Т.БАТСАЙХАН

Хөвсгөл аймгийн Уушгийн өврийн исгэрч буй эмэгтэйн хөрөг бүхий гайхамшигт буган хөшөө, “Алтайн хадны зургийн цогцолбор”, Дэл уулын хэдэн мянгаар тоологдох ер бусын зургууд, Хэнтийн нурууны эртний төрт улсуудын түүхэнд хамаарах тамга бүхий дахин давтагдашгүй дурсгал гээд манай улс хаданд мөнхөлсөн урлагаараа дэлхийд гайхагддаг билээ. Энэ түүхийн гайхамшигт олдвороо хадгалж үлдэх зорилгоор хоёр жилийн өмнөөс Ерөнхийлөгчийн Тамгын газраас хадны зургийг хамгаалах төсөл хэрэгжүүлсэн байна.  Энэхүү төслийн нэгээхэн хэсэг болох “Хаданд мөнхөлсөн урлаг: Түүх, ойллого, ярилцаан” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал өчигдөр эхэллээ.  Ерөнхийлөгчийн болон ЮНЕСКО-гийн ивээл дор болж буй энэ хуралд эрдэмтэд ихээхэн ач холбогдол өгч оролцсон юм.  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ЮНЕСКО-гийн Нийгмийн өөрчлөлт, соёл хоорондын харилцааны хэлтсийн захирал Д.Бадарч болон түүх соёлоо хүндэлдэг, судалдаг Монголын болон гадаадын 10 гаруй улс орны эрдэмтэн оролцсон юм. Мөн доктор, профессор Д.Цэвээндорж “Монгол Алтайн нурууны хадны зурганд мөнхөрсөн эвэрт амьтад”, доктор,профессор С.Дулам “Рашаан хадан дээрх “Тамгат бүжигчин” зургийн нууцыг тайлан унших нь”, Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор Г.Аким “Маген Дэвид үнэхээр Монголоос олдсон” гээд энэ төрлөөр судалгаа хийдэг Монголын долоон эрдэмтэн илтгэл тавьсан юм.  Энэхүү хадны зургийг урлаг болгон  хөгжүүлэх төслийг Ерөнхийлөгчийн тамгийн газрын дарга П.Цагаан удирдсан байна. Энэ үеэр  хуралд оролцсон зарим хүний  сэтгэгдлийг сонслоо.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан: ХАДНЫ ЗУРГАА БИД НОМЫН САН Л ГЭЖ ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙ

-Бид түүхээ мэддэг судалдаг байвал маш олон зүйлийн утга учир тайлагдаж,ирээдүй маань гэрэл гэгээтэй болно. Хадны зургаа номын сан л гэж ойлгох хэрэгтэй.  Тэрийгээ тайлж уншдаг, хамгаалдаг байх нь мөн чухал байна.  Нутгийн иргэд маань “Манай энд ийм нэг хадны зураг байна” гэдгийг маш сайн мэдээллэдэг байгаасай.  Нутаг орны удирдлага нь түүний үнэ цэнийг ойлгоосой. Мөн хадны зураг нь аялал жуулчлалын ач холбогдолтой гэдгийг хүн бүр ухамсарлаасай. Тэгэхээр нэг хэсэг хүний нэг удаагийн дайралтаар бүх асуудлыг шийдэж чадахгүй. Бүх л салбарынхан зүтгэж байж, Монголын түүх соёлоо авч үлдэх, цаашид дархлааг бий болгож чадна.   Саяхан гэхэд Хөвсгөл аймгаас нэгэн гайхалтай бүтээлийг олсон. Мөрөн сумын төвөөс хойх нь хадан дээр исгэрч байгаа эмэгтэйн дүрсийг товойлгон хийсэн байна. Манай хадны зураг хонхойлгож хийсэн байдаг. Гэтэл товойлгож хийдэг байжээ.  Ийм гайхалтай олдворууд Монголын маань олон газарт бий.  Мөн бид хадны сүг зураг гэж ярьдаг байсан үүнийг больж хадны зураг гэсэн нэр томъёо хэрэглэхээр болсон байгаа.

Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Акум: МАГЕН ДЭВИД ҮНЭХЭЭР МОНГОЛООС ОЛДСОН

-Би “Маген Дэвид үнэхээр Монголоос олдсон” гэсэн илтгэлээр энэхүү хуралд оролцлоо. Маген Дэвид гэх үг нь монголоор давхар цойнжин гэдэг тамганы нэр. Энэ тамга маань Изриалийн далбаан дээр байдаг зургаан хошуу юм. Давидын бамбай, Соломон хааны тамга ч гэж ярьдаг.  Гэтэл энэ тамганы хэлбэртэй хадны зургийг би монголоос олсон. Ханбогд сумын Хөх үзүүр гэдэг газраас олсон талаар танилцууллаа.  Хадны зураг гэдэг үнэхээр хүн төрөлхтний нэгэн гайхамшиг юм.  100-гаад мянган жилийн өмнөх үеийн зураг  ч байна. Нар салхи, хадны элэгдэл гээд янз бүрийн зүйлд элэгддэг.   Тэр цаг үеийг ялан дийлж бидэнд түүх болон ирнэ гэхээр энэ салбарыг хайрлан хамгаалахаас өөр аргагүй юм.

Зураач Г.Тэнгисболд: ХАДНЫ ЗУРАГ БОЛ ХҮН ТӨРӨЛХТНИЙ ХҮҮХЭД НАС ЮМ

-Би өвөг дээдсийнхээ  үлдээсэн хадны зургаас сэдэвлэж уран бүтээлээ хийдэг хүн. Энэ хурлын үеэр 60 гаруй бүтээлтэй хэсэгчилсэн үзэсгэлэнгээ хүргэж байна. Цагаан сарын үеэр Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан надад энэхүү саналыг тавьж, өдийг хүртэл баярлан хүлээж байлаа.  Зургаа зурах гэж Монголынхоо бүх л газар орноор явсан.  “Өтөг” гэдэг энэ бүтээл нь эртний газарзүйн зургийн анхдагч гэж хэлж болно. Малын хашаа, амьдардаг сууцаа дээрээс нь хараад зурчихсан харагдаж байна. Тухайн үеийн хадны зурагт буусан дүрслэлүүдийг орчин үеийн хэв маягт оруулж зурсан юм. Ховд, Баянхонгор аймагт байдаг хадны зурагнаас сэдэвлэсэн. Хадны сүг зураг бол хүн төрөлхтний хүүхэд нас юм. Тухайн үеийн ард түмний хамгийн гэгээлэг зүйлсийг хаднаа мөнхлөн үлдээсэн гэж боддог.

“Хаданд мөнхөлсөн урлаг: Түүх, ойллого, ярилцаан” хурлын үеэр Элчин сайд, доктор, профессор Д.Цахилгааны эмхэтгэсэн  “Алтайн хадны чулуун шастир”-ын тухай гэрэл зургийн цомог үзэгчдэд хүрлээ.  Мөн Дуурь бүжгийн эрдмийн театрт С.Дулам докторын цомнол, тайлалаар бүтээсэн “Хөмөргөн гурвалжин” этно модерн бүжгэн жүжиг үзэгчдийн хүртээл болсон юм.  Өнөөдөр Монголын үндэсний түүхийг музейд  “Дэл уулын хадны зураг” сэдэвт үзэсгэлэнгээр үйл ажиллагаа үргэлжлэх юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин