Д.Ариун
Зуны олимпийн наадамд энэ жил анх удаагаа дүрвэгчид баг болон олимпийн тугийн дор жагсаж, олимпийн наадамд өрсөлдөнө. Арабын орнуудаас Европыг чиглэсэн дүрвэгчдийн урсгал, түүнээс үүдэн гарч байгаа хямралтай холбоотойгоор Олон улсын олимпийн хороо ийм шийдвэр гаргасан юм. Ингэхдээ дүрвэгчдээс бүрдсэн 43 бие даан оролцогчдоос 10 тамирчинг сонгон авч баг болгон оролцуулахаар шийдвэрлэснээ энэ оны гуравдугаар сард зарласан юм. Түүнээс гадна Өмнөд Судан болон Косово улс анх удаагаа олимпийн наадамд оролцох гэж байна. Олимпийн наадамд оролцогч улсын тоо нэмэгдэхийн зэрэгцээ бас хасагдаж ч байна. Тухайлбал, Кувейт улс 2015 оны аравдугаар сард Үндэсний олимпийн хорооны үйл ажиллагаанд Засгийн газар нь нөлөөлсний улмаас Олимпийн наадамд оролцох эрхээ хоёр дахь удаагаа хасуулжээ. Мөн ОХУ-ын хөнгөн атлетикийн баг тамирчид 2015 оны арваннэгдүгээр сард дэгдсэн допингийн асуудлаас болж Олимп болон олон улсын бүх тэмцээнд оролцох эрхээ хасуулсан. Тиймээс Рио-гийн олимпийн хөнгөн атлетикийн төрөл оросуудгүйгээр болно гэсэн үг.
Зуны олимпийн 31 дүгээр наадам 2016 оны наймдугаар сарын 5-21-нд Бразилийн Рио де Жанейро хотноо болно.
Эх сурвалж: www.zms.mn