С.УЯНГА 

Соёлын үнэт бүтээ­лийг хадгалж хамгаалах, олон нийтэд түгээх чухал үүрэгтэй Монголын үндэсний түүхийн музейн үйлчилгээ шинэ шатанд гарлаа. БСШУЯ-ны дэмжлэгтэйгээр Монголын үндэсний түүхийн музейд 60 хүний суудалтай “Мини кино театр”-ыг өчигдөр суурилуулсан юм. Ингэснээр тус музей анх удаа Япон улсад үйлдвэрлэсэн, иж бүрэн тоног төхөөрөмжтэй Panasonic брэндийн PT-RW330EA загварын прожектор болон 18 төрлийн дагалдах хэрэг­сэлтэй 44 сая төгрөгийн өртөг бүхий мэргэжлийн шаардлага хангасан анхны кино театртай болж байгаа юм. Цаашид мини кино театрыг улсын хэмжээнд 14 сумын Соёлын төвд суурилуулах аж.

Нээлтийн үеэр БСШУЯ-ны Соёлын бодлого зохицуулалтын газрын дарга Д.Гантөмөр “Соёлын үнэт бүтээлийг хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх их үйлсэд хүчин зүтгэхэд хувь хүмүүс, байгууллага, аж ахуйн нэгж, яам тамгын газрын оролцоо, дэмжлэг туслалцаа ихээхэн үүрэгтэй. Соёл урлагийн байгууллагууд тэр дундаа музейд кино театр ашиглалтад оруулснаар үзэгчдэд Монголын түүхэн кинонуудыг музейн үзмэртэй хослуу­лан дуу дүрсний өндөр нягт­ралтайгаар хүлээн авч үзэх таатай боломжийг бүрдүүлж өгч байгаа юм. Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг бүх музейд мэргэжил аргазүйн зөвлөгөө, чиглэл өгч ажилладаг Монголын үндэсний түүхийн музейд анхны мини кино театрыг суурилуулж байна” гэлээ.

Үндэсний музейн захи­рал, доктор Д.Сүхбаа­тар “Манай байгууллагаар үйлчлүүлэх бүх хүнд хамааралтай чухал үйл явдал болж байна гэж ойлгож байгаа. Музейд байгаа оюуны соёлын хосгүй үнэт өвийг олон нийтэд түгээн дэлгэрүүл­эхэд мини кино театр маш чухал үүрэгтэй. Цаашид музейн хөгжилд шинэ алхам гарч байна” гэсэн юм. Нийгэмд  киногоор дамжуулан соёлыг түгээх төдийгүй уран сайхны гэхээсээ илүү үндэсний түүхийг, музейн бүтээлийг гадаад дотоодын хүмүүст киногоор дамжуулан дэлгэрүүлэх чухал ач холбогдолтой гэдгийг нээлтийн үеэр албаны хүмүүс онцолж байсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин