Б.БАРС

Дэлхийн хөгжмийн ертөнцөд сүүлийн хэдэн жилд хамгийн том тэсрэлт үүсгэсэн дуучин бол яах аргагүй Английн 25 настай дуучин бүсгүй Адель. Таван октав гаргадаг гайхамшигтай хүчтэй, гүн хоолойтойн дээр бусдыг өөртөө татах ер бусын чадвартай энэ бүсгүй шоу бизнест боломжгүй зүйлийг бүтээж чадсан шидтэн ч гэмээр. Юу гэвэл тэрээр хөгжмийн сүүлийн үеийн чиг хандлагыг үл тоомсорлон өөрийн өвөрмөц стилийг хүчээр моодонд оруулж чадсан нэгэн.

Аделийг рок-поп хөгжмийн хэвшмэл дүр төрхийг эвдсэн хувьсгалч гэх нь ч бий. Дуунуудаа өөрөө зохиодог тэрээр арваннайман насандаа шууд эхнийхээ дуугаараа тив тивийн сонсогчдыг байлдан дагуулж чадсан юм. Адель “Грэмми”, “MTV Awards”, “Оскар”, “Алтан бөмбөрцөг” гээд хөгжмийн төдийгүй киноны нэр хүнд бүхий шагналуудыг ч хамж амжсан билээ.

Адель Лори Блу Адкинс 1988 оны тавдугаар сарын 5-нд Английн нийслэл Лондоны Тоттенхем гэх ядуурал, ажилгүйдэл, гэмт хэргээрээ толгой цохидог дүүрэгт мэндэлжээ. Түүнтэй гоо сайхны алдарт “Vogue”сэтгүүлийн сурвалжлагч хэрхэн ярилцсаныг толилуулж байна.

-Таны ер бусын хоолой хэдэн жилийн өмнө сууж гайхамшигт Адель дахин дуулж чадахгүй гэх дуулиан дэгдэхэд үнэнч фэнүүд тань жинхэнэ шоконд орж билээ. Архи, тамхи хэрээс хэтрүүлэн хэрэглэж байгаад хоолойгоо “алсан” гэж үнэн үү?

-Тамхинаас одоо болтол бүрэн гарч чадаагүй ч согтууруулах ундаанд “баяртай” гэж хэлж дөнгөсөн. Нэг үе би Лондоны өмнөд дүүргийн паабуудын байнгын үйлчлүүлэгч байснаа хэнээс ч нуудаггүй. Хит болсон анхны дуунуудаа ч халамцуудаа зохиосон тухайгаа бишгүй ярьсан даа.

Сав л хийвэл архи ууж сэтгэлээ тайтгаруулдаг зуршлаасаа бүрмөсөн салж чадсан гэж бодож байна. Ер нь амьдралаасаа гашуун ундааг бүрмөсөн хөөсөн гэдэгт итгэж байгаа шүү. Үнэндээ хоолойгоо гамналгүй маш хэнэггүй явснаа дэндүү сайн ойлгосон доо.

-2011 оны эхний хагаст та бүгдийг шуугиулсан. Тэгээд гэнэт ор сураггүй алга болчихсон. Дэлхий дахины анхаарлыг татсаныхаа дараа ийм байдалд ороход хэцүү байв уу?

-Хоолойгоороо хоолоо олж иддэг хүн тийм байдалд орохоор хэцүү. Дэлхийг тойрсон аялан тоглолтоо цуцлахад хүрсэн шүү дээ. “21” цомгоо дэмжих сурталчилгааны аяны үеэр Парист анх удаа хоолой минь цуцаж билээ. Би шууд Лондон руу нисч эмчдээ үзүүлж хоолойны зохих арчилгаа хийлгэсэн. Гэтэл дараа нь АНУ-д тоглолт хийж байх үеэр дахиад л асуудал гарсан. Хэсэг хугацаа өнгөрөхөд эргээд гайгүй болсон ч багын найз бүсгүйн маань төрсөн өдрөөр эргээд сэдэрсэн юм. Ийм юм болно гэж зүүдлээ ч үгүй явсан юм чинь маш их уйлдаг байлаа.

