Б.БАРС, Д.ЖАВХЛАН

Тун удахгүй, сар гаруйхны дараа манай хойд хөршийн Кавказын сүрлэг уулсын энгэрт орших Сочи хотноо өвлийн 22 дахь наадам эхлэх нь. Ирэх оны хоёрдугаар сарын 7-нд болох олимпийн нээлтийн ажиллагааны үеэр манай орны төрийн далбаа ч Сочигийн тэнгэрт намирна.

Зуны олимпийн наадмын өмнө чөлөөт бөх, жүдогоор хэн, хэн олимпод оролцох эрх авав, боксоор яав, буудлагынхан юу болов гээд мэдээлэл, таамаг тасардаггүй. Харин өвлийн олимп монголчуудын хувьд ач холбогдлоор хавьгүй бага гэдэг хэнд ч илэрхий. Өвлийн спортынхноос олимпод амжилт гаргана гэж найдаж хүлээх утгагүй, тэгэх боломж ч манайханд одоогоор алга гэдгийг дээр, доргүй бүгд мэднэ.Орчин үеийн олим­пийн наадмыг үндэслэгч Пьер де Кубертений хэл­сэн алдарт үг бий. “Олим­под ялалт бус оролцоо чухал” гэж. Монголын баг тамирчид энэ л уриан дор цагаан олимпийг зорьсоор өнөөг хүрчээ.

Сочигийн олимпод манай орноос ямар төрөлд хэдэн тамирчин оролцох нь одоо хэр тодорхойгүй. Юутай ч ирэх оны нэгдүгээр сарын 29-нд Ч.Отгонцэцэг эмэгтэйчүүдийн цанын 10 км-ийн зайд өрсөлдөх батламжаа гардах аж.

Тэгвэл чухам өвлийн олимпийн наадамд манай тамирчид анх төрийн далбаагаа намируулан эх орноо төлөөлөн оролцож байсныг хүмүүс тэр бүр мэдэхгүй. НҮБ-ын гишүүн орон болсноосоо хойш гуравхан жилийн дараа манай улс 1964 оны Австрийн Инсбрук хотноо болсон өвлийн олимпийн есдүгээр наадамд тамирчдаа илгээж байсан юм. Инсбрукийн цагаан олимпод оролцсон 36 орны нэг нь манай улс байлаа. Мөн жил Японы нийслэл Токиод болсон зуны олимпийн наадамд манай чөлөөт бөх тэргүүтэй тамирчид буухайлан оролцсон ажээ.

Монголоос хамгийн анх олимпийн тэмцээнд оролцон салхийг хагалсан хүн бол цанын спортын мастер Д.Пүрэвлоов. Тэрээр Инсбрукийн олимпийн наадамд 17-хон настайдаа цанын 5 км-ийн зайд уралдсан нэгэн билээ. Манай өвлийн спортынхон өнгөрсөн хугацаанд гавьсан амжилт үзүүлээгүй нь үнэн. ОХУ, Норвеги, Швед, Канад, ХБНГУ, АНУ гээд цагаан олимпод хэзээний ноёрхогчдоос манайхан хол тасархай хоцорч ирсэн нь ч үнэн. Гэхдээ л Азидаа тэргүүлэгчдийн эгнээнд явсан цаг бий. Одоо тэгвэл Азидаа ч медаль горилох хэцүү болжээ.

Уг нь Монгол Улс Ази тивдээ өвлийн улиралтай гарын хэдэн хуруунд багтах орны нэг. Ямар сайндаа ОУОХ-ны Ерөнхийлөгч асан Ж.Рогге 2002 онд манай МҮОХ-ны тэргүүн асан Ш.Магван гуайтай АНУ-ын Солт-Лейк-Сити хотод болсон 19 дэх цагаан олимпийн хаалтын ёслолын үеэр уулзахдаа гайхшран шогширч байхав. Тэрээр, “Цас үздэггүй орны хүн өвлийн улиралтай Монголын өмнө яагаад ороод байна аа” гэж асуусан гэдэг.

