Сан.ПҮРЭВ
Бөх судлаач
НЭГ. Ш.ЛУВСАНЖАМБАА 60 ШАХАМ НАСТАЙДАА НААДАМД ТҮРҮҮЛЖЭЭ
Түшээт хан аймгийн Дайчин Чин вангийн хошуу буюу одоогийн Булган аймгийн Сайхан сумын уугуул Шагдарын Лувсанжамбаа, Намхай хэмээх ах, дүү хоёр бөх долоон хошуу даншиг болон арван засгийн наадмуудад олон жил гайхамшигтай сайхан барилдаж хоёул дархан аварга цол хүртэж монгол бөхийн түүхэнд мөнхөрсөн алдар цуутай аваргууд бөлгөө.
Алдарт Ш.Намхай аваргын төрсөн ах аварга Ш. Лувсанжамбаа 1901оны даншиг наадамд 11 давж түрүүлэхэд “ Чин ачит үнэн бишрэлт дархан аварга “ цол олгожээ. Түүний төрсөн дүү Ш. Намхай 1896 оны даншигт 1032 бөх барилдахад11-ын даваанд Дугар аваргыг хаяж “ Маш гайхамшигт далай даян аварга “ цол, 1897 оны даншигт 1032 бөх барилдахад 11-ын даваанд мөн л Дугар аваргыг давж түрүүлэн “ Саруул сайжрах, даяар үзэсгэлэнт дархан аварга “ цол хүртжээ.
Ш.Лувсанжамбаа аварга өндөр чилгэр нуруутай, том биетэй сайхан бөх байсан агаад 1891 оны цагаагчин туулай жилийн арван засгийн наадмаас эхлэн Богд хан, Хэнтий хан уулуудыг тайх, арван засгийн болон долоон хошуу даншиг наадмуудад барилдаж төрсөн дүү Ш. Намхайтайгаа олон жил үзүүрт үлдэж, Халхын долоон хошуу наадамд хэдэнтээ түрүүлж дархан аварга цол хүртжээ.
Нас ахисны улмаас том жижиг наадмуудад барилдахаа болиод байх үед нь дайчин чин ван Ханддорж бие барж, түүний хүү Х.Жамбалдоржийн зэрэг залгах ёслолын их наадамд 60 шахам настай Ш. Лувсанжамбаа аваргыг зориуд урьж барилдуулсан юмсанж. Ш. Лувсанжамбаа аварга урилгыг хүндэтгэн хүлээн авч 1000 гаруй бөх барилдсан тэр том наадамд идэр хүчтэй бөхчүүдтэй ана мана, ач тач барилдсаар түрүүлж, ясны сайн бөх гэдгээ нутгийнхаа зон олонд батлан харуулжээ
1887 оны зун болсон Заяын гэгээний наадамд хол, ойроос олон сайн бөхчүүд ирж барилдахад 17 настай Ш. Намхай хөвгүүн учраа болгоноо түвэггүй давсаар үзүүрт хүрчээ. Энэ том наадамд Заяын гэгээний нэг бөх үзүүрт үлдэхэд лам, ноёдын эв найрамдлыг бодож энэ бөхөд бууж өг хэмээн ятгасаар Ш. Намхайг буулгаж, хожмын алдарт аварга бөхийн гараагаа чингэж эхэлсэн ажгуу.