-Тэгээд хоолойгоо яаж эмчилсэн бэ?

-Миний хоолой асуудалтай болсныг хүн бүр мэддэг болсон. Тэгээд олон алдартай дуучин нэгэн дуугаар АНУ-ын Бостон хотын эмч Стивен Зейтелст хандахыг зөвлөсөн юм. Энэ буянтай эмч л миний хоолойг эмчилж чадсан. Мэдлэг чадвараараа тасарчихсан мэргэжилтэн гэж түүнийг л хэлэх байх. Хагалгааны дараа би дээд өнгийг илүү итгэлтэй авдаг болсон нь үнэхээр гайхалтай.

-Таныг мэдэхгүй хүн энэ хорвоо дээр ховор болжээ. Одын амьдрал таалагддаг уу?

-Улаан хивсний ёслолыг үнэхээр үзэн яддаг. Эргэн тойронд баахан супер одод байхаар дотор яагаад ч юм муухайраад болдоггүй юм. Өөртөө итгэлгүйдээ биш шүү. Зүгээр л би ийм төрлийн хиймэл ч юм шиг арга хэмжээнд хэзээний дургүй. Үүний оронд багын найз охидтойгоо нийлэхийг илүүд үздэг.

-Тайзан дээр гарахдаа сандардаг уу?

-Маш их. Миний нүдэнд айдас тодордгийг үзэгчид харсан л байлгүй. Миний нэр хүнд өсөх тусам концертын танхимын хэмжээ ч нэмэгдэх юм. Би аварга том танхимд дуулахдаа үнэхээр сандардаг. Гэхдээ дуулж эхлэхийнхээ өмнө шүү. Нэгэнт дуулаад эхэлбэл би тэр чигтээ дуундаа шингэн ороод ойр хавьд юу болж байгааг тоохоо больдог.

-Та тайзан дээр бусад дуучидтай адил элдэв хөдөлгөөн хийдэггүй, бараг л мод шиг зогсоод гараараа л үе үе занган байж дуулдаг. Гэтэл үзэгчид таны тоглолтод соронз мэт татагддагийн нууц нь юунд вэ?

-Хүмүүс надаас асуудаг л даа. Таны дуулах стилийг юу гэж нэрлэх вэ гэж. “Зүгээр л зогсоод дуул” гэсэн стиль гэж би хэлдэг /Чангаар инээв/. Үнэндээ би тайзан дээр аль болох бага хөдлөх нь дээр гэж үздэг хүн. Хүнд үзүүлбэртэй шоу хийж дуулах хүн би биш. Уг нь надад бүжгийн үзүүлбэр энэ тэртэй сонирхолтой шоу болчихоор хэд хэдэн дуу бий. Гэхдээ тэдгээрийг би өөрөө дуулбал надад нэг л эвгүй. Учир нь би зүгээр л дуулахыг хүсдэг. Үүнд л таны тэр асуугаад байгаа нууц оршдог юм байлгүй дээ /Бүр чангаар инээв/.

-Гэсэн хэдий ч та ямар нэг далдын хүчээр үзэгч олонтойгоо үл харагдах сэжмээр холбогддог юм шиг санагддаг?

-Учир нь дуу зохионо гэдэг миний амьдрал. Би өөрт тохиолдсон бүхнээ дуунууддаа шингээж чин сэтгэлээсээ дуулдаг. “Someone Like You” дуугаа эхлэхэд л танхимд буй хүн бүр юуны тухай дуулж байгааг минь зүрх сэтгэлээрээ мэдэрдэг юм шиг надад санагддаг. Хүн бүрийн амьдралд баяр баясал, ганцаардал гунихрал байдаг шүү дээ. Би тэр гунихралыг нь илүү мэддэг болохоор илүү хүргэж чаддаг бололтой.

-Баяр баяслыг дуулах танд хэцүү гэсэн үг үү?

