Б.БАРС
“Тэнгэрийн хүү”, “Ай Нанаа” жүжгээрээ олны талархлыг хүлээсэн зохиолч, сэтгүүлч, яруу найрагч Битогтохын Цогнэмэхтэй уулзаж ярилцлаа.
-Та манай сониноос сэтгүүлчийн гараагаа эхэлсэн. Эргээд энэ сониндоо ярилцлага өгөөд сууна гэдэг сонин тохиолдол болов уу?
-Сайхан байлгүй яах вэ. Би 2002 онд “Зууны мэдээ” сонинд сурвалжлагчаар ажилд орж байлаа. Тэр үед одоогийнх шиг олон сонин байсангүй. Тэгээд ч өдөр тутмын сонины босго өндөр байлаа. Одоогийнх шиг дуртай нэг нь орж чаддаггүй байсан. Нэг л мэдэхэд арван жил өнгөрчээ. Цаг хугацаа жирэлзэж байна шүү.
-Энгийн мэт асуултад хариулах хамгийн хэцүү гэдэг. “Байцаалт”-аа тийм л асуултаар эхэлмээр санагдлаа. Амьдрал гэж юу вэ. Уран бүтээлч, хувь хүн утгаараа танаас хоёр өөр хариулт гарах байх?
-Амьдрал угаасаа л тухлал биш, зүтгэл шаардсан зүүд шиг хоосон ертөнц юм. Гэхдээ би нэг л хариулт хэлье. Буддын шашинд аль дээр хэлчихсэн зүйл шүү дээ. Амьдрал бол зовлон гэж. Хүн гэдэг ер нь хаан харц, баян ядуу, эр эм ялгаагүй бүгд л нэг юм руу зорьдог. Тэр нь жаргал. Хүний амьдрал тэр чигтээ зовлонгоос салж жаргалд хүрэхэд чиглэдэг биш үү. Зовлонгоос сална гэж сэтгэл дэх муу муухайгаа арчин оюун билгийн гэрэл гэгээг тусгаснаар дотоод амар амгаланг бий болгохыг хэлнэ л дээ. Өнөөгийн өрнөдөөс гаралтай хэрэглээний нийгмийн баялгийг шүтэх явдал амьдралын үнэт зүйл биш. Яагаад хэдэн сая доллар хураасан хур баян одод амиа хорлоод байдаг юм. Эд баялаг аз жаргал авчирдаггүйг өрнөдийн ертөнц ухаарчихлаа шүү дээ. Одууд нь буддын шашинтан болцгоож түвд, монгол, буриад руу олонтаа ирэх болов. Стивен Сигал, Ричард Гир, Брэд Питт гээд л. Эд баялагт тачаах нь нөгөө зовлонг л зузаалаад байгаа юм. Түр зуурын таашаал хүнийг аз жаргалд хүргэдэггүйг ч ойлгочихсон. Сэтгэл санааны амгалан байдал л жинхэнэ аз жаргал юм байна. Амьдрал гэдэг үүнд хүрэхийн төлөөх тэмцэл юм байна гэж дуу алдах боллоо. Гэтэл Будда үүнийг аль хэдийнэ заачихсан шүү дээ. Хүн гэдэг өөрөө өөрийгөө л ялан дийлж, амьдралаа ухаалаг болгох учиртай. Түүнээс биш тэнгэрээс хэн нэгэн мундаг нөхөр бидний амьдралыг зохицуулаад байгаа гэж хэлээгүй. Тэгж боддог хүмүүсийг мухар сүсэгтэн гэдэг юм.
-Амьдралын тухай Будда тэгж хэлж. Би уг нь таны бодлыг асуусан?
-За даа, нэг мундаг хүн хэлсэн байна лээ. Амьдрал бол тэр чигээрээ жүжиг гэж. Миний бодлоор амьдрал тэр чигээрээ жүжиг гэдэг үнэн талдаа. Тэр цэцэрхэл энэ тэрийгээ больё л доо. Амьдрал зүгээр л сайхан, зөв амьдрах бүр сайхан шүү. Бидний насан дээр амьдрал маш том үүрэг хариуцлагаар мялаадаг юм уу даа. Эх орныхоо өмнө, үндэстнийхээ өмнө, гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа үүрээд авч явж чадвал сайхан биш гэж үү. Харин уран бүтээлч хүний хувьд би амьдралыг зочид буудал гэж төсөөлдөг. Хүн төрлөө, хорвоод ирлээ, тэгээд төд удалгүй яваад өгдөг зочин бус уу. Энэ талаар гүнзгийрүүлж яривал мөнх бус хийгээд үйлийн үр, сүнс, хойд нас гээд өчнөөнийг өгүүлж болно.
-“Тэнгэрийн хүү” жүжгээс хойш юу хийж амжуулав?
-Үндэсний хувьсгалын 100 жилийн ойд зориулж “Ай Нанаа” түүхэн дуулалт жүжгийг нийслэлийн “Улаанбаатар” чуулгын тайзнаа толилуулсан. Энэ бүтээлд маань найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган ажиллаж УДЭТ-аас Ардын жүжигчин П.Цэрэндагва, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, Ц.Түвшинтөгс, Ширмэнтуяа, УДБЭТ-ын дуучин Доржхорлоо нарын мундагууд тоглосон. Тэрнээс хойш хөлөө гэмтээгээд жил шахам хэвтэж олигтой юм хийгээгүй дээ. Харин улирч буй онд зургаан зохиол биччихсэн байна. Хэн бүхний мэдэх домгийг нэлээд гүнзгийрүүлээд Алунгоо эхийн тухай киноны зохиол бичлээ. Монголчууд бол зовлон дундаас төрсөн үндэстэн гэдгийг харуулсан. “Үнэний хаан Будда” гэдэг жүжгээ бичиж дуусаад удаагүй байна. Энэ хоёр зохиолоо би нэлээд ойшоож байгаа даа.
-Нөгөө хэд нь?
-Наадмын өмнө би найруулагч Л.Эрдэнэбулган ахын санал болгосноор “Нүүх үү, суух уу” гэдэг телевизийн хорин ангит уран сайхны киноны зохиолыг бичсэн. Нэрнээс нь юуны тухай өгүүлэх нь ойлгогдож байгаа биз. Эрчимтэй суурьшиж эхэлсэн монголчууд уламжлалт нүүдлийн соёл иргэншлээ хэрхэн авч явах юм бэ гэдэг тулгамдсан асуудал мөнөөс мөн шүү дээ. Мөн Баядын Гангантөгс гэдэг сайн эрийн тухай кино зохиолд хувь нэмрээ оруулсан юм байна. Дээр нь Галдан бошготын тухай бүжгэн жүжгийн цомнол бичсэн. Яруу найрагч хүний хувьд “Ертөнцийг юүлье” ном, сэтгүүлчийн хувьд “Цагаан морины домог”, “Миний очсон ертөнц” бүтээлээ хэвлүүлэхэд бэлэн болоод байгаа.
-“Үнэний хаан Будда”-д юуны тухай өгүүлдэг гэж?
-Манайхан Ганданд очоод л мөргөдөг. Чухам юунд, яах гэж мөргөөд байгаагаа мэддэг нь хэд билээ. Бурхны шашны мөн чанар яг юу вэ гэдгийг бүгд ойлгож ухаардаг билүү. Будда гэж түүхэн хүн гэдгийг бид мэднэ. Бурхан багшийн хэлсэн нэг сургаал миний ой тоонд ортол шингэсэн. “Хүн бүр бурхан болж болно” гэж. Энэ мэтчилэнгээр бурхны шашны үнэт зүйлүүдийг харуулахыг хичээсэн. Түүнээс биш Христийн юм уу бусад шашин шиг биднийг мэддэг, ертөнцийн эзэн гэж нэг лут нөхөр дээр байгаа тухай айлдаагүй. Хүн өөрийгөө ялж болно гэдэг нь хүний аврагч бол зөвхөн өөрөө юм гэсэн үг л дээ. “Үнэний хаан Будда”-г саяхан Төрийн шагнал хүртсэн Н.Наранбаатар маань найруулан УДЭТ-ын алтан тайзнаа тавих гэж байгаа. Паараа төрийн шагнал хүртсэний маргааш би энэ зохиолоо сугавчлаад түүний өрөөнд орсон юм. Хүмүүс цэцэг бэлэг хоёроор дараад жигтэйхэн. Харин би түүнд “Найзынхаа шагналыг “Үнэний хаан Будда”-гаар мялаая даа” гээд зохиолоо аваачиж өгсөн. Мань хүн хариуд нь “Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос Төрийн шагнал хүртэж зогсохдоо наад зохиолыг чинь л бодож байлаа” гэсэн дээ. Яг одоо “Улаан нулимс” гэдэг жүжиг миний цээжин дотор зангирч эхэлсэн. Үүнийг маань УДЭТ-ын захирал Д.Цэрэнсамбуу болон найруулагч Баатар нар ихэд ойшоогоод байгаа. Бас нэг абсурд жүжиг эхлэх гэж байна.
