Хавдар судлалын үндэсний төвийн Цээжний хөндийн мэс заслын тасгийн их эмч С.Хүрэлбаатартай ярилцлаа.
-Хөхний хавдар гэж юу вэ. Юунаас болж үүсдэг юм бол. Энэ талаар яриагаа эхэлье?
-Хөхний хорт хавдар нь дэлхийд эмэгтэйчүүдийн хавдрын нас баралтын хоёр дахь шалтгаан болдог. Хөгжингүй орнуудад илүү их тохиолдож байна. Монгол Улсад зонхилон тохиолдох хавдрын тавдугаарт ордог. Хөх нь тус бүр 15-20 ширхэг хэлтэнгээс бүрдэх хос сүүний булчирхай юм. Хэлтэнгүүд нь хэлтэнцэр хэмээх жижиг хэсгүүдээс бүрдэх ба түүнд сүү үүсч сүүний цоргоор гадагшилна. Хөхөнд мөн цус, тунгалгийн судас байх ба тунгалгийн шингэн хөхний эдийн ойролцоо суга, эгэмний дээрх тунгалгийн зангилаанд цутгана.
Хөхний хэвийн эс, эдүүд нь янз бүрийн хүчин зүйлийн нөлөөгөөр хорт хавдрын гаж эсүүд болон хувирч хөхний хорт хавдар үүсгэдэг. Эдгээр хорт хавдрын эс нь биеийн бусад эд, эрхтэнд тархдаг. Насны хувьд 25-80. Нас ахих тусам өвчлөх эрсдэл нэмэгддэг. Ихэвчлэн 45-60 насанд их тохиолдож байна. Хөхний хавдар үүсэх эрсдэлт хүчин зүйл гэж бий.
-Тухайлбал, ямар эрсдэлт хүчин зүйл байна вэ?
-Гармоны буруу хэрэглээ, жирэмснээс хамгаалах эмийг удаан хугацаагаар уух, хөхөөр хооллохгүй байх, архи, тамхи, таргалалт, удамшил, цэвэршилт, гармоны өөрчлөлт байна. Цэвэршилт хожуу явагдах тусам хөхний эдүүд эстроген дааварт удаан өртөнө. Эстроген нь хүний биед үүсдэг эм бэлгийн даавар юм. Сарын тэмдэг тогтмол ирдэг нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд эстроген дааврын цусан дахь төвшин их байдаг. Цусанд эстроген дааврын төвшин их байх нь хөхний хорт хавдар үүсэх эрсдэл болно.
Хожуу буюу 35-аас дээш насанд жирэмслэх эсвэл огт жирэмслэхгүй байх нь жирэмсний турш цусанд эстроген дааврын төвшин бага байдаг. Цэвэршилтийн дараа эсвэл хоёр өндгөвчөө мэс заслаар авахуулсан эмэгтэйчүүдэд даавар эмчилгээ хийдэг. Мөн цээжний хөндийн эрхтэний хавдрын улмаас туяа эмчилгээ хийлгэж байсан хүмүүст эмчилгээнээс хойш 10 ба түүнээс дээш жилийн дараа хөхний хорт хавдар үүсэх магадлалтай ч энэ нь эмчилгээ хийлгэсэн нас, туяа эмчилгээний тун, хэмжээнээс хамаарна. Умай, өндгөвч, хөх нь эмэгтэйчүүдийн гармоноор зохицуулагдаж явдаг эрхтэн.
-Бүсгүйчүүд маань эстроген дааврын төвшинг бууруулахад юуг анхаарах ёстой вэ?
-Судалгаанаас харахад 20 наснаас өмнө жирэмслээд хүүхдээ бүрэн тээж төрүүлсэн эмэгтэйд эрсдэл бага байсан. Мөн жирэмслэлт, төрөлтийн дараа хүүхдээ хөхөөр хооллох нь цусан дахь эстрогений төвшинг бага хэвээр нь барьдаг. Өндгөвчөө мэс заслаар авахуулах нь эрсдэлийг ихээхэн бууруулна. Учир нь биед үүсэх эстрогений дийлэнх нь өндгөвчинд үүсдэг.
-Ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
-Хавдрын үед хөхөнд эмзэглэл багатай үүсгэвэр тэмтрэгдэх, хөхний товч орчмоор байнга загатнах, бижрүү туурах, хөхнөөс цусархаг эсвэл хэвийн бус шингэн зүйл ялгарах, хөхний арьс зузаарч, хавдах, арьсанд үрчлээс, атираа, хонхойх зэрэг өөрчлөлт гарах, хөхний толгой дотогш татагддаг. Хөхөнд янз бүрийн шинж тэмдэг илэрч байна гэдэг нь хавдар хожуу шатандаа орж байна гэсэн үг.
