Ч.ГАНТУЛГА

Х.Базарсад гуай “Танай сонинд Ц.Галбадрах, Б.Төмөрхуяг нарын цаасан урлалын бүтээл цувралаар гардаг болсноос хойш ах нь энэ урлагийг судалж, бүтээл хийх болсон юм. Намайг тэдгээр уран хайчилбарчидтай холбож өгөх боломжтой юу” гэсээр манай сонины редакцид ирсэн юм. Тэрээр бүтээлүүдээ үзүүлж, энэ урлагт дуртай болсноо хэлсэн. Түүнийг “Урлан” булангийхаа дугаарын зочноор урилаа. Х.Базарсад гуай насаараа мал маллаж, эрдэнэт сүргийнхээ тоо толгойгоор аймагтаа тэргүүлж яваа нэгэн. Хэдий 50 нас өнгөрсөн ч өөрийнхөө хүсэл сонирхлын дагуу цаасан урлалыг судалж, бүтээл хийх болжээ.

Тэрээр өөрийнхөө энэ сонирхлыг Монголын тал нутаг Дундговь аймгаас эхтэй гэж онцолсон юм. Учир нь адууныхаа зэлэн дээр унага тамгалж, эмнэг сургаж, хонио хариулаад явахад эх орноороо бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрдөг гэв. Энэ сэтгэл нь бүтээл хийх онгод, хөг нь болдог ажээ. Түүний бүтээлд хүний хөрөг, адуучин эрс болон 12 жилийн амьтад голлоно. Мөн тал нутаг байгалийн зураглал ч байв. Харин уран бүтээлч маань цаасан урлалыг эртхэн сурсан бол үүнээс ихийг хойч үедээ өвлүүлж, зааж сургах байлаа гэсэн юм. Тэрээр цаасаар бүтээл хийгээд хоёр жил болж байгаа. Дундговь аймгийн малчин, уран хайчилбарч Х.Базарсадтай бүтээлийнх нь тухай ярилцлаа.

 

-Та манай сонинд цаасан урлалын бүтээл цувралаар нийтлэгдсэнээс хойш хайчилбар хийдэг болсон гэлээ. Таны сэтгэлийг юу нь тэгтлээ татсан юм бол?

-Би танай сонины байнгын уншигч. Цаасан урлалын бүтээл гарах өдрийг л хүлээдэг байлаа. Тэдгээр уран бүтээлчдийн хайчилбарыг хараад өөрийн эрхгүй бахархаж, хүндлэх сэтгэл төрдөг байсан. Харин энэ үеэс өөрөө хийгээд үзье гэсэн бодол төрөх болсон. Хүмүүс адилхан тархитай, гартай, хөлтэй. Хүний хийж чадаж буй зүйлийг би ч гэсэн чадна гээд өөртөө зорилго тавьсан.

-Анх сурахад ямар байв. Зорилгодоо хүрсэн гэж бодож байна уу?        

-Хэдэн өдөр ганц бүтээлтэйгээ зууралддаг байсан. Хайчилсан бүтээл маань болохгүй, хэд дахин хайчлаад суух нь бий. Цаасан урлал бол нарийн мэдрэмж, тэвчээр шаардсан урлаг. Тийм ч амархан сурчихгүй. Би одоо ч сурсаар байгаа. Магадгүй насан үүрд сурах байх. Ах нь зорилгынхоо эхлэлээс ч атгаагүй явна.

-Таны туйлын зорилго юу юм бэ?

-Үзэсгэлэн гаргах. Жирийн малчин цаасан урлалынхаа үзэсгэлэнг гаргаад, залуу үедээ зааж сурган, өөрөө ч тэднээс сурахыг хүсч байна. Одоо бүх зүйл боломжтой болсон үе. Уран бүтээлчдийг харьцангуй дэмждэг болж. Яагаад цаасаар урлагчдын холбоог байгуулж болохгүй гэж. Хэсэг уран бүтээлч нэгдээд цаасан урлалыг үнэхээр Монголын брэнд болтол нь дэмжээд, сурталчлаад ажиллабал ямар сайхан бэ. Манайд цаасаар бүтээл хийдэг авъяастай залуу олон бий шүү. Тэд нэгдвэл Монголын цаасан урлал дэлхийд гайхагдах мөч ойрхон байна даа.

-Та их сайхан санаа гаргалаа. Энэ тухайгаа уран бүтээлч нөхөддөө хэлж үзсэн үү?

