Ч.ГАНТУЛГА
Жүжигчин Л.Чимэддорж гэвэл хүмүүс түүнийг тэр бүр танихгүй. Харин “Хүүхэлдэйн” гэж тодотговол үеийнхэн нь болон тоглолтыг нь үзэж өссөн үе үеийн багачууд андахгүй. “Тэдгээр хүүхдүүд хэдийнэ аав, ээж болсон, өвгөн намайг санах болов уу даа” гэж дугаарын зочин маань бодлогоширсон юм. Бяцхан жаалуудад баясал бэлэглэж, амьдралынхаа хором бүхнийг тэдний цангинасан инээд дунд өнгөрүүлсэн болохоор Л.Чимэддорж гуай өөрөө ч хүүхэд шиг цайлган. Энэ удаагийн “Амьдралын тойрог” буландаа Монгол Улсын гавьяат жүжигчин Л.Чимэддоржийг урьсан юм.
ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТРТАЙ АМЬДРАЛАА ХОЛБОСОН АЛТАН ҮЕ
Хамгийн сүүлд би Л.Чимэддорж гуайг драмын театрын үүдэнд хүүхдийн дууны Долгор гавьяатыг хөтөлчихсөн “Маамуу нааш ир” дууг нь дуулж, ирсэн хүүхдүүдийг хөгжөөж байсныг харсан юм. Багачууд дагаж дуулахыг хараад багадаа ээжтэйгээ хамт түүний Тогосмаатай үзүүлбэрийг үзээд, элгээ хөштөл инээж байснаа дурсаж билээ. Хүүхэд насандаа хайрлаж, хүндэлж, бахархаж явсан жүжигчинтэйгээ тэр үеэс л уулзаж, ярилцах юмсан гэсэн гэгээн бодол намайг ээрч ирснийг нуух юун. Харин Л.Чимэддорж гуай нөгөө л сэтгэлд үлдсэн инээмсэглэлээрээ мялааж биднийг угтсан. Харин өндөр нуруу нь ялимгүй бөгтийж, санчиганд нь буурал хяруу суужээ. Арга ч үгүй биз. Миний л бага байхын “хүүхэлдэйн” Л.Чимэддорж шүү дээ гэсэн бодол өөрийн эрхгүй төрлөө. Гэтэл алхаа гишгээ нь хөнгөн гэж жигтэйхэн. Ярианых нь өнгө яруухан, алиа хошин зан нь яг л бяцхан хүүхэд шиг. Тэрээр “Ах нь тайзны хамгийн арын эгнээнд суусан хүнд дуугаа хүргэх гэж хичээсээр байгаад ийм өндөр дуутай болчихсон юм” гээд инээв. Энэ үг нь ясны уран бүтээлч байсныг нь гэрчлэх шиг. Түүний ярианы сэдэв, сэдэл бүхэн хүүхэлдэйн театртай холбоотой юм. Мөн өрөөнийх нь хананд хүүхэлдэйн театрт өнгөрүүлсэн гэрэл зургууд өлгөөтэй байсан нь түүний амьдралын өрнүүн түүхийг өгүүлэх шиг. Яг эндээс бид ярилцлагынхаа сэжмийг эхлүүлсэн юм.
-Та амьдралынхаа 50 гаруй жилийг урлагт, тэр дундаа хүүхэлдэйн театрт зориулжээ. Анх театрт орсон үеэ дурсаач. Тэр үе таны амьдралын хамгийн сайхан, нандин дурсамжийн нэг байх даа?
-Ах нь хуучнаар бол соёлын дунд сургуулийг дүүргэсэн хүн. Одоогоор Хөгжим бүжгийн коллеж гэсэн үг. Тэндээс л уран бүтээлч болох гараагаа эхэлж байлаа. Анх 1957 онд манай сургуулиас салбар бүрийн жүжигчин сонгох болдог юм байна. Шалгалтад хотын соёл урлагийн байгууллагуудын бүх найруулагч, жүжигчид ирсэн байв. Тэр дунд хүүхэлдэйн театрын найруулагч П.Балдандорж байсан юм билээ. Миний амьдралын, уран бүтээлийн анхны гарааг тавьж өгсөн буянтан шүү дээ. Тэр олон хүүхдээс намайг сонгосон.