-Хөхний хавдрыг хэрхэн оношлож, ямар эмчилгээ хийдэг вэ?
-30-аас дээш насны эмэгтэйчүүд сар бүр сарын тэмдэг ирж дууссанаас хойш долоо хоногийн дараа хөхөө өөрөө шинжиж, ямар нэг эмгэг өөрчлөлт байвал эмчид үзүүлээрэй. Мөн хөхний рентген буюу маммографийн зураг авахуулах, чанд авиан шинжилгээгээр хөхөнд эмгэг өөрчлөлт илрэх, илэрсэн эмгэг үүсгэвэрт тусгай зүүгээр хатгаж эдийн шинжилгээ авна. Хөхний хорт хавдрыг баталгаажуулахын тулд хөхний эдээс дээж авч микроскопоор хардаг.
Хөхний хавдар оношлогдсон тохиолдолд мэс засал, хими, туяа, дааврын эмчилгээ хийдэг. Мэс заслын хувьд төгс болон төгс бус эмчилгээний арга байна. Хөнгөвчлөх, хожуу шатанд хөх тайрах мэс засал байдаг. Хөхний хавдар задраад цус алддаг. Тиймээс үүнээс сэргийлж, бусад эрхтэн рүү үсэрхийлсэн ч гэсэн задраад байгаа хавдрыг нь авчихвал өөр эмчилгээнүүдээр торгоож болдог.
-Энэ хавдраар дан ганц эмэгтэйчүүд ч бус эрэгтэй хүн өвддөг гэсэн. Энэ талаар...?
-Энэ өвчнөөр эрэгтэй хүн ч өвддөг. Манайд жилд 1-2 эрэгтэй эмчлэгддэг. Мөн манай тасаг жилд 250 орчим хөхний хавдрын мэс засал хийдэг. Эрэгтэй хүний хавдар гармоны өөрчлөлтөөс болно. Хөх нь жижигхэн болохоор илүү хурдан томорч, хавдаж улайх ч юм уу ямар нэг үүсгэвэр мэдэгддэг. Эрэгтэй хүнд ч гэсэн хөхний булчирхай байдаг учраас хавдар үүсэх магадлалтай.
-Хөхний хавдар удамшдаг гэсэн?
-BRCA1, BRCA2 гэсэн хэвийн биш генийг удмаасаа авч төрсөн эмэгтэй хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэл их. Тиймээс ийм ген агуулсан эмэгтэйчүүд ямар нэг хавдрын үүсгэвэр байхгүй ч урьдчилан сэргийлэх зорилгоор хөх, өндгөвчөө авахуулж болдог. Энэ генийг тодорхойлоход үнэтэй байдаг. Тиймээс сонирхсон хүн өрхийн эмчтэйгээ зөвлөлдөж тест хийх хэрэгтэй.
-Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авах вэ?
-Хөхний хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, өөрөө илрүүлэх боломжтой. Энэ нь толинд хоёр хөх нь ижилхэн байна уу, хөхөн дээр овойж, хонхойсон, эсвэл арьс нь ямар нэг байдлаар өөрчлөгдсөн хэсэг байгаа эсэхийг мэдэж болно. Хоёр хөхний толгойг ээлжлэн зөөлөн чимхэж шахан, ямар нэгэн шингэн зүйл гарч байгаа эсэхийг үзээрэй.
Зүүн гараа толгойныхоо ард авч баруун гараараа зүүн талын хөхийг зөөлөн, дараа нь арай чанга тэмтэрч ямар нэг бэрсүү байгаа эсэхийг, мөн хоёр хөхний хоорондын болон хөх, суганы хонхор хоорондын зайг шалгана. Хурууны өндгөөр хөхний товчийг тойруулан тойрог, шулуун шугамаар эсвэл од маягаар төвөөс зах руу гурван чиглэлийн аль нэгийг сонгож, иллэг хийх байдлаар шалгана. Хэрэв хангалттай шалгасан гэж үзвэл нөгөө хөхөө дээрх дарааллын дагуу шалгаарай.
Мөн дасгал хөдөлгөөн хийх нь цусан дахь эстроген дааврын төвшинг бууруулдаг. Ялангуяа, цэвэршилтийн өмнөх насны, туранхай ба хэвийн жинтэй эмэгтэйчүүдэд хавдраас хамгаалах сайн хүчин зүйл болдог. Эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн нийгэмлэгээс хийсэн судалгаанд долоо хоногт 1:15-2:30 цаг идэвхтэй алхах нь хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг 18 хувиар бууруулдаг гэж байсан.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин