Д.ЖАВХЛАН

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрынхан Португалийн нэртэй балетмэйстер Хьюго Вераг урьжээ. Тэрээр ирэх сарын 14-16-нд УДБЭТ-ын тайзнаа “Диваажин энд байна” бүжгэн жүжгийг манай уран бүтээлчидтэй хамтарч толилуулахаар зэхэж байна. Түүнтэй ярилцсанаа хүргэж байна.  

-Та дэлхийд алдартай “Диваажин энд байна” модерн бүжгэн жүжгийг манай үзэгчдэд хүргэж буй анхны балетмэйстер. Өөрийн чинь дэглэх энэ бүтээлд тоглох уран бүтээлчдийг хэрхэн сонгосон бэ?

-Сонгодог урлаг, тэр дундаа бүжгэн жүжигт тоглох дүрийг сонгох амаргүй.

Балетмэйстер хүн бүжгийн зохиолтойгоо танилцах үедээ гол болон туслах дүр, тайз, бүжигчдийн хувцас гээд бодох зүйл мундахгүй. Би танай оронд жил гаруйн өмнө ирж байлаа. Тэр үеэс эхлэн “Диваажин энд байна” бүжгийн гол дүрийг ямар жүжигчин арай илүү гаргаж, надтай холбоотой ажиллах бол хэмээн хайж явсан хэрэг.

-Тэгээд гол дүрийнхээ жүжигчнийг олсон уу?

-Олсон. Монголын балетын мундаг бүжигчдээс сонголт хийнэ гэдэг амаргүй юм билээ. Гол дүрийн дөрвөн баатарт ХБНГУ-д ажиллаж, амьдарч буй Д.Одсүрэн, гоцлол балетчин Б.Саруул, Э.Эрдэнэжаргал, Б.Батчимэг нар тоглоно. Тэдэнтэй хамтарч уран бүтээл хийх болсонд баяртай байна. 

-Монголд бүжгэн жүжгийн урлаг үүсч хөгжөөд хагас зуун жил болсон. Таны дэглэх модерн урсгалд тоглох бүжигчдийн ур чадвар ямар төвшинд байна?

-Хүн амьдралаас өдөр бүр суралцдаг. Сурахын хэрээр туршлагаждаг байх. Монголын бүжигчид модерн урсгалд тоглож байгаагүй гээд хойш суугаад байвал магадгүй хагас зуун жилийн дараа энэ хэвээр үлдэж мэднэ. Дэлхий нийтээр модерн урсгал руу цувж байна шүү дээ. Энэ урлагт өөрийн гэсэн баялаг түүхтэй ард түмэн балетаа улам баяжуулж явах хэрэгтэй. Даяаршлын эрэн зуунд хүн төрөлхтөн урлагаа улам сайжруулж авч үлдэхгүй бол эрлийзжиж, цаашлаад мөхөж мэднэ. Гэхдээ балет мөхтлөө удна. Өнөө цагт Европ хүнд халуун дулаан харьцаа үгүйлэгдэх боллоо хэмээн хэвлэл мэдээллээр ярих болж. Аргагүй шүү дээ. Тэд хөгжил, дэвшлээс өөр тийш харж чадахгүй явсаар энэ зам руу унасан. Үүнээс гарах зам бол урлаг. Европчууд монголчуудын элгэмсэг, нөхөрсөг зан чанараас суралцах цаг иржээ. Хүний үнэн төрх, мөн чанар гэдэг ховордсон зүйл. Гагцхүү монголчуудад үлдсэн бололтой. Монгол руу үе үе ирэх шалтгааны нэг нь энэ. Би удалгүй эх орондоо очсон. Гэр бүлийнхэн маань миний өөрчлөгдсөнийг гайхаж байна. Яагаад ч юм Монгол руу ирэх хүсэл үргэлж төрдөг. Тиймдээ ч Монголын балетчдын ур чадвар улам хөгжиж, дэлхийн тайзнаа улам олуулаа болно гэж боддог. Монголын балетчдын сургалт, бүжиглэх арга барил надад таалагддаг. Монголын балетчидтай хоёр жил хамтарч ажиллах боллоо. Надаас шалтгаалах зүйл байвал туслахад бэлэн. 

-Та балетын өрнөлийг нэлээд эвдэж, задгай дэглэлт тавина гэв үү?

-Балет гэдэг урлаг өөрөө модерн, сонгодог гээд олон урсгалтай. Үүнийг тордож, арчлаад байвал урт настай урлаг юм. Хүн төрөлхтөн байгаа цагт балет байсаар байх болно. Балетыг үнэн сэтгэлээсээ үзсэн хүн тухайн бүжгээс сэтгэл хөдлөл, уярал хайр, баяр гунигийг мэдэрдэг. Балетыг анх удаа үзсэн хүнд үл ойлгогдох ертөнц, зөгнөл ч гэмээр хачин жигтэй зүйл олон харагдаж мэднэ. Үүнд л модерн урлаг оршиж байгаа юм. Балетын модерн урсгал хүнд ойлгогдох албагүй. Хамгийн гол нь тухайн үзэгчийн оюуны таашаалд нийцэж, сэтгэл хөдлөлийг олон талаас нь хөндөж байж энэ урлаг оршиж байгаа юм. 