“Хүүхэлдэйн” Л.Чимэддоржийн амьдрал уран бүтээлийн эхлэл энэ үеэс үүдэлтэй. Аавын олон хүүхэдтэй мөр зэрэгцэн сурч тэднээс төрөлх авъяасаараа цойлон онцгойрч Монголын хүүхэлдэйн театрын жүжигчин гэсэн эрхэм алдрыг хүртсэн юм. Тэрээр сэтгэлдээ мэргэжлээ сэмхэн голж явснаа нуугаагүй. Учир нь драмын тайзнаа жүжиглэхсэн гэсэн залуу насны дэврүүн мөрөөдөл, омголон зан түүнд ч бас байж. Гэтэл энэ хүсэл нь талаар болж, өдөр бүхнийг хурууны дасгал хийн, утсан хүүхэлдэйтэй өнгөрүүлдэг болжээ. Энэ мэргэжлээс эртхэн больдог ч юм билүү хэмээн бодож, шантарч явсан гэнэ. Сургуулилтын үеэр гар нь өвдөж, хурууных нь шөрмөс татан хаширмаар, зугтаамаар үе олон байсан аж. Түүнээс хүүхэлдэйн театрын ахмад үеийнхнийг дурсаач гэхэд хэсэг бодол болж сууснаа “Тэдгээр хүмүүс үнэхээр хүний хайлан байсан юм ” гээд санаа алдав. Байгалиас төрсөн шижир алт шиг төрмөл авъяастай буурлууд байж дээ гээд бодлогоширов. Монголын хүүхэлдэйн театрын үндэслэгч нь Чойжамц гэж хүн байсан. Мөн “Улаанбаатарт байгаа миний аав” киноны Самдан жолоочийн дүрийг бүтээсэн жүжигчин Р.Дамдинбазар, “Өглөө” киноны Данзан буюу жүжигчин А.Чойсон, Л.Чимэддорж гуайг суганых нь булчирхайг цочтол хүүхэлдэйтэй нөхөрлүүлсөн найруулагч П.Балдандорж зэрэг нэгэн үеийн Монголын хүүхэлдэйн театрын жаргал зовлонг нуруундаа үүрч явсан буянтнуудыг дурссан юм. Багш нар нь түүнд хамгийн эхэнд хүн шиг хүн байгаарай гэж захидаг байж. Одоо ч тэрээр багш нарынхаа хэлсэн, заасан заавраар омог бардам амьдарч явна гэсэн юм.
Түүний Хүүхэлдэйн театрт бүтээсэн хамгийн анхны хуруу жүжгийн дүр нь Гернетийн “Ойн жүжигчид” жүжгийн гол дүр болох Бамбарууш. Уйгагүй дасгал, сургуулилт хийсний эцэст Соёлын яамнаас сайн гэсэн үнэлгээ авч, жүжгийг нь олон нийтэд тоглохыг зөвшөөрчээ. Ахмад жүжигчид болон үеийнх нь залуус түүнд баяр хүргэж, бяцхан хүүхдүүдийн баярлаж, догдолсон халуун алга ташилт улаан хамбан хөшгийг нэвтэлж, түүний зүрхэнд нэвчсэн нь урам зориг, өөртөө итгэх итгэлийг өгсөн гэдэг. Л.Чимэддорж гуайн хүүхэлдэйн театрт оруулсан хамгийн том хувь нэмэр нь жүжигчнийг халхавчнаас гаргасан явдал юм. Хүүхэлдэйн театрынхан зөвхөн хурууны жүжиг тоглодог байсан үе. Харин Л.Чимэддорж гуай тэр байдлыг халж, тайзан дээр хүүхэлдэйтэйгээ хамт тоглосноор талархал, зэмлэл хоёрыг зэрэг хүртсэн нэгэн.
ОНГИРЧ БУЮУ ОМОГШИЖ ЯВСАН ЗАЛУУ НАС
Цэл залуухан жүжигчин Хүүхэлдэйн театрт энэ шинэчлэлийг авчирсан нь нэг хэсэгтээ хүмүүсийн ярих сэдэв болж байж. Хилийн дээс алхаж үзээгүй жүжигчинд Румынд тоглох ховорхон боломж тохиожээ. Энэ нь 1958 он билээ. Л.Чимэддорж гуай сарын өмнөөс ахмад уран бүтээлчидтэй хамтарсан бэлтгэлд орж, өсөх ирээдүйтэй, жүжигчин гэдгээ баталсан гэдэг. Тэд “Адуучин хүү” жүжгийг бэлдэв. Ингэж Монголын Хүүхэлдэйн театр анх дэлхийн шилгүүдтэй эн зэрэгцсэн юм.