Юутай ч ирэх оны нэгдүгээр сарын 29-нд Инсбрукийн Берлисел цэн­гэлдэх хүрээлэнд олим­пийн наадмын түү­хэнд Монголын төрийн далбаа анх мандсан түүхэн өдөр тохиож буйг сануулах нь зүйтэй санагдана. Олимпийн наадамд Монголын төрийн далбаа на­мирсны 50 жилийн түүхт ой шүү. Ерөнхийлөгч хөл­бөмбөгийн спор­тыг дэмждэгт спорт сонир­хогчид талархдаг. Үүнтэй адил түүхт ойн босгон дээр шоовдорлогдсон өвлийн спортоо дэмжихээ илээрхийлээч гэж эрхэм Ерөнхийлөгчөөсөө хүс­мээр байх юм. Өвлийн спортынхны өнөөгийн байдлыг аваад үзье. Хоккейн УАШТ жилээс жилд нийслэлийн III-IV хорооллын гадныханд харуулахад ичмээр ил талбайд болсоор ирсэн. Ийм нөхцөлд бэлтгэлээ базаасан манай хоккейчид энэ жилийн эхэнд Тайландын Багкок хотноо болсон “Challenge cup 2013” тэмцээний хүрэл медаль хүртсэнийг гайхам амжилт гэж үзэхээс өөр яах билээ.

Энэ тэмцээнд Монголын хоккейчид хэсэгтээ тэрбум гаруй хүн амтай Энэтхэг улсын шигшээг 20:0-ээр бут ниргэж, Макаог 6:1, Сингапурыг 3:2-ын харьцаатай хожиж зөвхөн Хонгконгт ялагдсан. Улмаар тус тэмцээний хоёр удаагийн дэд аварга, талбайн эзэн Тайландыг 5:4-өөр буулган авч финалд үлдэхийн төлөө дахин Хонгконгийн багтай тааран маш ширүүн өрсөлдөн ганцхан шайбын зөрүүтэйгээр (3:4) хожигдсон ч хүрэл медалийн төлөө чинээлэг кувейтуудыг 11:0-ээр илт илүүрхсэн билээ.

Үүнтэй адил цаначид маань Хандгайтад цанын бааз гэж хэлэхэд хэцүү газар бэлтгэлээ базаасаар олон улсын тэмцээнд оролцсоор буй. Тэшүүрчид цэнгэлдэх хүрээлэнгийн гүйлтийн тойргийг мөсөөр бүрэн уралдсаар л байна. Хүй нэгдлийн гэмээр ийм нөхцөлд байж өвлийн спортынхны гаргаж буй амжилтыг чамлаж болно гэж үү.

Монголд жилийн дөрвөн улиралд хичээллэх боломжтой, хиймэл мөстэй битүү ордон босгочихвол хоккейгээс гадна уран гулгалт, керлинг, шорт-трек гээд цагаан олимпийн хөтөлбөрт ордог цөөнгүй спортын төрөл манайд үсрэнгүй хөгжих нь тодорхой. Дээр нь цана, тэшүүрийн олон улсын стандарт хангасан ганц баазтай болоод авахсан. Тэгээд тэдгээртээ олон улсын тэмцээн байгуулдаг болчихвол ч...Тэгвэл дэлхийд биш юм аа гэхэд Азидаа өвлийн спортоор дээгүүр өрсөлдөх болно гэдэг дээр мөрийцсөн ч яахав. Ер нь нөхцлийг нь бүрдүүлчихвэл цан хүүрэг жавартай өвөлтэй монголчууд цагаан олимпод “Ялалт бус оролцоо чухал” гэдэг уриан дор бус харин ч цахиур хагалан дэлхийн томчуудтай өрсөлдөнө гэдэг хол сонсогдох мөрөөдөл биш гэж санагдана.