Ц.ГАЛБАДРАХ

Мехико… Мехико… Мехико… 1968 он.

Бөмбөрцгийн түг түмэн нүд, бөмбөрцгийн түг түмэн чих гагцхүү Мехикогийн, дэлхийн 112 орны 5530 тамирчин нэгэн дор цугларч, хурд, хүч, авхаалж самбаагаа сорьж буй зуны XIX олимпийн наадмын зүг хараа бараачилж, сураг чимээ тавиастай.

”Чамайг дэлгээд өгнө дөө”. Ж.Мөнхбат ийн хэлээд бие халаалтын өрөөний ханыг хоёр гараараа ээлжлэн нүдэх. Харин Ч.Дамдиншарав элдэв өнгийн бодол үржүүлсэн шиг адар ширтэн хэвтэж, Д.Сэрээтэр хар цагаан үггүй тонгойн суух агаад  Т.Артаг огтоос  санаа зовсон шинжгүй “Хэдүүлээ медаль заавал авна шүү” хэмээн нөхдөдөө урам хайрлах.

Тэдний хэн нь ч “учраатайгаа хэрхэн, яаж  барилдах” талаар зөвлөж буй дасгалжуулагч багш О.Цэрэндагва, С.Магсар хоёрын яриаг сонсч, ойлгож байгаа шинжгүй. Зөвхөн ялах... ялахын л бадрангуй гэгээн хүслэнд автчихсан байв. Медалийн төлөөх тулаан эхлэхийн өмнөх амсхийлтийн дундах Монголын дөрвөн хүчтэний хотол таталбар ийм. 

Өмнөх даваанууддаа БНАГУ-ын П.Дорнингийг 3:1, Мексикийн М.Гарсияг 4:0, Швейцарийн Чардоннесийг 3,5:0,5-аар буулган авч, дөрөвдүгээр тойрогт гоц мөргөж, Болгарын бөх, 1964 оны Токиогийн олимпийн аварга, 1966 оны дэлхийн аварга П.Гаржеевтай 2:2, ЗХУ-ын  бөх, дэлхийн аварга Б.Гуревичтэй 2:2-оор тэнцсэн Монголын тамирчин, үндэсний бөхийн дархан аварга Ж.Мөнхбат сүүлчийн тойрогт АНУ-ын Т.Пекхамтэй барилдахаар дэвжээнд гарснаар чухам л арслан, барсын тулаан тэнд өрнөсөн байнам.

Тэд бие бие рүүгээ түрхрэн довтолж, түлхлэн дайрч, харилцан шидэлцэж, зайлж бусгаж, бяр хүч барагддагийг огоорсон мэт арсалдан тэмцэлдсэн агаад энэхүү тулаанд тал нутгийн зориг, зүрх чанга, бие, бяр тэнцүү тэнгэрлиг эрийн хана хэрэм мэт зогсолт, ааг бяраар түрэмгийлсэн довтолгоо, нугарч цуцашгүй хурдыг тогтоож, зогсоож хүчрэхээ больсон Т.Пекхам аргагүйдэн 3:1-ээр ялагдсан бөлгөө.   

Ийнхүү гавьяат тамирчин Жигжидийн Мөнхбат олимпийн мөнгөн медалийг Монголын тамирчдаас анх хүртэж, Мехикогийн тэнгэрт эрдэнийн соёмбо үсэгт төрийн далбаагаа намируулсан л. 

Улс, тив, дэлхийн дэвжээ дамжин барилдаж, газар газрын ширүүчүүлтэй үзэж алдаж, үзүүр түрүү булаалдаж явсан, хийморь хөлөглөсөн энэ домогт хүчтэн Монголын спортын түүхэнд хэзээ ч үл мартагдах, хэзээ ч үл давтагдах гайхамшигт олон анхдагч амжилт тогтоосны ердөө л нэгээхэн нь энэ.

Тэрбээр  Мехикогийн олимпийн босго жил буюу 1967 оны гал шар намар Энэтхэгийн Шинэ Дели хотоос дэлхийн аваргын хүрэл медальтай Буянт-Ухаад бууж байв.  

Энэ хүрэл, монгол хүний эр бяр, ухааны шандас зааж дэлхийн аваргын дэвжээнээс хүртсэн медалийн анхных нь.

Энэ хүрэл, монголчуудын барилдаж, уралдаж, цэц мэргээ сорьж, “нударга зөрүүлж” дэлхийн аваргын дэвжээнээс цуглуулсан медалийн ууган нь.

Тэр бас, билгийн улирлын хаврын тэргүүн цагаан сарын шинийн нэгэнд зориулсан үндэсний бөхийн барилдаан 1963 он буюу XVI жарны усан туулай жил анх болоход магнайлсан хүчтэн.