Ш. Намхай аварга тэр үеийн бөхийн онооны дансанд Сандаг-Очир гэж олонтаа бичигдсэн байдаг бөгөөд энэ нь түүнд Богд гэгээн хайрласан сахилын нэр юм. Долоон хошуу даншиг, арван засгийн наадамд олон жил завсаргүй шахам түрүүлж бөхийн хорхойтнуудын хайр хүндэтгэл хүлээж ихэд нэрд гарсан Ш. Намхай аварга улсын томоохон наадмуудад 26 удаа түрүүлж, таван удаа үзүүрлэсэн байна. Өмнөх аваргууд ингэж олон удаа түрүүлж, үзүүрлэж байгаагүйг бодоход яах аргагүй босоо аварга байжээ. Түүнтэй учраа таарсан ямар ч бөх олигтой барьц барьж чадалгүй унадаг байжээ. Энд нэг сонин жишээ өгүүлсү. Сэцэн хан аймгийн Далай жонон бэйсийн хошууны алдарт бөх, даншгийн аварга Буянтогтох ийн өгүүлдэг байжээ... Намхай аваргатай даншиг, арван засгийн наадамд олон удаа таарч барилдсан боловч өрөөсөн гарыг нь ч нугалж чадаагүй юм. Намхай аварга дөрвөн талын барилдаантай бар, арслан шиг чадалтай хүн байсан юм. Наймдугаар богд Сэцэн хан аймагт залрахад тус аймгийн 20 гаруй хошуу нийлж, аймгийн даншиг наадам хийж билээ. Тэр наадамд газар газрын шилдэг бөхчүүд олноороо цугларч барилдсан юм. Манай аймгийн ноёд, түшмэд, жирийн ардууд хүртэл наадмаа гаднын хүнд өгч болохгүй түрүүл гэж надад үүрэг өглөө. Довон дээрээ барилдаж байгаа юм чинь болох байлгүй гэж бодож байлаа. Намхай бид хоёр үзүүрт хүрлээ. Түүнийг баахан тойрч байгаад гэнэт орох гэтэл миний зөв талаас сугадан авч дээрээ өргөөд хүүхэд шиг шидэхчихнэ тэр. Миний дотор харанхуйлж, ухаан балартаж билээ. Үүнээс хойш би Намхайн бяр чадалд биширдэг болсон. Намхай шиг хүчтэй адгуус ч ховор байх гэж Буянтогтох аварга ярьдаг байжээ.
Намхай үхрийн шаант чөмөг ер хүч гаргалгүй хуга мушгиад чөмгийг нь сорж суудаг байсан гэдэг.
1907 оны даншигт 1032 бөх барилдахуйд шөвгийн дөрөвт үлдсэн Чүлтэм арслан ( хожим аварга болсон)-г Намхай аваргад амлуулаад Лувсанжамбаа та хоёр насаараа халхын дэвжээнд дархлагдан заларч байх юм гэж бодоогүй биз дээ? гэж их ууртай хэлээд ширүүхэн дайрч эхлэхэд Намхай мушилзаж “ Хүй мандлын дэнж бол хэрэлдэх биш барилдах дэвжээ. “ Үнэг гүйхэд хад яарна “ гэгчээр “Хаях би яараагүй байхад унах гэж байгаа чи яардаг нь” гэж хэлээд хоёр мөрнөөс нь сэнжиглэн хүчтэй дугтраад зайлсанд Чүлтэм арслан арга буюу унасан юм гэнэ лээ.
Ш. Намхай буюу Сандаг-Очир аварга Богдын бөх байсан тул Богд, эх дагина хоёрын ард зогсож дурсгалын зураг татуулсан нь нэг хамаатныд нь хадгалагдаж байсныг нутгийнх нь өвгөд үзэж байжээ.
