Д.ЖАВХЛАН

Монголын үндэсний бөхийн холбооны удирдлагууд өчигдөр сэтгүүлчидтэй уулзав. Энэ үеэр МҮБХ-ны тэргүүн Р.Нямдоржтой ярилцсанаа хүргэж байна.

 

-Өнгөрсөн амралтын өдрөөр болсон “Богдхаан”  уулын нэрэмжит барилдааны их шөвөгт үлдсэн улсын харцага Ц.Содномдорж улсын гарьд Д.Рагчаа нарын барилдаан маргаантай болсон. Улмаар бөхийн хорхойтнууд бухимдлаа уусан ундаа, усныхаа сав лаазыг бөхийн дэвжээ рүү шидлэж тухайн барилдааныг зогсооход хүрсэн?

-Монголын үндэсний бөхийн барилдаан нь дүрмээр нарийвчлан тогтоосон дэг жаягтай. Үүнийг хэрэгжүүлдэг зохион байгуулагч нь тус дүрмээ дагаж мөрдөх үүрэгтэй. Талбайд барилдаж буй бөхчүүдэд дүрмийг сахиулах, шаардах ёстой юм. Зохион байгуулах багт байгаа хүмүүс нь тухайн барилдааныг удирддаг, бөхийн барилдааныг хөтлөн явуулах гэсэн хоёр үндсэн багаас бүрддэг. Өнгөрсөн амралтын өдөр болсон дээрх барилдаанд улсын харцага Ц.Содномдорж улсын гарьд Д.Рагчаатай барилдах үеэр бөхийн дүрэм зөрчиж, барьц тавиулах үед өрсөлдөгч бөхөө цохиж гар хурууг нь гэмтээсэн байна лээ. Хөлийн цэц Ц.Содномдоржид дахин ийм үйлдэл гаргавал барилдаанаас хасна гэдгээ хэлсэн юм билээ. Тэгээд төд удалгүй Ц.Содномдорж харцага сануулгыг дахин зөрчиж тэр барилдаанаас хасагдсан хэрэг. Товчхондоо ийм л юм болсон. Гэтэл тухайн шийдвэрийг танилцуулж амжаагүй байтал үзэгчдээс дургүйцлээ илэрхийлж ус ундааны сав бөхийн ариун дэвжээ рүү чулуудах жишээтэй. Яагаад тэр вэ. Энэ мэт бусармаг үйлдэл гарахгүй байж болох байсан. Гэвч тэр цэцдийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байснаас үүдсэн асуудал юм.

-Ус, ундааны сав чулууддаг хүмүүст ямар арга хэмжээ авах вэ?

-Монгол бөхийн өргөөний тодорхой хэдэн цэгт камер суурилуулсан. Үүний тусламжтайгаар хог, лааз шиддэг итгээдийг илрүүлэх юм. Ингээд зогсохгүй тэднийг олж тогтоон дараагийн барилдаанд оруулахгүй байхаар арга хэмжээ авах юм. 

-Хэдэн хүний бөх үзэх эрхийг хасаад дахин ийм үйлдэл гарахгүй байна гэдэгт эргэлзэж байна?

-Бөхийн дэвжээ бол монголчуудын хийморийн шүтээн байсаар өдийг хүрсэн. Бид энэхүү нандин өв уламжлалаа хамгаалж үлдэх ёстой үр сад. Хэн дуртай нь ууж идсэн хогоо бидний уламжлал руу нулимаж болохгүй биз дээ. Манай холбоо энэ тал дээр хатуу байр суурь баримтална. Дээрх болчимгүй үйлдлийг зогсоож болох юу байна түүнийг нэвтрүүлэх болно. Тухайлбал энэ сарын 29-нд болох барилдаанаас эхлэн ус, ундааны лаазтай үзэгчийг бөхийн өргөө рүү нэвтрүүлэхгүй байхаар тогтсон. Бидний хийсэн ажиглалтаас харахад зарим хүн ус ундааны саванд архи хийж ордог юм билээ. Архи хэрэглэсэн хүн ямар ч авир гаргахыг тааж мэдэх аргагүй. Олон хүн цугласан газар, тэгээд бөх үзсэн үзэгчийн цөс, дэмжсэн бөх нь уначихвал ямар ч ааш гаргах нь ойлгомжтой шүү дээ. Тиймээс дараагийн барилдаанаас эхлэн бөх үзэгчид маань уух зүйлээ заалан дотроос аягаар худалдан авдаг болно. Ингэж л тал бүрийн санааг уралдуулж уламжлалаа цэвэр ариунаар нь авч үлдэх гээд байгаа юм.

