Д.ЖАВХЛАН

Монголын үндэсний олимпийн хорооны дээд шагнал “Бөртэ чоно” цом гардуулах ёслол болж улиран одож буй онд спортын талбарт амжилтаараа манлайлсан тамирчин, дасгалжуулагч, баг, спорт холбоодыг тодрууллаа. 2002 оноос эхлэн зохиогдсон энэхүү арга хэмжээ урьд өмнөх жилүүдийн хэв маягаа эрс эвдэн шилдэг арван тамирчны долоог нь урьдчилан зарласан билээ. Олон цаг үргэжлэх нүсэр ажиллагаанаас татгалзсан энэ шинэчлэл тамирчид, хэвлэл мэдээлэлийнхэн төдийгүй үзэгчдийн сэтгэлд нийцсэн болов уу.

Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүдийн саналаар “Бөртэ чоно”-ын шилдгүүдийг тодруулдаг уламжлалтай. Энэ удаа спортын сэдвээр дагнадаг нийт 116 сэтгүүлч саналаа ирүүлжээ. Санал асуулгаар манай эмэгтэй жүдочдоос анхлан дэлхийн аваргын цолд хүрч, “Их дуулга” тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн ОУХМ М.Уранцэцэг 1069 оноотой бусад тамирчдаасаа хол тасархай тэргүүллээ. Спорт сонирхогчдын зүгээс өсөх ирээдүйтэй гэх өндөр хүндлэлийг хүлээгээд буй М.Уранцэцэг “Бөртэ чоно”-ын шилдэг тамирчны титмийг анх удаа хүртэж байгаа нь энэ юм.

 

Тэгвэл дэлхийн АШТ-ий рингэнд эх орныхоо нэрийг тахлан ганцаараа хүрэл медаль зүүж, дээр нь Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ 870 оноотойгоор удаалав. Гавьяат маань оны шилдэг тамирчны өргөмжлөлд гурав дахь удаагаа шалгарчээ.

Гавьяат тамирчин С.Батцэцэг 802 оноотой шилдэг гурван тамирчны эгнээнд багтсан. Тэрээр энэ онд болсон чөлөөт бөхийн ДАШТ-ий мөнгө, дэлхийн цомын мөнгө, оюутны универсиад наадмын алтан медалийг эх орондоо авчирсан билээ.

“Бөртэ чоно” наадмын шилдэг аравт анх удаа багтсан ОУХМ Д.Амартүвшин Бразилд болсон ДАШТ-ээс мөн­гөн медаль авсан. Түүнд спортын сэтгүүлчид 665 оноо өгснөөр тэрээр оны шилдэг тамирчдын дөрөвт орлоо.

2013 онд өөр нэг содон амжилт үзүүлсэн хүн бол ОУХМ Г.Мандахнаран юм. Тэрээр энэ онд Азийн аваргаас мөнгө, дэлхийн аваргаас хүрэл, Универсиадаас хүрэл медаль авсан амжилтаараа чөлөөт бөхийн эрэгтэй тамирчдаа манлайллаа. ОУХМ Г.Мандахнаран 596 оноотой оны шилдэг тамирчин шалгаруулах сунгаанд айрагдсан юм.

Түүнчлэн зургадугаар байрт чөлөөт бөхийн ДАШТ болон Универсиадын хүрэл медальт, Ази тивийн аварга О.Насанбурмаа 360 оноогоор, долдугаар байрт Азийн аварга, Зүүн Азийн наадмын мөнгөн медальт гавьяат тамирчин, марафонч Б.Сэр-Од 319 оноогоор, наймдугаар байрт чөлөөт бөхийн ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Э.Сумьяа 275 оноогоор, есдүгээр байрт Ардын хувьсгалын 92 жилийн ойн үндэсний их баяр наадамд түрүүлсэн, жиу жицу бөхийн ДАШТ-ий алтан медальт улсын аварга Г.Эрхэмбаяр 261 оноогоор, аравдугаар байрт 90 хэмийн хүйтэнд дэлхийн зулайд хөл тавьсан анхны монгол хүн гавьяат тамирчин Г.Өсөхбаяр 190 оноотой тус тус оны шилдэг тамирчин боллоо.     

Монголын эмэгтэйчүүдийн жүдогийн түүхэнд анх удаа дэлхийн аварга цол хүртсэн авьяаслаг тамирчин М.Уранцэцэгийн багш Ш.Цэвэлмаагийн хөдөл­мөрийг үнэлэн “Бөртэ чоно”-ын шилдэг дас­галжуулагчийн шагналыг олгосон юм. Багш шавь хоёр шилдгийн шагналыг авсан нь тус наадмын нэгэн онцлог боллоо. Харин оны шилдэг багаар Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн сагсан бөмбөгийн 3х3 эмэгтэй баг тамирчид тодорчээ.

 “Бөртэ чоно”-ын шагнал гардуулах ёслол ийнхүү 11 дэх удаагаа амжилттай болж өндөрлөлөө.

 

М.Уранцэцэг:

БАГШ БИД ХОЁРТ БУЯНАА ХАЙРЛАСАН 2013 ОНЫГ ХЭЗЭЭ Ч МАРТАХГҮЙ

 

“Бөртэ чоно 2013” наадмын шилдэг тамирчин болсон ОУХМ М.Уранцэцэгийн баярын сэтгэгдлээс хүргэж байна.

-Оны шилдэгт тантай тунасан хоёр тамирчин дэлхийд чансаагаар тэргүүлдэг. Та “Бөртэ чоно” цомыг авна гэж бодож байв уу?

-Гайхалтай. Дэлхийн аварга болсон тэр агшны мэдрэмж дахин сэргэх шиг боллоо. Эцсийн мөч хүртэл өрсөлдөөн ширүүн өрнөлөө. Олимп, дэлхийн аваргын хос медальтай, хоёр гавьяаттай тунаж үлдэнэ гэдэг нэр төрийн хэрэг. У.Мөнх-Эрдэнэ, С.Батцэцэг гэдэг хоёр тамирчны ур чадвар, чансаа дэлхийд ямар билээ гэдгийг надаар хэлүүлэлтгүй дэлхийн спортын мэргэжилтнүүд бүгд мэднэ шүү дээ.       

-Багш шавь хамтдаа шилдэг болсон явдал анх тохиолоо?

-Миний багш мундаг. Багшийгаа шилдэг дасгалжуулагч болсонд туйлын баяртай байна. Багш бид хоёрт буянаа хайрласан 2013 оныг хэзээ ч мартахгүй ээ.  

-Он гараад түр амсхийх үү?

-Яалаа гэж. Мар­гааш өглөө шигшээ багийнхантай бэлтгэлд гарна. Он гараад том тэмцээнд оролцох са­наатай. Ази, Европ тивийн шилдгүүдийн халз барилдаан хүлээж байна. Манай орноос 48 кг-д би, 57 кг-д Сумьяа тивээ төлөөлж барилдана. Үүнд гол анхаарлаа хандуулж байна даа.

-Ирэх онд таны амжилтын буухиа үргэлжлэх болтугай.

-Баярлалаа. Монголын нийт ард түмэндээ шинэ оны мэнд хүргэе. Бүгдээрээ шинэ ондоо эрүүл энх, аз жаргалаар дүүрэн яваарай гэж ерөөå.