Тэр бас, дэлхийн дэвжээнээс медаль хүртсэнээрээ гавьяат тамирчин цолыг 1967 онд Монголын чөлөөт бөхчүүдээс анх гардсан алдартан.

Тэр бас, олимпийн үзэл санааг өөрийн оронд түгээн дэлгэрүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэснээрээ Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгчийн нэрэмжит “Olympic Trophy” цомыг монголчуудаас анх хүртсэн гавьяатан.

...Адуу янцгааж, агийн үнэртэй пансан салхи хөөмийлж хөхөртсөн сайхан нутаг, Төв аймгийн Эрдэнэсантад төрж, өсч, 1958 онд 17 настайдаа сумынхаа наадамд барилдан дөрөвт үлдэж, 1959 онд үзүүрлэж, 1960 онд түрүүлчихээд 1961 оны улсын их баяр наадамд анх зодоглохдоо улсын заан цолтой барилдсан бөх бол Ж.Мөнхбат.

Ардын хувьсгалын түүхт 40 жилийн ойн өмнөхөн болсон Монголын бүх ард түмний спартакиадын үндэсний бөхийн барилдаанд түрүүлж заан цол хүртсэнээрээ улсын наадамд огт барилдаж үзээгүй байхдаа улсын цол авчихсан сонин тохиолдлын эзэн бол Ж.Мөнхбат. 

Үндэснийхээ их баяр наадамд зургаан удаа (1963, 1964, 1965, 1966, 1967, 1974) магнайлж, дөрвөн удаа (1972, 1975, 1978, 1980) үзүүрлэж, 13 удаа шөвгөрсөн харьшгүй хүчит энэ алдарт бөх улсад гурван жил дараалан түрүүлж байж аваргын алдарт хүрсэн байдгийм билээ.

1965 он. 

Наадмын өмнө… Улсад хоёр түрүүлчихсэн ирлэсэн тонгорог шиг хурц арслан Ж.Мөнхбатын галын ойролцоо улсын арслан “Хужаа” хэмээх Ө.Чүлтэмсүрэн гуай морь уясан шиг. Идэр арслан Мөөеө тэднийд байн байн очиж яриа дэлгэсэн шиг. “Хөл аваад хөөж байгаа бөхийн өрөөсөн нүдийг таглавал зогтусдгийм”. Өвгөн арслан ийн зөвлөсөн шиг, залуу арслан идэвхтэй сонссон шиг. 

Наадмын өдөр… Өчигдөрхөн л торгон ногоон дэвжээ дүүрэн хөшилдөн ханхалзаад байсан өнөөх 512 хүчтэний 510 нь хаашаа алга болчихсон юм, бүү мэд.

Учраа бүрээ намнан түрүү булаалдахаар үлдсэн хоёр хүчтэн эгнэн зогссон засуулуудаа хялганын шивээ шиг ханаруулан гарч ирэв. Өдөр ирэх бүр бие нь чангарч, бяр нь нэмэгдэх болсон залуу заан Хорлоогийн Баянмөнх ганцхан ухасхийж Ж.Мөнхбатын хөлийг шүүрээд хөөчихөж.

Дэнжигнэтлээ хөөгдөж явсан Мөөеөгийн тархинд гэнэт “Хужаа” арслангийн “нүд таглах” зурсхийн орж ирүүт самбаачлан учраагийнхаа нүүрийг алгаараа хаатал  үнэхээр л зогтусч, мань эр ч дагуулаад гар аччихаж. Өвгөн арслангийн үг халхын нэгэн сайхан аварга төрөхөд ийн газарчилсан гэнэм.

Мөөеө аварга улсад барилдах болсон цагаасаа л наадмын бэлтгэлээ Сонгинохайрханы өвөр, нөмөрт базааж, хур хүчийг хуримтлуулж ирсэн аж. Анх түрүүлэхдээ ч, Сүхбаатарын одонтой болохдоо ч, Хөдөлмөрийн баатрын алтан таван хошуу зүүхдээ ч аанай л тэнд байж. Туулын усны зөөлөн үнэрийг биедээ шингээж өнгө ордог байж. Уулаа түшсэндээ, усаа шүтсэндээ аз хийморьтой явсан гэж сүсэглэнэм. 

Харин одоо тэр өөрөө холдоо бараатай, хавьдаа нөмөртэй нэгэн сайхан уул, их ерөөлт баян буурал хангай болсон байнам. Алгыг нь дамжиж, хормой, бэлийг нь ноолж өссөн отгон хүү М.Даваажаргал нь Японы мэргэжлийн сүмогийн дэвжээнд алдраа дуурсган арлын орны далай олныг шуугиулж явна. 

Уулын нөмөр сайхан. Сайхан нөмөртэй уул байх бүр ч сайхан билээ.