-Зарим бөхийн хорхойтон маргаантай барилдааныг засуулын ур чадвартай холбон дүгнэдэг юм билээ?

-Бөхийн өргөөнд болж буй барилдаан бүрт 10 засуул, дөрвөн хөлийн цэц ажилладаг. Харин ирэх барилдаанаас эхлэн дээрх засуул, хө­лийн цэцэд хяналт тавьж, зохицуулдаг хяналтын нэг хүн талбайд давуу эрхтэйгээр ажилладаг болно. Ингэснээр маргаантай барилдааныг тухай бүрт нь шийдвэрлэнэ.  

-Улсын харцага Ц.Содномдоржид өнгөр­сөн барилдааны үеэр өөр нэг сануулга өгсөн гэж дууллаа? 

-Улсын начин О.Пүрэвсайхантай ба­рилдах үед түүний зо­догны танаас нь шаардлага хангахгүй, дүрмийн бус байсан гэнэ лээ. Тэгээд улсын начин О.Пүрэвсайхан засуулдаа хэлж л дээ. Арга ядаад хөлийн цэцэд хандсан хэрэг. Шаардлага тавьсан О.Пүрэвсайханы буруу гэж юу байхав. Үнэхээр учраа бөхтэйгээ барилдахад эвгүй бол гомдол гаргах эрх нь түүнд байгаа. Засуул, хөлийн цэц нятлаж шалгасны эцэст Ц.Содномдоржийн зодогны танаас стандарт бус байсан нь тогтоогджээ. Түүнд өнгөрсөн барилдааны үеэр сануулаад өнгөрсөн. Харин дараагийн барилдаанууд тэр зодог шуудгаа дүрмийн дагуу хэрэглэхгүй бол барилдаанаас хасна гэдгийг хөлийн цэц, бөх тайлбарлагч дуулгасан юм билээ. Ирэх амралтын өдрөөр болох барилдаанд бөхчүүдийн өмсгөлүүдэд шалгалт явуулна. Ер нь бөхчүүдийн өмсгөлд үргэлж шалгалт явуулаад байх боломж алга. Учраа бөх л сайн харж хэлж байвал тухай бүрт нь тохирсон арга хэмжээг авна.  Зөрчилтэй гэж үзвэл тухайн бөхийн өмсгөлийг солиулах, цаашлаад барилдаанаас хасна.  

-Та түрүүн хориотой мэх, учраа бөхийнхөө гар хөл гэмтээсэн үйлдлийн талаар цухас дурдаад өнгөрсөн. Зарим бөх санамсаргүй гэсэн шалтаг хэлээд өнгөрөх үе гардаг шүү дээ?

-Учраа бөхийнхөө үений эсрэг мэх хийж гэмтээх явдал бэлтгэл дээр ч барилдааны үед ч олон гардаг. Тэглээ гээд үйлдэл дээр нь шийтгэх нь хаашаа юм. Санаатай санамсаргүй олон шалтгааныг тоочвол бас өрөөсгөл хэрэг. Нэг удаа буруу халах тохиолдлыг сануулж болно. Дахин давтахгүй байлгах тал дээр засуул хөлийн цэц хаа хаана анхаарах нь чухал. 

-Сануулаад байхад үений эсрэг халах, гар хуруу гэмтээвэл ямар хариуцлага тооцдог вэ?

-Барилдаанаас хасдаг заалт бий. Мөн бай шагналыг давхар хураана. Олон дахин давтагдвал тодорхой хугацаагаар барилдах эрхийг нь хасч болдог. Манай бөхчүүдэд унасан бөхийнхөө дээрээс нударч, нидрэх үзэгдэл тасрахгүй л байна. Удаа дараа сануулаад байхад ойшоохгүй бол гурван сараар барилдах эрхийг хасна.

-Сүүлийн асуулт. Монголын үндэсний бөхийн холбоо ирэх онд ямар ажил төлөвлөөд байна вэ?

-Манай холбоо жил бүр уриа дэвшүүлэн түүндээ аль болох олон нийтийг хамруулж ажиллахаар зорьдог. Улиран одож буй 2013 онд “Монгол бөхийн нэвтэрхий толь” хэмээх түүхэн бүтээлийг гаргасан. Харин ирэх онд “Монгол бөх монголчуудын өв мөн” хэмээх уриан дор олон талт ажлыг өрнүүлэхээр зэхээд байна. Тухайлбал монгол бөхийн тухай тодорхой мэдээлэл орсон түүхэн баримт дээр тулгуурласан комикс хэвлүүлэх юм. Ер нь монгол бөхийн мэх, түүх, ёс, зан заншил гээд авч хэрэгжүүлж болох суралцах хэрэгтэй гэсэн бүхэн тус комикс номонд багтана.