Т.САЙХАН

Монголын үндэсний олимпийн хорооны удирдлагууд өчигдөр /05.04/ Хүндийн өргөлтийн холбооны баг тамирчдыг хүлээн авч, уулзлаа. Узбесктаны нийслэл Ташкент хотноо болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс  ОУХМ М.Анхцэцэг алтан медаль авч,  олимпод оролцох эрхээ өвөрлөөд байгаа билээ.  Уулзалтын үеэр Олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн түүнд баяр хүргэн, амжилт гаргахыг хүслээ.  Тэрээр “Олимпийн наадам эхлэхэд тун бага хугацаа үлдлээ. Аливаа тэмцээн уралдаанд оролцоход баг хамт олон чухал байдаг. Тиймээс та бүхэн олимпийн эрх авсан тамирчнаа бүх талаар дэмжин амжилт гаргаарай” гэсэн юм.  Мөн энэ үеэр М.Анхцэцэгт Швед улсад үйлдвэрлэсэн, Европын  өндөр зэрэглэлтэй тамирчдын хэрэглэдэг бүтээгдэхүүнийг гардууллаа. “Рио-2016” олимпийн наадмын Монголын багийн ахлагч, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ж.Хатанбаатар “Олимпийн эрх авна гэдэг том амжилт байдаг.  Түүний цаана олимпод оролцож медаль авах нь тамирчин бүрийн мөрөөдөл юм. Тиймээс хичээх хэрэгтэй.  Бид бүх л зүйлд дэмжин ажиллах болно” гэв.  М. Анхцэцэг нь Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 75 кг-д өрсөлдөж, огцом шахалтаар 112 кг, түлхэлттэй өргөлтөөр 132 кг өргөн, Азийн аварга болсон юм.  Ийнхүү М.Анхцэцэг олимпийн тэмцээнд эх орныхоо нэрийг гаргаж, амжилт үзүүлэхийн төлөө бэлтгэлдээ орлоо.

Эх сурвалж:www.polit.mn