Оросын хилийг давахад тэс өөр ертөнц мэдрэгдсэн гэдэг. Урлагийн бүтээл шиг өндөр барилгууд, толгой эргэм олон хүн гээд юм бүхэн түүнд шинэ содон бүхний эхлэл шиг санагджээ. Цаашаа Румынд очиход Москва юу ч биш юм шиг бодогдсон гэнэ. Бухарестад дэлхийн 30 гаруй орны театрын уран бүтээлчид цугласан байж. Тэд эхний 15 хоногт бусад орны тоглолтыг үзэж судалжээ. Харин үүний дараагаас “Адуучин хүү” жүжгээ тоглож эхлэхэд жинхэнэ шуугиан дэгдсэн гэнэ. Монгол гэж нүүдлийн, хоцрогдсон орон биш шүү гэж тэр үед хөгшин Европынхонд ёстой мэдрүүлсэн дээ гэж Л.Чимэддорж гуай бахархалтай ярьсан юм.
Тэрээр яг л тэртээ 1958 онд эргээд оччихсон юм шиг сэтгэл нь хөөрч, догдолж байгаа нь нүднийх нь харц, үе үехэн тодрох хоолойн өнгөнөөс мэдрэгдэж байв. Манай уран бүтээлчид Румынд хоёр удаа тогложээ. Ингэж хүүхэлдэйн театрын жүжигчин Л.Чимэддорж дэлхийн хэмжээнд эх орноо сурталчлаад, Энэтхэг, Хятад, Орос зэрэг 30 гаруй орны хүүхэлдэйн театрын уран бүтээлийг судлачихсан, юм үзэж нүд тайлсан догь залуу эргэж иржээ. Ирээд хийсэн бүтээлүүд нь хүртэл өмнөхөөсөө тэс өөр болсон гэдэг. Бүтээсэн дүрдээ эрдэж, онгирч явснаа ч нуугаагүй. Тэрээр “ах нь буруу замаар явж, жүжигчний мэргэжил, театрынхаа нэр хүндийг унагааж явсан удаагүй гээд шүүрс алдав. Харин хүүхэлдэйн жүжигчин хүн хүмүүст, хүүхдүүдэд ямар сайхан мэдрэмж, хөөр баяр бэлэглэдгийг ухаарч, энэ мэргэжлээрээ бахархаж, хүндэлж явснаа дурссан. Залуу байхад нь кинонд, хүүхэд залуусын жүжигт тоглох санал ирдэг байсан ч найруулагч нар нь харамлаад өгдөггүй байсан тухай дурссан. Хэдий тогломоор байвч тэр үеийн хатуу журам, урлагийн хүний сахилга батыг зөрчих зориг байгаагүй гэсэн. Ингэж л тэрээр 50 гаруй жил зөвхөн хүүхэлдэйн урлагт үнэнч явна. Л.Чимэддорж гуай жүжигчин байснаас гадна Хүүхэлдэйн театрын найруулагч, даргаар ажиллаж байсан юм.