-Яагаад ч юм би гунихралыг илүү дүрсэлж чаддаг. Яваандаа баяр баясгалантай дууг ч бичиж сурах байлгүй дээ. Одоогоор чаддагаа л хүмүүст хүргээд явж байна.

-Та тайзан дээр дуулахынхаа өмнө дууныхаа утга учир, юуны учраас түүнийгээ зохиосон талаар маш хөгжилтэй ярьдаг. Хүмүүс үүнд дуртай бөгөөд бүгд л инээдээ барьж чаддаггүй. Та ер нь нэлээд шооч юм аа даа?

-Дунд сургуульд байхын л намайг шооч зантай гэдэг байж билээ. Үүнийгээ өөрөө сайн мэддэггүй байсан. Тайзан дээр гарсныхаа дараа л төрөлхийн хошин шогийн мэдрэмжтэйгээ бүүр түүрхэн ойлгосон гэх үү дээ. Тэгээд ч хүмүүс инээдтэй юм ярьсан яриагүй инээдэг юм. Миний содон аялга тэртээ тэргүй үзэгчдийн элгийг хөшөөдөг бололтой.

-Хэдий тийм ч таныг алдаршуулсан “19”, “21” цомгууд хайртай хосын хагацлын тухай өгүүлдэг. Зүрхийг тань тэгтлээ шархлуулсан эрийг танаас арван насаар ах гэдгийг л хүмүүс мэднэ. Сайн нууцалж байна даа?

-Илүүг мэдмээр байна уу /Мөн л чангаар инээв/. Тэр хүн үнэндээ мундаг ч бид хоёрын харилцаа юунд ч хүрэхгүй нь эхнээсээ ойлгомжтой байсан. Би түүнд ямар ч нөхцөлд талархах ёстой. Чухам тэр эр л энэ хоёр цомгийг бичих онгодыг надад хайрласан. Одоо би өмнө нь мөрөөдөж ч зүрхэлдэггүй байсан зүйлийг хийх боломжтой боллоо шүү дээ. Гэтэл хэрэв түүнтэй учраагүйсэн бол 18 настай юу ч мэдэхгүй тэнэг охин хэвээр л үлдэх байсан биз. Хамгийн гол нь юу гээч.

-Харин юу юм бол?

-Түүнтэй учрахаас өмнө би юу хүсч байгаагаа ч мэддэггүй байсан. Харин одоо өөрөөсөө ч, өрөөлөөс ч юу хүсдэгээ маш сайн ойлгодог болсон. Энэ чинь амьдралд хамгийн чухал мэдлэг юм бус уу.

-Тантай инээж хөөрөлдөж суухад дууны баатруудаасаа тэс өөр сэтгэгдэл төрүүлэх юм?

-Тийм байгаа биз. Хүн бүр тэгдэг юм. Дэндүү чалчаа, хээгүй санагдав уу. Намайг нэг их зовж шаналсан бүсгүй гэж хүмүүс төсөөлдөг шиг байгаа юм. Гэтэл би дуунуудынхаа баатруудаас тэс өөр хүн шүү дээ..

-Та хэсэг зуур уран бүтээлээсээ хөндийрсөн нь хүүхэд төрүүлсэнтэй холбоотойг хүн бүр мэднэ?

-Хүү маань үнэхээр хөөрхөн. Эмэгтэй хүн бүр ээж болох энэ давтагдашгүй мэдрэмжийг хүртээсэй. Үгээр илэрхийлэхийн аргагүй зүйл бол энэ юм билээ.

-Таны дараагийн уран бүтээл юуны тухай байх бол?

-Ямар ч байсан хагацал гунихралыг магтан дуулсан шулам байж ханасан /Инээв/. Одоо илүү гэгээлэг зүйл хийнэ. Амлая.

-Ойрын ирээдүйн төлөвлөгөө гэвэл?

-Дахиад хүүхэдтэй болох. Гэхдээ энэ бол одоогоор зүгээр л төлөвлөгөө шүү.