1957-2007
Н.БАТМӨНХ
Д.Баяраа Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат үндэсний бөхийн Далай даян, даяар дуурсагдах дархан аварга, улсын гавьяат жүжигчин Дарийн Дамдины хүү болон улаагчин тахиа жил буюу 1957 оны долдугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төржээ. Д.Дамдин аварга хүүгийнхээ төрсөн өдөр, улсын баяр наадамд хоёр дахь удаагаа түрүүлж баяр дээр баяр нэмсэн өлзий учрал бүрдсэн учир хүүдээ Баяраа гэсэн нэр хайрласан гэдэг. Дамдин аварга хүүгээ 11 сартай байхад өөрийнхөө төрсөн газрын уул, ус, газар шороон дээр нь хүүгээ өсгөвөл алсдаа сайн бөх болно гэсэн аваргын итгэл үнэмшил байсан ч байж болох юм. Д.Баяраа хүү Дарь эмээтэйгээ өсөж том болтлоо хамт байж цэрэгт явтлаа Цагаан-Үүр суманд байдаг модны үйлдвэрт ажиллажээ. Цэргийн албанд татагдаж, автын ангид алба хаагаад дараа нь “Алдар” нийгэмлэгт тамирчин болжээ. Д.Баяраа цэргийн алба хааж байхдаа чөлөөт бөхөөр голдуу хичээллэж байлаа. Тэрээр 1977 оны армийн үндэсний бөхийн аварга шалгаруулах барилдаанаас цэргийн начин цол, 1978 онд цэргийн заан цол, 1979 онд цэргээс халагдах жилээ цэргийн арслан цол тус тус авчээ.
Д.Баяраа анх 1977, 1978 онуудын улсын баяр наадамд цэргийн начин, заан цолтой зодоглож доогуур даваанд унажээ.
1979 оны улсын баяр наадмын гурвын даваанд аймгийн арслан Д.Нанжид, дөрвийн даваанд улсын начин И.Найдан, тавын даваанд улсын аварга Ч.Бээжин нараар тав давж 22 насандаа улсын начин цолыг авчээ.
1984 оны улсын баяр наадамд тав давж өсөх идэр чимэг.
1986 оны улсын баяр наадамд зургаа давж шаламгай хурц чимэг.
1988 оны улсын баяр наадамд долоо давж 32 насандаа Монгол Улсын заан цол авчээ.
1989 оны улсын баяр наадамд тав давж улам нэмэх чимэг.
1990 оны Монголын нууц товчооны 750 жилийн ойн номын баярт зориулсан хүчит 768 бөхөөс найм давж гуравт үлдэж үлэмж бадрах чимэг.
1991 оны улсын баяр наадамд зургаа давж саруул сайжрах чимэг.
Д.Баяраа заанд үндэсний бөхөөр амжилттай сайн барилдсан учир Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2004 оны аравдугаар зарлигааар улсын гарьд цолыг нөхөн олгожээ. Тэрээр 1981, 1982, 1987, 1990, 1993, 1994, 1996, 1997, 1998, 2000 онуудын баяр наадамд дөрөв давж цэргийн арслан д.Дашжамц, улсын заан Ё.Ишгэн, Б.Бат-Эрдэнэ, цэргийн арслан Т.Нармандах, аймгийн арслан А.Сүхбат, М.Чимэддорж, Б.Бадрал, Б.Адъяахүү, Н.Баттулга, залуу бөх Ц.Гэрэлт-Од нарт,
1980, 1985, 1995, 1999, 2001 онуудын баяр наадамд гурав давж улсын начин Ц.Ванчигцэрэн, залуу бөх Ло.Энхбаяр, цэргийн заан Г.Чулуундаваа, цэргийн арслан Ц.Цэрэнчимэд, аймгийн арслан Г.Олзгэрэл нарт,
1983, 2002, 2006 онуудын баяр наадамд хоёр давж аймгийн арслан С.Намхай, залуу бөх О.Цэрэндаваа, аймгийн арслан Б.Ганбаатар нарт тус тус өвдөг шорооджээ. Мөн 1992, 2003, 2004, 2005 онуудын баяр наадамд зодоглоогүй юм. Д.Баяраа гарьд бөхийн чөлөөт барилдаанаар олон жил тогтвортой барилдаж өөрийн жиндээ ах, дүү армиудын болон олон улс, тив, дэлхийн тэмцээнүүдэд алдар нэрээ дуурсгаж явсан олон улсын мастер цолтой бөх юм. Д.Баяраа гарьдын уугуул нутгийн бөх улсын аварга Ж.Цэвээнравдан агсан дурсахдаа “Чөлөөтийн нэг жинд олон жил барьчихаагүйсэн бол үндэсний бөхөөр илүү амжилт гаргах боломж байсан” гэжээ.
Д.Баяраа гарьд сэрвүү барилдаантай бөх бөгөөд баруун, зүүн хөл авах, хонгодох, давхар хамах, суйлах, золгонгуутаа зүүн хутгах мэхүүдийг чадмаг хийдэг бөх байлаа. Д.Баяраа гарьд гэнэтийн ослоор харамсалтайгаар 2007 онд насан эцэс болжээ. Д.Баяраа гарьд гурван охин, нэг хүүтэй байлаа. Хүү Б.Төрмагнай нь 2011 оны Хөвсгөл аймаг байгуулагдсны 80 жилийн ойн баяр наадамд барилдсан 512 бөхөөс улсын начин М.Эрдэнэбатаар зургаа давж аймгийн харцага цол аваад бөхийн өргөөнд болдог барилдаануудад зодоглож өвөө аав, аавынхаа нэр алдрыг дуурсгасаар явна.