НАРГИАНЧ ТОГОСМАА, УЙМРАА НАРИЙНЖАВ
Л.Чимэддорж гуайг уран бүтээлчийнх нь хувьд нээж, хурцалж өгсөн бүтээл нь яах аргагүй Тогосмаа хүүхэн, Нарийнжав хоёр билээ. Ардын дууг гуйвуулж дуулдаг, сахилгагүй, наргианч Тогосмаа, урлагт дэндүү хайртай ч уймраа, бүтэлгүй Нарийнжав хоёрыг бид ээж аавынхаа хамт үзэж, шоолж, инээж өссөн нь үнэн. Л.Чимэддорж гуай анх 1968 онд Нарийнжавын санааг олжээ. Тэр үед залуусын дунд трапец өмд, үсээ ургуулах моод газар авч байсан үе. Тэднийг элэглэе гэсэн санаа төрж, Нарийнжав найзыгаа бүтээсэн гэв. Тухайн үедээ зөвхөн хүүхэд гэлтгүй бүх насныхан үздэг шилдэг үзүүлбэр болтлоо мандаж байв. Хүүхэлдэйн театрын орлогыг бүрдүүлэх гол номероор шалгарсан удаатай. Нарийнжав “Баатарцогтын нагац”, “Дассан сэтгэл”-ийг дуулна. Тэрээр зарим өнгөн дээр нь дуулж байна гэж уйлах дөхөж үзэгчдийн элгийг хөшөөдөгсөн. Өөрийгөө их сүрхий амьтан гэж боддог ч урлагт чин сэтгэлээсээ хайртай гэдэг нь харагддаг. Дуундаа хэт уяраад тайзан дээр унаж хөглөнө. Энэ чиглэлээр уран бүтээл хийвэл үзэгчид сайхнаар хүлээж авах юм байна гэж урам авсан жүжигчин маань 1969 онд Тогосмаа хүүхний санааг олсон гэнэ. Тогос шиг гоёсон, сайн дурын уран сайханч хүүхний дүр. Тэрээр хайрын дуу дуулах дуртай. Ардын дуугаа дуурийн хоолойгоор дуулж баларна. Харин энэ жил Тогосмаа хүүхэн 45 нас хүрч байна. Тэр бол жүжигчин Л.Чимэддоржийн амьдралынх нь нэг хэсэг билээ. Хаана ч явсан Тогосмаатайгаа байхад үзэгчдэд инээд хөөр, аз жаргалыг бэлэглэж чаддаг юм шүү гэж тэрээр бахархсан юм. Анхны Тогосмааг жүжигчин маань өөрөө бүтээжээ. Харин цаг хугацаа өнгөрөх тусам дүр төрх нь өөрчлөгдсөн гэнэ. Гадаадын оронд явахдаа хувцас гоёлыг нь тухайн орны уламжлалд зориулж өөрчилдөг гэсэн. Хэдийгээр Тогосмаа хүүхэн тайзан дээр хүмүүсийг инээлгэж, доог, тохуу болдог ч цаад санаа гэнэн томоогүй, дэврүүн сэтгэлээр үзэгчдэд үргэлж нэгийг хэлж байдаг юм гэж Л.Чимэддорж гуай “өмөөрсөн” юм. Үнэхээр аль ч нийгэмд Тогосмаа шиг хөнгөн, хийсвэр бүсгүйчүүд байсаар л ирсэн.
Түүнд Тогосмаагаас гадна “Хөгжимчин ба ботго” гэсэн хөөрхөн үзүүлбэр бий. Энэ номероо насан туршийн хамтрагч байсан гавьяат жүжигчин А.Доржпүрэвийн хамт тоглодог байжээ. Алтан хамтрагчид “Хөгжимчин ба ботго”-оороо олон улсын наадмаас тусгай байрын шагнал хүртсэн түүхтэй. Түүний энэ хөдөлмөрийг төр үнэлж 1988 онд Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор шагнажээ. Тэрээр энэ шагналынхаа тухай “Ах нь энэ цол тэмдэг үнэ хүндтэй байхад нь энгэртээ зүүж явлаа.” гэсэн юм. Мөн “Бидний үеийн уран бүтээлчид шагналын төлөө уран бүтээл хийж явсангүй ээ. Урлагийн төлөө гэсэн чин сэтгэлээс тэр бүтээлүүд төрдөг байсан юм” гэсэн. “Харин одоо залуус маань гавъяат цолны төлөө уран бүтээл хийгээд байна уу даа гэж өвгөн ахад нь бодогдох юм. Аливаа уран бүтээл гэдэг сэтгэл зүрхнийх байхдаа л үнэтэй байдаг юм шүү. Шагнал эзнээ олохдоо гол нь байдаг. Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон хүн “Соёлын тэргүүний ажилтан”, “алтан гадас” авчихдаг үе болжээ. Миний үед тийм байсангүй. Алдар нэрний төлөө уран бүтээл хийж үзсэнгүй. Би анх гавъяат авахдаа эмээж байсан хүн. Үнэхээр энэ шагналыг авах хэмжээний уран бүтээл хийж, хүүхдүүдийг баярлуулж чадсан бил үү гээд өөрийгөө голж суусан шүү” гэв.