ХОЁР. ХАЙРАН АЛТАН БӨГЖ
Ах, дүү дархан аварга Лувсанжамбаа, Намхай нар долоон хошуу даншиг, арван засгийн наадамд барилдана уу гэхээс биш нутгийнхаа овооны нааадамд барилддаггүй байжээ. Эл хоёр хүчтэн овооны наадамд барилдаж, нутгийн банди нарын байг булаацалдаад яахав гэж боддог нүнжигтэй хүмүүс байсан буйзаа. Нэг жил тэднийг даншигт барилдаад ирснийх нь дараа нутгийнхан нь Сайханы овоог тахиж наадам хийх болж, хоёр аваргыг овооны наадамд ирж барилдахыг урьсан юмсанж. Овооны наадмаас хэд хоногийн өмнө Лувсанжамбаа аварга нутгийн айлуудаар бууж мордож, айраг ууж яваад хошуу ноён эзгүй байсан тул улаан халзтай өргөөнд нь морилохуйд түүнийг хайрлаж явдаг хатантан ихэд бэлэгшээн баярлаж, зочноо харамгүй дайлж, хууч хөөрч сууснаа,
-Намхай та хоёр овооны наадамд тоож барилддаггүй болохоор чамайг яаж барилддагийг харж чадахгүй юм. Хүмүүс чамайг их сайхан барилддаг гэцгээх юм. Та хоёрыг бас л барилдахгүй байх гэж бодоод ноёнтонд айлтгаж энэ жил овооны наадамд барилдуулах болсон шүү. Чи дүүгээ хаяж түрүүлэх юм байгаа биз дээ. Хэрвээ чамайг түрүүлбэл таван цэнгийн алтан бөгжөөрөө олны өмнө шагнана хэмээжээ. Лувсанжамбаа аварга овооны наадамд түрүүлж хатантны алтан бөгжийг авъя гэж бодох болжээ. Наадамд барилдахаар явах зуур дүүдээ хандаж, би өнөөдөр гайгүй барилдах бодолтой байгаа шүү гэхэд хэзээний хэнэггүй гүдэсхэн зантай Ш. Намхай аварга “Аан” гээд өнгөрчээ. Хоёр аваргыг хүрч очиход нутгийн зон олон тал талаас нь бүчиж амар мэндийг мэдэцгээж, янз бүрийн юм асууж шалгаан хууч хөөрцгөөх зуур нутгийн хэдэн залуус “ Ах дүү хоёр аваргын хэн нь хүчтэйг өнөөдөр довон дээрээ харцгаая. Яаж үнэн хүчийг гаргуулах вэ” хэмээн ярилцаж сууснаа аятайхан арга олжээ. Тэд эхлээд Намхай аваргатай уулзаж “ Аварга өнөөдөр тун өнгөтэй харагдаж байна шүү. Та олон жил долоон хошуу даншиг, арван засгийн наадам гэж явсаар байгаад овооны наадамд барилдалгүй удлаа. Нутгийнхан маань ах, дүү аваргуудаа барилдахыг харах гэж тэсэж ядан хүлээцгээж байна. Ах аварга тань дүүгийнхээ үнэн хүчтэй эсэхийг өнөөдөр соръё байз. Овооны наадамд дүүгээ дийлэхгүй бол нутгийн ах, дүүсийн нүүрийг харах аргагүй болно гэж ярьж байна лээ шүү. Та ахтайгаа үнэн хүчээ үзнэ биз дээ “ гэцгээхэд “ Аа тийм үү. Ах маань нутгийн зон олны нүдэн дээр яаж барилддагаа харуулах гэсэн юм байж дээ. Ахдаа бууж өгөлтэй биш барилдаж л таарна даа “ гэв гэнэ. Нөгөө залуус Лувсанжамбаа аваргын майханд орж, мэнд усаа мэдэлцээд,
-Дүү аварга тань өнөөдөр нутгийнхаа ах, дүүсийн өмнө ахынхаа хүчийг үзэж, хэн нь илүү болохоо харуулна. Ахыг хаях амархандаа. Үйзэлсуухайгаа хийнгүүт үсрээд явчихна. Та нар харж л байгаарай гэж сууна лээ. Та нарын барилдаж байгааг ямар харсан биш. Та ч гэсэн нутгийнхаа довон дээр дүүтэйгээ үнэн хүчээ үзэж барилдах юм байгаа биз дээ. Лувсанжамбаа аварга уг нь бяр, мэхээ тэнцүүлж барилдвал дүүгээ өлхөн хаях хүндээ гэж наадамчид ярьцгааж байна лээ гэхэд Лувсанжамбаа аварга даруухан инээмсэглэж,
-Намхай тэгж ярьж байна уу? Дүүгийн үйзэлсуухай хэцүү нь хэцүү л дээ. Гэхдээ би түүнийг хийлгэлгүй байж дөнгөлгүй дээ.Бид хоёр бие биедээ бууж өгч үзээгүй юм. Нутгийнхаа ногоон дэнж дээр худлаа барилдана гэж хаашаа харсан юм байх вэ гэхэд өнөө залуус “ За аварга аа сайн барилдаарай. Намхай аваргыг яаж хаяхыг тань харах л гэж наадамд ирсэн шүү “ гэлцээд гарцгаажээ.
