Ч. ГАНТУЛГА

Офелиягийн дүрд А.Ганчимэг шалгарлаа

У.Шекспирийн “Гамлет” жүжгийн эмэгтэй гол дүр тодорлоо. Дэлхийн утга зохиолын ноён оргил болсон уг бүтээлийн  эмэгтэй гол дүр Офелиягийн дүрийг хэнд өгөх нь удаан хугацааны хүлээлт үүсгээд байсан юм. УДЭТ-ын зөвлөл  залуу уран бүтээлчдэдээ боломж олгох үүднээс сонгон шалгаруулалт зарласан. Харин шүүгчээр УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар, найруулагч Ч.Түвшин,  УДЭТ-ын ерөнхий зураач Ганхуяг, бүжиг дэглээч Төгсөө болон УДЭТ-ын утга зохиолын эрхлэгч Оюунтөгс нар ажилласан юм. Шалгаруулалтанд Драмын театрын студи ангийн жүжигчин Н.Баярмаа, М.Тогтохжаргал, жүжигчин Г.Отгонцэцэг, Д.Ганцэцэг, Т.Хулан, Б.Одончимэг А.Ганчимэг, Н.Цэнгэлжаргал, ХБНГУ-д жүжигчний мэргэжил эзэмшсэн залуу жүжигчин Г.Ариунболор нарын авьяаслаг бүсгүйчүүд ширүүхэн өрсөлдөв. 33 жилийн дараа дахин тавигдах гэж буй жүжгийн Офелиягийн дүрд Драмын театрын залуу жүжигчин А.Ганчимэг болон орлон тоглогч жүжигчнээр Д.Ганцэцэг нар сонгогдлоо. Чадварлаг 10 бүсгүйн өөр өөрийнхөөрөө ойлгож амилуулсан Офелиягийн дотоод ертөнц, үзэл бодол, тайзны тавилт  шинэлэг бас гайхалтай байж чадсан. Бүгд өөрсдийн гэсэн өнгө аяс, намба төрх, дотоод сэтгэлийг өөр өөр өнцгөөс нээж харууллаа. Залуу жүжигчин А.Ганчимэг  Офелиягийн өөрөө өөртэйгөө зөрчилдөх, дотоод ертөнцийг гаргасан бол жүжигчин Г.Отгонцэцэг түүний эрэмгий байдал гоо үзэсгэлэн сэтгэл хөдлөл зэргийг чадварлагаар бүтээжээ.