ДАХИН ТЕАТРЫН ДАРГААР СОНГОГДОВ
Л.Чимэддорж гуай “Алтан унага” хүүхэлдэйн хувийн театртай. Харин одоогоор эрүүл мэндийн шалтгаанаар уран бүтээлээсээ түр хөндийрчээ. Учир нь зүрхний хүнд хагалгаанд орж, тэр хэцүү үеэ ажрахгүй давсан байна. Түүний биеийн байдал тэнхэрсэн нь хүүхдүүдийг баярлуулж явсны буян эргээд ирлээ гэж бэлгэшээж байгаа гэнэ. Биеэ жаахан тэнхрэхээр уран бүтээлдээ эргээд орно гэсэн юм. Зах зээлийн шуурга дэгдэж, урлагийн байгууллагууд хаалгаа барьж эхэлсэн 1990-ээд оны эхээр Л.Чимэддорж гуай дахин Хүүхэлдэйн театрын даргаар сонгогдсон түүхтэй. Тэр үеийн Соёлын яамны сайд Н.Энхбаяр түүнийг өрөөндөө дууджээ. Тэрээр “Хүүхэлдэйн театр хэцүүхэн байдалтай байна. Дотроо өлсгөлөн зарласан, уран бүтээл хийхээ болиод удаж байна. Та л хуучин хэвэнд нь оруулж чадах хүн. Тиймээс дахиад удирдаад үзээч” гэсэн санал тавьжээ. Үнэхээр ч түүнийг дахин даргаар очиход уран бүтээлчид нь дотроо хагаралдчихсан, олигтой уран бүтээлгүй, хэцүүхэн байсан гэдэг. Л.Чимэддорж гуай хоёр жил даргаар ажиллана. Түүнээс илүү удахгүй гэсэн болзолтойгоор очсон юм билээ. Тэр хоёр жилийн хугацаанд хамт олноо нэгтгэж, шинэ жүжгүүд тоглож, чадах чинээгээрээ зүтгэсэн гэдэг. Үүрэгт хугацаа нь дуусахад дахиад ажиллаач гэсэн санал тавихад зөвшөөрөөгүй гэсэн. Түүнээс учрыг нь асуухад “Тэгтлээ дотроо эвдрэлцэж, зохион байгуулалтгүй болсон хамт олныг дахин нэгтгэнэ гэдэг хэцүү юм билээ. Гэхдээ ах нь тэр хоёр жилийн хугацаанд хуучин хэвэнд нь оруулж чадсан. Харин эрүүл мэндийн байдал муудаж, зүрх өвддөг болсон” гэж хариулсан юм.
ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТР УЛАМЖЛАЛАА АЛДАЖ БАЙНА
Л.Чимэддорж гуайд эмзэглэж явдаг нэг зүйл бий. Тэр нь хүүхэлдэйн театр уламжлалаа алдаж байгаа явдал. Тэрээр “Хүүхэлдэй тоглуулахын тулд хүүхэлдэйн театр байдаг юм. Гэтэл манайхан баг өмсөөд л тоглодог болчихож. Тэр чинь шоу шүү дээ. Үндсэн уламжлалаа алдаад байгаад нь сэтгэл дундуур суух юм. Жинхэнэ мэргэжлийн урлагийн байгууллага болсон манай хүүхэлдэйн театр ийм байж болохгүй санагдах юм. Эхнээсээ л тэр театр хуруу хүүхэлдэй, утсан хүүхэлдэй, сүүдэр хүүхэлдэйгээр тоглодог байсан уламжлалтай” гээд бухимдангуй сууна. Хуучны уламжлалаа сэргээж дахиад хүүхэлдэйгээрээ тоглодог бол хичнээн сайхан бэ гэсэн бодол хүн бүхэнд байдаг байх. Багадаа үзэж байсан хүүхэлдэйн тоглолтоо дахиад үр хүүхэддээ үзүүлэх юмсан гэсэн хүсэл эцэг эхчүүдэд байдаг шүү дээ. Тэрээр үргэлжлүүлээд “Драмын театр, дуурийн театр гээд мэргэжлийн урлагийн байгууллагаас авъяас билгээрээ гайхагдсан хүүхдүүд төрж байна. Би Хүүхэлдэйн театрын ахмад уран бүтээлчийн хувьд манай театраас ийм сайхан цойлсон авъяастай уран бүтээлч хэзээ гарч ирэх бол гээд нууцхан харж сууна. Гэтэл алга” гэсэн юм. Түүнээс хүүхэлдэйн театрыг яаж шинэчилвэл зүгээр бол гэж асуухад “Одоогийн хүүхдүүд хүүхэлдэйн тоглолт үзэх хувьгүй юм уу. Хүүхэлдэйн театрыг шинэчилье гэвэл багнаас татгалзах хэрэгтэй. Ахмад үеийнхний үлдээсэн тэр сайхан уламжлалыг хадгалж үлдмээрсэн. Мөн жүжигчид нь авъяасгүй байна. Энэ хатуу боловч үнэн үг шүү. Хүүхэлдэй бариад тоглуулчих жүжигчин үнэндээ байхгүй. Хүүхэлдэйгээр тоглохгүй юм бол хүүхэлдэйн театр гэж байгаад хэрэггүй. Нэрээ солих хэрэгтэй шүү дээ.” гэв. Амьдралынхаа бүхий л цаг хугацааг энэ урлагт зориулсан ахмад жүжигчний үг энэ байлаа. Харин Л.