимэддоржоос бусад нь амьд сэрүүн бичиж туурвисаар байгаа шүү дээ. “Болор цом”-ын эздээс П.Бадарч, Т.Галсан, Д.Цоодол, Б.Лхагвасүрэн нар ардын уран зохиолч хэмээх өндөр цолд хүрч Монголын яруу найргийн тэнгэрнээ хаан суудалд заларч байгаа. Энэ бол “Болор цом”-ын тухай яриа өрнөхөд бахархал нь болж таардаг. Тэдний шүлгийг уншихнээ, гоо сайхныг яс маханд шингээж, чихнээ чимэг болж, өвөрмөц гүн сонсголонтой мөрүүд тодорч, дахин дахин уншмаар хүсэл төрөөд байдаг юм аа. П.Бадарч 1987 онд шиг билээ, “Тэмээ” гэдэг жинхэнэ монгол шүлгээрээ “Болор цом” тэвэрсэн хүн. Тэгээд энэ наадмын нэг гол дүр байсаар 20 гаруй жилийг өнгөрөөсөн дөө. Сүүлдээ “Болор цом”-ын хөтлөгч болж нэг хэсэг “дэвэв” дээ. Мялаалгын шүлэг хэлэхээрээ наадмыг улам өөд нь татчихна аа, тэр.

 

...Санаан сэрэггүй

тайвандаа үрээн голж мунгинахад

Саалийн үнэр ханхалсан

бүсгүй хүн хөөсөлж

Салхинд  ч эгшиглэдэг

хуураа учирлуулан татаад өгөхлөөр

Сайхан хүрэн нүднээсээ

нулимс бөмбөрүүлсэн гэмшдэг

Нээрээ би тийм ээ гэх шиг

Нэр нь хүртэл тэмээ...

 

Энэ мөрүүдийг сонсохуйд монгол сайхан ахуйдаа очих шиг л, тэмээчний хотонд нисээд хүрчих шиг болдог доо. Бас нэг үеийн цогт яруу найрагч Цэндийн Чимэддорж агсан

 

...Нарны даллагатай газар хэдэн малаа л гэж

Намрын дунд сарын арван тавны тэнгэр ажигласан

Цаг цагийн үерт төрхөө алдаж эвдрээгүй

Цадиг түүх улбаалж

Өвгөдийнхөө нутагт эзэн суусан

Шигшиг дарсан тоонондоо утаа зуусан хадагтай

Ширмэл тойруулга дээрээ азын дөрвөн бэрхтэй

Давхиад буухад цоожгүй айл малчин танайх

Даянд ганцхан цуургагүй сэтгэл малчин таных...

 

