Д.ЖАВХЛАН
Авто спортынхны олимп гэгдэх “Дакар ралли” уралдааны энэ жилийн гараанд манай улсаас ОУХМ Д.Болдбаатар, Н.Лхамаа, Б.Батболд нар эх орноо төлөөлж тоосоо өргөсөн юм. Өнгөрсөн жил ОУХМ Дамдинхорлоогийн Болдбаатар, Намчингийн Лхамаа нар энэхүү уралдаанд анх оролцсон түүхтэй.
Тэд энэ жил даагаа нэхэхдээ бүл нэмж спортын мастер Х.Батболдтой хамт уралдсан. Механикч хийгээд ар тал хариуцсан зургаан хүний хамтаар Өмнөд Америкийн гурван улсыг дамнан 13 өдөр, 180 гаруй төмөр хүлэгтнүүдтэй хурд, хүчээ сорьсон юм. “Дакар ралли” уралдаанд амжилттай оролцсон ОУХМ Д.Болдбаатарыг авто спорт сонирхогчид “Чингис хаан” нисэх буудалд өчигдөр тослоо. Энэ үеэр түүнтэй ярилцлаа.
-Та эрсдэл ихтэй “Дакар ралли”-д өмнөх амжилтаа ахиулж Монголын авто спортын түүхэнд шинэ хуудас нээж чадлаа. Баяр хүргэе?
-Баярлалаа. Өнгөрсөн жилийн уралдааны зургаа дахь гараанд миний мотоциклийн жолооны хүрд хугарч, тэмцээнээс хасагдаж байлаа. Гашуун түүх. Тухайн үед өөрийн ур чадварыг бүрэн гаргаагүйдээ жаахан харамссан. Техникийн саатлаас болж тэмцээнийг орхиход тамирчин хүний сэтгэлд хар толбо үлддэг юм байна. Өөрийн бэлтгэл гэхээс илүү техникийн бүрэн бүтэн байдал чухал гэдгийг тэндээс ойлгосон доо. Би заавал барианд орох зорилгыг өмнөө тавьж уралдсан. Бүтэн жил бэлдлээ. Эхний гарааны тухай товчхон ярья. Уралдаанд оролцогчдын 40 гаруй хувь нь замын дундаас буцсан. Тэр өдөр мотоциклийн тамирчид Чили улсын Эл Салвадорь хотоос Жиа Серена хот хүртэл 180 км-т уралдахад би 44 дүгээр байрт хурдалсан юм. Миний үзүүлсэн хамгийн өндөр амжилт энэ. Цаг агаар, замын бартаа гээд өмнөх жилийн гараатай харьцуулах юм биш. Уралдах газар маань маш халуун элсэн цөл. Ид хүйтнээс хэт халуун оронд уралдана гэдэг тамирчин хүний ур чадвар гэхээс илүүтэйгээр тэсвэр тэвчээрийг шалгадаг юм байна. Намайг өмнөх жилийн тэмцээнд орж байхад 44-46 хэмийн халуун байлаа. Хамгийн халуундаа +51 градус хүрнэ. Тэнд бас гэнэт хүчтэй аадар бороо орно. Ааш нь олдохгүй хэцүү нутаг юм билээ.
-Ази тивийн амжилтыг эвдсэн нь содон тохиолдлын нэг байлаа?
-Өмнөд Америкт болсон “Дакар ралли”-д Азийн тамирчдаас гараанд амжилттай орсон ганцхан тамирчин нь би. Сэтгэл хангалуун байна.
-Раллигийн замд дунджаар хэдэн км цагийн хурдтай уралддаг вэ?
-Шороон замд 160-180 км цагийн хурдтай явж байгаад бэртэл авсан тохиолдол цөөнгүй бий. Тийм болохоор мотоциклийн хурдыг 150 км цагаар хязгаарласан. Хэрэв үүнээс дээш хурд гаргавал хугацааны торгуультай. Ерөнхийдөө дундаж хурд 90-100 км цаг.
-Та өнгөрсөн хугацаанд авто машины бартаат уралдаанд оролцож байсан туршлагатай нэгэн. Гэтэл “Дакар ралли”-д яагаад мотоциклийн төрөлд уралдах болов?
-Би 15 настайдаа анх мотоциклийн бартаад замын уралдаанд оролцож байсан шүү дээ. “Дакар ралли”-д машинаар уралдах боломжтой хэдий ч зардал нь маш өндөр. Тиймээс одоохондоо мотоциклоор уралдаад үзье гэж шийдсэн хэрэг. Цаашид машинаар уралдахад болохгүй юм алга. Хамгийн гол нь зардал.
-“Ралли”-гийн бэлтгэл сургуулилтыг хаана хангасан бэ?
-Өнгөрсөн зун бид гурав Өмнөговь аймагт болсон 4500 км-ын холын зайн уралдаанд үндсэн бэлтгэлээ хангасан. Харин өвөл мотоциклоор уралдах боломжгүй тул биеийн хүчний дасгал дээр тулгуурлаж тэмцээнд бэлдсэн.
-Та энэ жилийн гараанд нэлээд хойноос гарч уралдах шиг болно лээ. Амжилтад тань нөлөөлсөн үү?
-179 мотоциклчний араас гарч уралдана гэдэг хэцүү хэрэг. Тоосонд зам харагдахгүй. Мөн тэднийг гүйцэхэд төвөгтэй. Хугацаа их алдана. Харин дараа жилийн гараанд миний чансаа ахиж байр урагшлана. Үүнийг ашиглаж амжилтаа ахиулъя гэж бодож байна.
-Таны унаж уралдсан мотоциклийн хөдөлгүүрийн багтаамжийг сонирхож болох уу?
-Аргентин, Чили улс далайн төвшнөөс дээш 4500-5000 метрийн өндөрт оршдог гэнэ лээ. Миний унаж хурдалсан мотоцикл 2014 оны шинэ загвар. Гэвч агаарын даралтаас болж өгсүүр замд мотоциклийн хүч алдах тохиолдол цөөнгүй гарлаа. Хэрэв дараа жил уралдах боломж гарвал порсунк хөдөлгүүртэй Австрийн мотоциклтой уралдах бодолтой байна.
-Түүхэн амжилтад хүргэсэн төмөр хүлгээ авчирсан уу?
-Өмнөд Америкаас тамирчдын мотоциклийг нэдсэн журмаар усан онгоцоор Франц руу тээвэрлэсэн. Удахгүй ирэх байх.