Чимэддорж гуай Ленинград руу хүүхэлдэйн жүжигчнээр сурахаар явсан 10 хүүхдэд ихээхэн найдаж байгаагаа дуулгасан. Түүнээс театр гэж юуг хэлдэг юм бэ гэж асуухад тэрээр “Театр гэж барилгыг хэлдэг юм биш, гялгар хөшиг зүүж, алтан өнгөөр будсан байрыг хэлдэг юм биш. Харин хүмүүсийн сэтгэл зүрхнээс гарсан бүтээлийг амьдруулдаг шижир авъяасаар бялхсан уран бүтээлчдийн багийг хэлдэг юм.” гэж хариуллаа.
ДУУЧИН ХҮҮГИЙН ЖҮЖИГЧИН БОЛСОН ЗАМНАЛ
Л.Чимэддорж гуайн гэрийн хойморт нь морин хуур өлгөөтэй харагдсан. Ямар түүхтэй хуур вэ гэж сонирхоход ааваас минь уламжилж ирсэн хуучны эд дээ гэж тайлбарлав. Эндээс бидний ярилцлагын дараагийн сэдэв түүний бага насны дурсамжаар үргэлжилсэн юм. Тэрээр төв аймгийн Сэргэлэн сумын уугуул ч уг гарал нь говийнх гэнэ. 1932 онд нутагт нь бослого хөдөлгөөн гарч улмаар нутгаасаа нүүхээр болж. Ийнхүү Төв аймагт суурьшсан аж. Түүний аав нь морин хуур тоглодог байсан бол ээж нь нутагтаа сайхан дуулдаг нэгэн байсан гэдэг. Тэрээр ээжийнхээ дуулах хосгүй авъяасыг өвлөжээ. Тийм болоод эмэгтэй хүний хоолойг гайхалтай гаргаж, ард олны сэтгэлд тэр л хоолойгоор хоногшин үлджээ. Харин одоо Тогосмаагаа дуулж дийлэхгүй болсон байх гэсэн юм. Бяцхан Л.Чимэддорж уртын дуунд уярч, морин хуурын аялгуунд ухаажсаар хүн болсон түүхтэй. Бусад хүүхдүүдийн адил голын сайр даган гүйж, хонь хурга эргүүлэн хүүхэд насаа өнгөрөөсөн байна. Төв аймгийн 10 жилийн сургуульд есөн настайдаа орж, утга зохиол, түүхийн хичээлдээ гарамгай сайн болжээ. Уран зохиолын амтанд орж, найз нөхөдтэйгөө ном булаалдан уншиж өссөн нь ирээдүйн жүжигчин болох суурийг нь тавьж өгчээ. Харин жүжигчний мэргэжил мөрөөдөл нь байгаагүй гэнэ. Малчин айлын хүүхэд учраас мал дээр гарч ээж, аавдаа тусална гэхээс өөр бодол төрдөггүй байж. Л.Чимэддорж гуай “Хөхөө гэрлэх дөхлөө” киноны Б.Дашдаваатай үй зайгүй найз. Нэг хотонд хурга хариулан тоглож өссөн ажээ. Харин багын найз Б.Дашдаваа нь хот руу яваад урлагийн сургуульд орлоо гэсэн сураг дуулдсан үед нутгийн ах дуучин Ц.Палам нэг удаа түүнд “Найз чинь урлагийн сургуульд орчихсон байна. Чи ч дутахгүй авъяастай юм чинь хотод очиж тэр сургуульд нь ор” гэж ятгасан гэдэг. Ийнхүү малчин хүү Л.Чимэддорж, жүжигчин Л.Чимэддорж болж хувирав. Түүний анги удирдсан багш нь Л.Ванган байжээ. Энэ бол маш том хувь тохиол байсан юм гэж тэрээр онцолсон. Л.