-Модерн урсгалаар зураг зурдаг уран бүтээлчдийн онгод их өөрөөр хөглөгддөг юм билээ. Харин модерн балетын балетмэйстеруудынх яадаг бол?

-Би Монголд ирээд шууд хөдөө явдаг. Хүн амьтангүй энэ зэлүүд орчин миний онгодын эх булаг юм болов уу. Тэндээс их сонин мэдрэмж төрдөг. Сая ирээд мөн л хөдөө явлаа. Монголын өвөл гоё юм. Байгалийн унаган төрхөө хэвээр нь авч үлдсэн та нараар бахархаж байна. 

-Балетын хорхойтнуудын хүсэн хүлээсэн мөч яг нэг сарын дараа тохионо. Энэ тоглолтод оролцох уран бүтээлчид өдөрт хэдэн цагийн бэлтгэл хийж байна?

-Балетын бүжигчид хөлс, хөдөлмөрөө урьдчилан дүгнүүлдэггүй. Тийм боломж ч гардаггүй. Хэчнээн сар, өдөр бэлдээд тайзанд гарсан ч тухайн бүжигчний сэтгэлийн хүч сул дорой байвал төлөвлөгөө нурна. Би лав тайзны ард их ядардаг. Бүжигчид тайзнаа тоглох тэр агшинд санаа бодол хаана явааг тааж хэлэх аргагүй. 

-Та “Диваажин энд байна” бүжгийг өмнө нь хэдэн удаа дэглэж байв?

-Анх удаа тоглох гэж байна. Монголчуудын модерн урлагийг хүлээж авах хандлага бусдаас арай өөр, их сонин. “Диваажин энд байна” бүжгэн жүжгээ Монголоос эхлүүлэхээр шийдсэн. 

-Та түрүүнд тоглолтын өрнөл хэсгийг багагүй өөрчилсөн гэлээ. Хэрэв гадаадын том тайзнаа “Диваажин энд байна” бүжгэн жүжгээ толилуулсан бол шүүмжлэгчдээс ямар хариу ирэх байсан бол?

-Урлаг шүүмжлэгчид байнга нэг өнцгөөс харж бичдэг. Тэр нь надад сонин биш. Тэд муулж байснаараа жинхэнэ мэдрэмжийг мэдэрдэг бол би ч мөн ялгаагүй. Өөрийн сэтгэлээс бүтсэн уран бүтээлдээ үргэлж “Ок” гэсэн үнэлгээ өгдөг. Хүн өөрийнхөө уран бүтээлийг далдаас магтаж, бусдаас өмөөрч байх нь нэг ёсондоо “вакцин” юм. Хэн ч өөрийн уран бүтээлийг муу үгээр норгохыг хүсэхгүй биз дээ.

-Шүүмжлэлийн үгс уран бүтээлчдэд сайнаар нөлөөлдөг гэж ярих хүнтэй олон таарсан?

-Эерэг шүүмжлэлийг бол харин ч хүлээж авна шүү.

-Тэгвэл Монголын үзэгчид таны дэглэсэн бүжгэн жүжигт ямар үнэлгээ өгөх бол гэж бодож үзсэн үү?

-“Диваажин энд байна” бүжгэн жүжгийг Монголд тоглох болсон нь тохиолдлын зүйл биш. Би гадны урлаг шүүмжлэгчдээс айгаад энд тоглосон ч юм биш. Харин ч Монголчуудын ХХ зуунд туулж өнгөрүүлсэн амьдрал нь бүжгэн жүжигтэй сал шгүй холбоотой гэж үздэг. Тиймээс сонгодог урлагийн өндөр мэдрэмжтэй бүхний өмнө шинэ бүтээлээ толилуулж байгаа нь нэр төрийн хэрэг юм.

-Монголын бүжгэн жүжгийн урлагийг хэр судалсан бэ?

-“Хунт нуур” гээд л эхлэнэ шүү. Би “Дон Кихот”-ыг олон удаа дэглэсэн. Тоглолтын өрнөлийг ч өөрчилж үзсэн. Хэрэв надад санал тавибал “Хунт нуур” бүжгэн жүжгийг  өөр тавилтаар үзэгчдэд хүргэх юмсан гэж боддог. Үзэгчид уйдамхай гэдгийг уран бүтээлч хүн мартаж болохгүй. Ямагт санаж явах ёстой алтан дүрэм гэж хэлэх байна. Тэднийг театр руу дуудах олон зам байдаг ч хамгийн чухал нь шинэчлэл.

-Ярилцсанд баярлалаа. Удахгүй болох тоглолтод тань амжилт хүсье?

-Баярлалаа.