-Танай сониноор дамжуулаад албан ёсоор өөрийнхөө бодол санааг хүргэе гэж бодсон юм. Үнэхээр цаасаар урладаг, энэ урлагт хайртай хүмүүс дэмжих байх гэж найдаж сууна. Миний настай ээж хэлсэн юм “Хүн өөрийгөө голж болохгүй. Чаддаг зүйл байвал эцсийг нь хүртэл түүнийхээ төлөө тууштай явж сур” гэж. Тэгэхээр би зүгээр л мал малладаг малчин, үүнээс өөр зүйл хийх ёсгүй гээд хойшоо сууж болохгүй юм байна. Өөрийнхөө хүсэл мөрөөдлийн төлөө тэмцэж, хөдөлмөрлөвөл амжилтад хүрнэ гэж бодож байгаа.

-Нэг уран хайчилбарч хэлэхдээ хайчны үзүүрээ нэг л буруу хөдөлгөвөл хэд хоногийн хөдөлмөр маань үгүй болдог гэж ярьж байсан?

-Цаасан урлал хайчилж байгаа хүнээс мэдрэмж, ур чадвар шаарддаг. Хүний хөрөг хайчилж байгаа бол бүр ч нарийн үзэх хэрэгтэй. Тухайн хүнийхээ нүүрний бүтэц, онцлогийг нь судлах ёстой. Магадгүй нүднийх нь ч юм уу нэг зураасыг буруу хайчлахад тэр бүтээл хөрөг болж чадахгүй. Ах нь нэг хөрөг бүтээх гэж хэдэн сар болсон тохиолдол бий. Гэхдээ шантарч үзээгүй. Болохгүй бол хайчлаад л байдаг. Тэгж байж л бүтээл төрнө шүү дээ.

-Хайчлаад байхаар гар, хуруу өвдөх, шантрах үе гардаг байх даа?

-Тийм үе бишгүй тохиолдсон. Удаан хугацаагаар хайчлахаар гар татаж, сульдах нь бий. Гэхдээ би эрчүүдийг бүгдээрээ уран хайчилбарч гэж боддог шүү.

-Яагаад?

-Эрэгтэй хүн бүхэн аав болохдоо хүүхдийнхээ дээр үнэг хайчилдаг шүү дээ. Үнэг хайчилж чаддаггүй эр хүн гэж үгүй. Тэгэхээр хайчлах арга ухаан монгол эр хүний цусанд байдаг байх.

-Таны бүтээлд монгол эрчүүд, ан амьтны хайчилбар олон байх юм?

-Хөдөө нутагт төрж, өссөн болоод ч тэр үү надад хамгийн ойрхон сэдэв юм шиг санагддаг. Манай монгол эрчүүд моринд эрэмгий. Тэр сайхан чадварыг нь уран бүтээлдээ мөнхлөхийг хүсдэг юм. Морио магтдаггүй монгол хүн гэж байдаггүй гэдэг шиг би хээр талд морин дэл дээр өсчихөөд аргамаг хүлгээ хайчлахгүй бол уран бүтээлч гээд яахав.

-Зарим уран бүтээлчид шууд харж байгаад хайчилдаг бол нөгөө хэсэг нь эхлээд зурдаг гэсэн. Таны хувьд?

-Би эхлээд зурж байж хайчилдаг. Өмнө нь зурж, сийлдэг байсан юм. Энэ маань хайчилбар хийхэд дөхөм болдог. Зарим жижигхэн бүтээлээ шууд харж байгаад хайчлах үе байдаг. Гэхдээ шууд хараад хайчлах чинь эрсдэлтэй шүү дээ.

-Шавьтай болж байна уу?

-Надаар уран хайчилбар заалгадаг хэдэн хүүхэд бий. Би чадахаараа л зааж, туслахыг хүсдэг. Тэд маань миний хайчилбарыг авч яваад дуурайж, зураад хайчилдаг юм. Зарим нь шантраад, больж байна. Зарим нь сайн сураад, улам хичээж байна. 

-Та анх хайчилбар хийж байгаа хүүхдүүдэд юу зөвлөх вэ?

-Зорилгодоо үнэнч, тэвчээртэй бай гэж зөвлөх байна. Хоромхон зуурын бэрхшээлээс болоод хүсэл сонирхолдоо цэг тавьж болохгүй. Цаасан урлал гэдэг ойлгоод, сураад бүтээл хийвэл хамгийн сайхан урлаг юм шүү.