Ванган багш нь түүнд уран бүтээлч болохын тулд эхлээд хүн болоорой гэж захидаг байсан тухай дурссан юм. Тэрээр багшийгаа дөлгөөн тайван зантай, дэндүү ухаантай, урлагийн төлөө гэсэн чин сэтгэлтэй хүн байсан гэж дурссан юм. Түүний үед мэргэжлийн дипломгүй ч жинхэнэ төрмөл авъяасаараа гэрэлтсэн олон уран бүтээлч байсан гэж тодотгов. Тиймээс уран бүтээлч, жүжигчин хүн байгалиасаа төрдөг юм шүү гэж учирласан. Тэдний ангиас хүүхэлдэйн театрт нэлээд хэдэн хүүхэд орсон ч нэг жилийн дараа найз Б.Гомбодоржийнхоо хамт хоёулхнаа үлджээ. Бусад нь шантраад гарсан гэнэ.
ДАГАЛДАН ЖҮЖИГЧНЭЭ ГЭРГИЙГЭЭ БОЛГОСОН НЬ
Түүний гэргийг Д.Удвал гэдэг. “Миний амьдралын дараагийн азтай хувь тохиол бол сайн ханьтай учирсан минь” гэж Л.Чимэддорж гуай онцолсон. Эндээс бидний дараагийн ярилцлага гэр бүл, амьдралынх нь тухай нандин, заримдаа нулимстай дурсамжаар үргэлжлэв. Хүүхэлдэйн театрын авъяаслаг жүжигчин Л.Чимэддорж урлагийн буянаар заяаныхаа ханьтай учирчээ. Учир нь шинээр орж буй жүжигчдийг бусад уран бүтээлчдэд даалган дагалдан жүжигчнээр ажиллуулдаг байж. 1964 онд театрт алаг нүдтэй, нэгэн бүсгүй ирсэн нь түүний гэргий Д.Удвал. Түүнийг Л.Чимэддорж гуайд дагалдан жүжигчнээр өгөхөд сэтгэлдээ сэм баярласан гэдэг. Ийнхүү тэд 1966 онд гал голомтоо бадраажээ. Харин шавиа гэргийгээ болгосны шийтгэл нь дагалдан жүжигчин болсон явдал. Түүнийг театрын удирдлагын зүгээс ийн шийтгэсэн гэнэ. Тэр үеийн дэг журам ямар хатуу, чанга байсныг Л.Чимэддорж гуай дурслаа. Гэхдээ хайртай бүсгүйгээ өөрийн болгосон болохоор түүнд харамсах зүйл байсангүй. Харин ч түүнийхээ төлөө, хүүхдүүдийнхээ төлөө сайн хөдөлмөрлөх ёстой гэсэн зорилгыг өөртөө тавьжээ. Тэрээр гэргийгээ “Хүүхэлдэйн сайн жүжигчин болох байсан юм. Даан ч гэр бүлийнхээ төлөө урлагийн замаас хөндийрсөн юм даа” гэв. Хоёулаа ярилцаад Д.Удвал эгч театраасаа гарахаар болжээ. Энэ тухайгаа тэрээр “Би театраас гарсандаа харамсдаггүй ээ. Өөрийнхөө амьдралын сайн сайхны төлөө тийм сонголт хийсэн ” гэсэн юм. Тэрээр насаараа хүнсний дөрөвдүгээр дэлгүүрт ахлах кассчин хийжээ. Харин одоо эмээгийн хариуцлагатай албыг хашиж байгаа. Зочны өрөөнд гэр бүлийнх нь зураг байв. Энэ зургийг харж суусан Гавьяат маань “Ах нь үргэлж баяр баясалтай, аз жаргалд умбаж явсангүй ээ. Амьдрал л юм хойно жаргал, зовлонг тэнцүүхэн амсч ирлээ. Нас биенд хүрсэн хүүгээ хүний нутагт алдчихсан хүн шүү дээ” гэхэд өөрийн эрхгүй нүднээс нь нулимс урссан юм. Харин түүний удаах хүү Ч.Түвшин Драмын театрын найруулагч. Аавынхаа бахархал нь болсон хүн. Л.Чимэддорж гуай хүүгээ “Норовын намтар” жүжгийг тавихад нь зөвлөгөө өгч жүжигчидтэй нь ажилласан гэнэ. Тэрээр “Миний хүү багын хөдөлмөрч зантай хүүхэд. Аавынхаа мэргэжлийг өвлөж найрулагч болсонд нь баярладаг юм.” гэв. Харин хааяа уран бүтээлийн үзэл бодол нийлдэггүй гэнэ. Энэ тухайгаа тэрээр “Арга ч үгүй биз. Бид чинь өөр, өөр нийгэмд уран бүтээлээ хийсэн улс. Одоо ч юм хөгжөөд, түүнийгээ дагаад уран бүтээлч залуусын сэтгэлгээ шал өөр болсон үе юм. Миний үе шиг байна гэж юу байхав” гэсэн.