гээд “Малчин” шүлгээ үс гэзгээ шидлэн байж уншихад бас л Монголын малчин ардын ахуй, монгол ёс заншлын дээд өв тэнд л багтсан нь сэтгэл хөдөлгөдөг байсийм.  Бас “Сэлбэ” шүлгийн “гол дүр” энэ гол нийслэлийнхний нүдний өмнө урсгал нь татарч хэзээ мөдгүй ширгэх шахаж байсан үед мөн л цагаа олж “Болор цом”-ын нэг чимэг нь болж байсан шүү дээ. Мөн Б.Лхагвасүрэнгийн “Ижийтэйгээ байхад”, Д.Цоодолын “Хуучин дэр модны дууль”, “Миний муусайн найз нар” гэх олон сайхан шүлэг “Болор цом”-ын тайзнаас ухаарал хайрлаж, урмаар шагнаж байвай. Б.Ичинхорлоогийн “Бүргэд”, Ц.Бавуудоржийн “Хүрэл чоно”, Б.Хасарын “Он цаг урсана” гэх мэт урлахуйн хийц донж нь таарсан богино бадагт асар их санаа ухаан багтаасан шүлгүүдийг ч нэрлэх нь зохистой болов уу. Сайхан найраг хэмээгч нь хүнийг тэр ч байтугай ертөнцийг хэсэг зуур зогтусах мэт алмайруулдаг, бас сэнхрүүлдэг бус уу. Нутгийн малчин ах минь Улаанбаатарт ирж нэг удаагийн “Болор цом” наадам үзсэнээ бараг л амьд явсны хэрэг бүтлээ гэсэн шахуу юм хэлж яруу найрагчдын хэдэн номтой буцах бодолтойгоо ярьж байж билээ. Нээрээ л “Болор цом” гэдэг наадмыг зарим хүн урлагийн тоглолт шиг болголоо гэж байвч орж үзээд амтыг нь мэдэрсэн нь харин дараа жилийн наадмыг заавал үзнээ гэж байхыг зөндөө сонссон. Нэг удаагийн наадмын тухай яриа дараа жилийн наадам хүртэл яригдах. Шилдэг шүлгүүдийн мөр бадгийг цээжлэх гэсэн хүн зөндөө байдаг сан. “Болор цом” наадмын эхний 20 жил тун сайхан болсныг санаж байна. Тэгвэл түүнээс хойшхи жилүүдэд энэ наадмын талаар олны ам тун тааруу болов. Сүүлийн үеийн “Болор цом” болохоо байлаа гэцгээх болов. Яагаад тэр вэ. Олон түмний сонирхлоос “Болор цом” ямар учраас дайжив. Нийслэлээс зай барьж хөдөөлөөд тэр үү. Яруу найрагчдын чанар чансаа муудаад уу. Ийм олон асуултын хариуг үгүй ээ гэсэн ганцхан үгээр хариулж болох шиг. Гагцхүү зохион байгуулалт муу, ашиг сонирхлын зөрчил гэдэг хар бараан сүүдэр “Болор цом”-ыг навс дайрчихжээ. Тэр жил “Болор цом” Архангай руу хөдөөлснөөс эхлээд нэг л сонин бүгээн ч биш бүрхэг дүр наадмыг сааралтуулсан даа. Тэгээд аль аймаг, хотод наадам болно, тэр нутгийн яруу найрагч “Болор цом” тэвэрдэг болчихсон. Үүнийг ус нутгийн дэнж нь түшлээ гэх нь худлаа юм л даа. Харин хэнд “Болор цом” өгөхөв гэдгийг шийдэх жүжгийн цомнол наадам болохоос бүр эрт бэлэн болдог болж. Сүүл сүүлдээ бүр түрүүлэх шүлэгчийн нэрийг эртээ зарлачихдаг болоо шив. Энэ нь яг бөхийн найраатай төстэй гэж болно. Аймгууд баяр наадмаа улсын том цолтой бөхчүүд очсон ч айхгүйгээр өөрсдийнхөөрөө сценари бэлдэж байгаад хэн нэгнийгээ түрүүлүүлж аймгийн цол олгодог. Энэ л жишгээр аймгууд “дотоодын үйлдвэрийн” болор цомтон төрүүлдэг болоо юу даа. Нэг жилийн “Болор цом”-д Ховдын яруу найрагч Х.Эрдэнэбаатар холоо түрүүлдэг юм байна. Тэгсэн чинь УИХ-ын дарга Д.Дэмбэрэл гуай очих нь таарсан уу, зориод очсон уу, тэр наадмын тайзан дээрээс хэлэхдээ “Би ер нь “Болор цом”-ыг үздэггүй л дээ. Өнөөдөр харин нэг үзье гэж бодоод ирсэн чинь манай нутгийн хүү түрүүлж байна. Сайхан хэрэг ээ” гэснийг том хүн ингэж нууц алдах гэж хэмээн хүмүүс шивэр авир гэцгээсэн. Үүний учир нь Ховдынхон тэр жилийн найрааг зохион байгуулсан юм билээ л дээ. Ингэж “Болор цом” улстөрчдийн хайр ивээлд багтсан нь нэгэнт ил болсон. Хэрэв тэнд Ховдын томчуул, баячууд олноороо ирж бас Д.Дэмбэрэл дарга ам алдаагүй бол энгийн үзэгчдэд юу ч анзаарагдахгүй байж мэдэх байсан байх.

Уржнан Архангайд болоход бас л Архангайн найрагч түрүүлсэн байсан.

Харин өнөөгийн залуу яруу найрагчдын шүлэгт үгүйлэгдэж байгаа нь монгол ахуй, монгол сэтгэлгээ гэдгийг хэлэхгүй өнгөрч боломгүй. Яахав, “Болор цом” хүртэгчид чансаатай сайн найрагчид байх. Тэдний муулах гэсэнгүй. Гагцхүү наадмын зохион байгуулалт л дээр хэлснээр муухан найруулсан жүжиг болоод байгаад учир бий. Хэн энэ жил “Болор цом”-ыг авах бол гэсэн яриа өрнөж байхад л түрүүлэх найрагчийн мялаалга болж байсан сураг бий. Өвөрхангайн наадам зохион байгуулалтынхаа дагуу болох шиг санагдсан. Гол будлиан нь 30 яруу найрагч шүлгээ уншаад нэг нугалж 15 нь хоёрдугаар шатанд үлдэх байтал нөгөө сценари нь тийм байсан юмсан уу, 10 хүн үлдээж холиод, яагаад гэсэн асуултад шүүгч нар нь ч хариулах эрхгүй сууж байсан. Шүүгчид нь ардын уран зохиолч Т.Галсан, Б.Лхагвасүрэн, цогт яруу найрагч Б.Галсансүх, соёлын гавьяат зүтгэлтэн Н.Даваадаш нарын эрхмүүд байв. Гэтэл тэд хэдийнэ “Болор цом”-ын биш бодлогын шүүгч нар болчихсон сууж байсан гэхэд болно. Зохион байгуулагчид өөрсдөөр нь бамбай хийж байна гэдгийг уг нь тэд ухаармаар юм. Гэхдээ тэднийг хөдөлгөх өөр хүч байгаад л тэнд суусан байлгүй. Түүнээс биш луугарууд маань Монголын яруу найргийн хаан суудалдаа л намбатайхан сууж байх нь зохимжтой баймаар. “Болор цом”-оо мялаалгын шүлгээр чимээд л. Нэг бол уралдсан ч яадаг юм. Гэвч тэгсэнгүй. Уг нь Б.Галсансүх туйлын шударга хүн дээ. Монгол хүн бүгд хятадаар мэндлэх тэр цагт би үхнэ гэж омогшдог галтайхан нөхөр. Тиймдээ сая шүүгчийн суудалд суухдаа болох бүтэхгүй юмыг мэдэхгүй байсан нь дээр гэж бодсон уу сархадаар өөрийгөө халхавчилж өнгөрүүлсэн шиг...

“Болор цом” наадам авлигад автсан байна. Хэн нэг нь таван саяыг өгөх гэж байтал өрсөлдөгч нь зургаан саяыг шидээд цомыг нь “булаасан” тухай нэртэй устайгаа баримт ч бий. Тэгэхлээр Монголд газар авсан улс төр дэх албан тушаалын наймаа, авлига энэ ариухан байх учиртай яруу найргийн наадамд аль хэдийнэ халдчихжээ гэдгийг хэлэх гэсэн юм.

Иргэнлэг яруу найрагч Ай.Төмөр-Очир жил жилийн наадамд дандаа уралддаг. Олон ч удаа айрагдсан хүн. Тэр энэ жилийн “Болор цом” балиар цом болсон гээд “Сайн хүний нэрийг гурав худалдаж иддэг гэдэг. Тэгвэл халхын яруу найргийн их хүн Д.Пүрэвдорж агсны нэрийг гучин жил худалдаж идлээ. Болоо юм биш үү...” гэсэн юм. Үүнээс ургуулаад бодохуйд Д.Пүрэвдорж агсан хэрвээ эргээд ирдэгсэн бол “Та нар болор цомыг минь яагаад хагалчихав” гэж хилэгнэх болов уу гэсэн гаслантай бодол төрж байлаа. Үүнээс гадна нэг санаа байнаа. Дараа жилийн наадам алс тэртээ Баян-Өлгий, Увсад ч захиалгаар болж мэдэх. Цаашлаад нэг сум, нэг баг “Болор цом”-ын эзэнтэй болох гээд халаасаа тэмтрэхийг хэн байг гэх юм бэ.  Тэгвэл холын холд олон хүний ажил албыг алдуулж явахын хэрэггүйг сүүлийн жилүүдийн наадам “хэлчихлээ”. Нэгэнт болзлоо биелүүлчихсэн хүн нь тодорхой байдаг юм чинь түүнийг хаа ч юм, Монголын зохиолчдын эвлэл дээр ч юм уу дуудаад шагналыг гардуулчихвал түвэг багатай биш үү.

Ийм санаа дэвшүүлье. Нэг бол “Болор цом” наадмыг больё оо гэж хэлэх байна. “Болор цом” болохоо байсан нь үнэн шүү дээ.