Д.ЖАВХЛАН

Урлаг соёл, улс төр, бизнесийнхний дунд өрнөсөн паурлифтингийн нөхөрсөг тэмцээн болов. Энд тодотгоход мэргэжлийн бус сонирхогчдын тэмцээн шүү.  Салбартаа амжилттай яваа 12 эрхэм паурлифтингийн хэвтээ түлхэлт болон суулттай гэсэн хүчний хоёр төрөлд өрсөлдлөө.

Улсын Их Хурлын 76 гишүүнийг төлөөлж ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг, ҮХАА-н сайд Х.Баттулга, УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар нар хүчний спортын төрөлд нэлээд шуугиан тарив. Учир нь тэд өнгөрсөн бямба гаригийн орой алтны магнат гэгддэг “Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаяр, “Тужийн төгөл” компанийн захирал Б.Батдорж, нийтлэлч, эдийн засагч Б.Жаргалсайхан, “Нова” компанийн захирал Б.Бямбасайхан нартай хүч сорьсон. Тэдэнтэй мөн урлаг соёлын салбарын дөрвөн төлөөлөл өрсөлдсөн юм. Төрийн соёрхолт дуучин Д.Болд, “Шар айраг”-ийн Г.Ганхүү, УДЭТ-ын жүжигчин Г.Эрдэнэбилэг, сэтгүүлч Э.Амарсайхан хүч үзэв. 

Ерөнхий шүүгч Д.Мөнхбатыг хонх цохисны араас Төрийн соёрхолт дуучин Д.Болд эхний захиалгаа 50 кг-аас эхлүүлсэн юм. Дараа нь багийн хоёр дахь гишүүн Г.Ганхүү туухайн жинг 20 кг-аар өсгөж 70 кг-ыг төвөггүй шахаж байна лээ. Тэрээр энэ жил 48 нас хүрч буй. Бэлтгэл тааруу хийснээс энэ удаа амжилт гаргаж чадаагүй гэдгээ бидэнд дуулгалаа.

Тэдний багт багтсан сэтгүүлч Э.Амарсайхан ч энэ спортод шаггүй гэдгээ харуулаад авлаа. 10 кг-аар ахиулж 80 кг-д мөн л амжилттай түлхэж харагдав. Улмаар тус багийн отгон оролцогч жүжигчин Г.Эрдэнэбилэг захиалгаа 140 кг хэмээн өгөхөд хурсан олон гайхаж хоцров. Энэ бол түүний эхний захиалга юм. Үзэгчид түүний энэхүү зоримог үйлдэлд халуун алга ташилтаар урам хайрласан. Үүний хариуд жүжигчин Эби 140 кг-ыг торох зүйлгүй түлхэв.

Дараа нь улстөрчдийн баг тайзанд гарч ирэх байлаа. Гэвч ирц хүрээгүй гэх шалтгаанаас түр хойшлуулах хүсэлт гаргав. Үүнд бусад багийн гишүүд дурамжхан байх шиг болно лээ. Хэсэг ярилцсаны эцэст бизнесийн багийн дөрвөн гишүүн  даалгавраа биелүүлэхээр тохирчээ. Энэ багийн эхний оролцогч “Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаяр 100 кг-ыг өргөх болсноо мэдүүлжээ. Түүнийг туйван түлхэхийн өмнө багийнхан нь болоод спортын ордонд ирсэн үзэгчид ихэд дэмжиж байлаа. Энэ спортоор олон жил хичээллэсэн түүнд 100 кг тийм ч хүнд биш аж. Ядах юмгүй шахчихав.

Улмаар энэ тэмцээний хамгийн ахмад оролцогч эдийн засагч Б.Жаргалсайхан тус багийн хоёр дахь оролцогч байв. Тайз руу гүйсээр орж   ирлээ. 56 насыг шүргэж буй гэхэд их л хөнгөн шингэн байна шүү хэмээн өрсөлдөгч багийнхан нь сайшаалын үг нисгэж байна.

Тэрээр паурлифтинг болон хүндийн өргөлтийн спортод 22 жил зүтгэсэн нэгэн. Эдийн засагч Б.Жаргалсайхан 90 кг-ыг захиалжээ. Гэвч түлхэлт амжилтгүй болов. Энэ түүний багтаа оруулсан эхний бөгөөд сүүлийн өргөлт байлаа. Бэртэл нь сэдрэх шиг болно лээ. Ингэснээр багийн гурав дахь гишүүн Б.Батдорж биеэ халаах зуур дасгалжуулагч М.Батсайхан нь 110 кг хэмээн мэдүүлэв. Яагаад гэвэл түүний багийн эхний оролцогч даалгавраа амжилтгүй хийсэн тул тэрээр оноо нөхөх тактиктай туйвангийн хэмжээг нэмж буй бололтой. Эхний түлхэлт болоод тэр үү нэлээд зуунги шахсан ч шүүгчид тооцжээ. Тус багийн сүүлийн тамирчин Б.Бямбасайхан мөн л шарх нөхөн тактикаа амжилттай үргэлжлүүллээ.

Ингэж байтал Улс төрийн багийн ирц бүрдлээ. ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгт салхи хагалах эрх ногдов. Тэрээр 120 кг-ын хүнд төмрийг тоглоом шиг л түлхэж, бүр хэд хэдэн удаа давтав. Түүний хувьд Монголын паурлифтингийн холбооны ерөнхийлөгч бөгөөд энэ тэмцээний түрүүлэх өрсөлдөөнд нэр нь дээгүүрт бичигдэж байсан юм. Энэ дуулиан намжаагүй байхад ҮХАА-н сайд Х.Баттулга 130 кг хэмээн өрсөлдөгч багийнхныхаа зүрхэнд шар ус хуруулж байлаа.

Их спортын гавьяат маань мөн л даалгавраа амжилттай биелүүллээ.

Улстөрчдийн багийн дараагийн тамирчин УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар хаширлаж 70 кг-аас түлхэлтээ хийв. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн 100 кг-д амжилттай түлхэж эхний үед давамгайлж эхэллээ. Цээжний түлхэлтийн хоёр дахь тулаанд урлагийн багаас Г.Ганхүү өрсөлдөөнөөс гарч, улстөрчдийн багаас Б.Гарамгайбаатар сүүлийн түлхэлтээ 100-д түлхэн цааш оролцох боломжгүй гэдгээ мэдэгдсэн.

Харин урлагийн багийн отгон тамирчин сэтгүүлч Э.Амарсайхан захиалгаа 120 кг болгон нэмсэн ч түүний хоёр дахь оролдлого бүтэлгүйтэж орхив. Энэ үеийн хамгийн өндөр захиалгыг жүжигчин Эби 150 болгон өрсөлдөөнийг улам хурцалсан бол Ч.Сайханбилэг түүнээс дутахгүй гэдгээ харуулж 140 кг-ын ард мөн л түвэггүй гарч чадав. Түүний багийн анд ҮХАА-н сайд Х.Баттулга туухайн жингээ 130-д хүргэж хошуучлагчидтай эн зэрэгцэх амжилт гаргасан нь тэмдэглүүштэй хэрэг.

Алтны магнат Ц.Мянганбаяр ч мөн гандан буурахгүй өмнөх амжилтаа бататгаж 10 кг-ыг нэмж захиалан 120-д хөнгөн түлхээд авсан.

Таван үеийн нийлбэр дүнгээр Ч.Сайханбилэг, Х.Баттулга, Төрийн соёрхолт дуучин Д.Болд, жүжигчин Г.Эрдэнэбилэг, бизнесийн багийн ганц дайчин Б.Батдорж нар медалийн төлөө шалгарч үлдлээ. Цээжний түлхэлтийн эцсийн дүнгээр жүжигчин Г.Эрдэнэбилэг 180 кг-ыг шахаж алтан медаль хүртлээ.

Харин түүнтэй бүх үеийн турш ширүүн өрсөлдсөн Ч.Сайханбилэг 175 кг-ыг шахан мөнгөн медаль авлаа. Хошуучлагчдын араас нэхсэн Х.Баттулга, Д.Болд, Б.Батдорж нараас ҮХАА-н сайд Х.Баттулга 160 кг-д амжилттай түлхэн хүрэл медалийн тавцанд зогсч чадлаа. Өрсөлдөгч нар нь түүний мөрний бэртэл сэдэрчих шиг боллоо хэмээн ярьж байсан юм. Түүнтэй өрсөлдсөн Д.Болд 140 кг, Б.Батдорж 140 кг-ын тус тус амжилттай шахаж удаалав.

Амжилттай оролцсон тамирчдад медаль, өргөжлөл гардуулсны дараа 10 минутын сэргэлт авах хугацааг ерөнхий шүүгч танилцууллаа. Учир нь дээрх тамирчид дараагийн сорилго болох суулттай шахалтын төрөлд мөн хүч үзсэн юм.

Есөн тамирчин оролцсон уг төрөлд УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар эхэлж суулт хийх болсон. Тэрээр эхний оролдлогоороо 70 кг-д амжилттай сууж багтаа оноо нэмэрлэв. Түүний амжилтыг бизнесийн багийн эхний оролцогч Б.Жаргалсайхан давтаж 70 кг-д амжилттай суулаа. Мөн урлаг соёлын багаас Э.Амарсайхан 20 кг-аар ахиулж 90-ын туйванг төвөггүй босгов.

Улстөрчдийн ба­гийн ли­дер тамирчин Ч.Сай­хан­билэг 140 кг-д мөн л ядах юмгүй дасгалаа амжилттай хийж гүйцэтгэв. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн энэ дасгалд ганцхан за­хиал­гаа хийж тэмцээнээ өндөрлүүлсэн. Тэрээр 100 кг-д сууж багтаа оноо нэмэрлэсэн билээ. Харин жүжигчин Г.Эрдэнэбилэг эхний дасгалаа 130 кг-аас эхлүүллээ. Түүнийг энэ төрөлд мөн л Ч.Сай­ханбилэгтэй финалд үлдэх болов уу хэмээн үзэгчид битүүхэн таавар дэвшүүлж байлаа.

Урлаг соёлын багийн ачааны хүндийг амжилттай биелүүлсэн дуучин Д.Болд хүрэл медаль авах нь тодорхой болсон ч өмнөх захиалгаа дахин хийж үзэхээр шийджээ. Оролдлого амжилтгүй бол­сон ч байдал хэвээрээ. Ялагч нь тодорхой болсон тул  Ч.Сайханбилэг гишүүнд үзэгчид алга ташин баяр хүргэж бай­лаа. Түүнтэй бүх үеийн турш хүчтэй өрсөлдөгч байж чадсан бизнесмэн Б.Батдорж 200 кг-ыг шахсан үзүүлэлтээр мөнгөн медалийн тавцанд зогсов. Хамгийн сүүлд тэмцээний нийлбэр дүнгээр улс төрчдийн баг тэргүүлсэн бол урлаг соёлынхон дэд байр эзлэв.