Харин охиныг нь Ч.Батсайхан гэдэг. Тэрээр урлагийн мэдрэмжтэй ч бизнесийн салбарыг сонгожээ. Өөр нэг хүү нь гэр бүлийн хамт Америкт амьдардаг гэнэ. Д.Удвал эгч “Би чинь хот дотроо хэдэн дүүрэг дамжиж ач нараа хардаг байсан бол одоо тив алгасч хардаг болоод байна” гэж ярьсан юм. Тэд 2011 онд Америкт байх хугацаандаа хэдэн хүүхдэд хүүхэлдэйн урлагийн хичээл заан “Алтан хараацай” хамтлагийг байгуулж явсан түүхтэй. Л.Чимэддорж гуай “Анх улаан байшингийн мөнхийн эзэн юм шиг дур зоргоороо явсан хүн. Одоо тэр үеэ дурсах хамгийн сайхан. Надад үлдсэн зүйл бол хүүхэлдэйн гэж тодотгосон энэ алдар минь юм даа.” гэв.
ЖҮЖИГЧНИЙ МЭРГЭЖИЛ ТҮҮНД ЮУ СУРГАВ
-Багш тань таныг уран бүтээлч болохын тулд эхлээд хүн байх ёстой гэж сургажээ. Та тэр үгийг насан туршдаа санаж явсан гэлээ. Харин тэр захиасыг хэр сайн биелүүлсэн бэ. Жүжигчний амьдрал таньд юу сургав?
-Урлагаас би ертөнцийн юмс үзэгдлийн нарийн утга учир, хүн байхын нандин мэдрэмжийг ойлгосон. Жүжигчний мэргэжил надад амьдрал гэж юу байдгийг сургасан. Хүн хүнээ хайрлах эрхэм зөөлөн сэтгэлийг бэлэглэсэндээ.
Харин тэрээр одоо хүмүүсийн хүн чанар гээч зүйл алдагдаад байх шиг байна гээд халагласан юм. Нөгөө уяхан зөөлөн, сэтгэл нь хором хормоор алга болж, бие биендээ хорон муу санасан атаа хорслын сэтгэл илүү байх шиг.
Түүнээс энэ оюуны ядуурлаас яаж ангижрах вэ гэж асуухад “Одоо ийм байгаа нь аргагүй шүү дээ. Манайхан хотын соёлд дэндүү нэвчээд уламжлалт ёс, заншлаа мартаад байна. Ахмад буурлаа хүндлэх, тэднээс үг сонсох бодолтой залуус алга. Харин яавал идэж уух вэ гэсэн өчүүхэн бодолтой нь олон болж. Энэ чинь эмгэнэл шүү дээ. Тиймээс уламжлалт ёс жаягаа дахин сэргээх ёстой болов уу. Ядахдаа монгол хүн монгол хүнтэйгээ таарахад мэндлээд өнгөрдөг хуучны ёсоо сэргээхсэн” гэв. Түүний хамгийн том бахархал эх орон, үзэсгэлэнт байгаль гэсэн.
Өөрийнхөө амьдралаар омог бардамхан буй жүжигчин Л.Чимэддорж хөөрхөн жаалуудын сэтгэлд үдсэн томоос том оргил юм даа гэсэн цагаахан бодол тээсээр бид тэднийхээс гарсан юм.