Дүүтэйгээ үзүүр түрүүнд үлдсэн Лувсанжамбаа аварга ноёны хатанд ид хаваа гайхуулах гэж урьд урьдынхаас илүү сайхан дэвж, шавж тун чиг жавхаатай сайхан харагдахуйд барууны магнайд дэвж байсан Намхай ахыгаа ажиглаж харснаа “ Ах өглөө наашаа явахдаа ах нь өнөөдөр гайгүй барилдах бодолтой байгаа шүү гэж байсан. Өнөөдөр дүүтэйгээ үнэн хүчээ үзэх гэж байгаа юм бол үзээд алдана даа “ хэмээн бодоод дэвэн дэвсээр гарчээ.
Үлэмж сайхан дэвж шавж байсан Лувсанжамбаа аварга “ Би өглөө Намхайд хэлдгээ хэлчихсэн. Нэг их зууралдаж барилдалгүй унаад өгөх байлгүй “ гэж бодоод өрж эхэлжээ. Хүч тэнцүү хоёр аварга удаан хүч үзэж, нутгийнхан нь хэн нь хаях бол хэмээн догдолцгоох ажээ. Удаан барилдсаны эцэст Намхай аварга ахыгаа хаян түрүүлжээ. Лувсанжамбааг түрүүлэх байх гэж горьдож байсан ноёны хатан гэрлүүгээ сэтгэл дундуур буцсан ажгуу. Бай шагналаа авцгаан гэрлүүгээ шогшицгоож явснаа Лувсанжамбаа дүүгээ дурамжхан ширвэж харснаа,
-Хайран алтан бөгж. Хүн хэлээд байхад буугаад өгчихөд яадаг байна аа? гэж учир битүүлэг юм хэлэхэд учрыг нь олоогүй Намхай ахыгаа гайхан харж,
-Хайран алтан бөгж. Бууж өгсөнгүй ч гэх шиг юу яриад байгаа юм бэ гэж асуув.
Би өглөө наадамд явахдаа өнөөдөр гайгүй барилдах бодолтой байна гэж чамд хэлээ биз дээ.
-Тэгээд яагаав. Та надтай өдрийн хагас хүчээ үзээ биз дээ. Унасандаа уурлаад байгаа юм уу даа.
-Юуны чинь уурлах. Хэрвээ чамайг овооны наадамд түрүүлбэл таван цэнгийн алтан бөгжөөрөө олны өмнө шагнана гэж хатан ахайтан хэлсэн юм байхгүй юу. Чи гэж нэг бүтэлгүй юмнаас болоод тэр сайхан бөгжийг авч чадсангүй.
-Та тэгээд энэ учраа хэлэхгүй яасан юм бэ? Тэгсэн бол би таныг хаях гэж яалаа гэж мэрийх вэ дээ. Ах минь санаагаа тодорхойхон хэлж бай л даа. Өглөө таныг мордохдоо ах нь өнөөдөр гайгүй шиг барилдах бодолтой байгаа шүү гэхээр тань нутгийнхаа ах, дүүсийн өмнө үнэн хүчээ үзье гэсэн хэрэг гэж бодсон юм. Наадамчид ч Намхайг хаяж цөхөх юу байх вэ. Дүүгийнхээ хүчийг ганц сайн соръё гэж байна лээ гэлцээд байсан. Тэгээд л таныг үнэхээр хүчээ үзэх гэсэн юм байх гэж бодоод хаячихсан юм. Ах минь өршөөгөөрэй хэмээн уучлал эрсэн гэдэг билээ.