-Уран бүтээлийн олз омог ихтэй л яваа юм байна. Гэвч түүнийгээ мөнгө болгоод, түүгээрээ амьдарч чадаж байна уу. Ер нь захиалгаар юм бичнэ гэдэг олигтой зүйл мөн үү?
-Ний нуугүй хэлэхэд надад тийм юм бичээд өгөөч, ийм юм хийгээд өгөөч гэсэн захиалга бишгүй ирдэг. Энэ захиалга гэдэг үгэнд би дургүй шүү. Аль аль тал нь зөвшөөрвөл үүнийг хамтарч уран бүтээл хийх гэж нэрлэвэл дээр юм уу даа. Түүнээс биш надад тавьсан санал болгоныг шүүрч аваад юм бичдэг хүн биш. Хэт марзаганасан шар бүтээл хийгээч гэсэн саналыг би хэзээ ч хүлээн авдаггүй. Мэдээж, бүтээлээ зохих хэмжээгээр үнэлж шан харамжаа авалгүй яах вэ.
-Өөрөө гол төлөв түүхийн сэдвийг “мөлжих” юм аа?
-Би уг нь түүхч, түүхийн багш мэргэжилтэй хүн. Ховдын багшийн дээдийг төгсөөд нутагтаа очиход сумын сургуулийн захирлаар ажиллаач гэсэн санал ирж байлаа. 1997 онд сум гэдэг чинь бараг дундад зууны үедээ байлаа шүү дээ. Тэгэхээр би улам бүр дундад зуун руу зүтгэсэн байгаа биз. Хотод ирж хэдэн шүлэг уншиж хэнээ тусч өвчигнөхөөс ангид явсан. Нас өндөр болсон аав, ээж дээрээ хөдөө гарсан. Манайх малтай бол малтай, дунд зэргийн чинээлэгдүү айл байлаа. Хэсэг зуур тэгж эгэл бор амьдралаар амьдрах сайхан байсан шүү.Яагаад гэвэл би монгол хүн болох гэж, хүн болох гэж дотоод сэтгэлийнхээ өдөөлтөд автсан байсан юм. Наймаа арилжаа ч эргүүлээгүй. Найман алдын бугуйл эгэлдрэглээд гангарч явлаа.
Яагаад заавал түүхэн сэдвээр бичдэг вэ гэвэл миний мэргэжилтэй холбоотой байх л даа.Нөгөөтэйгүүр манай улс өмнөх гашуун түүхээ ид давтаж эхэллээ шүү дээ. Монголын нийгэм, соёл урлаг сэргээд байгаа ч юм шиг, мөхөөд ч байгаа юм шиг хачин байдалд ороод байгаа бус уу. Үүнийг анхааруулах гэж ойлгуулах гэж монгол хүний үүднээс хандсан нь ингэж илэрч байгаа биз.
-Юуны улмаас тэр гэж?
-Дэлхийн газрын зураг дээр сая 500 мянган хавтгай км нутагтай Монгол харагдаад л байдаг. Гэтэл соёл нь, амин сүнс нь нүд аних гээд байна уу даа. Угсаатны зүйн бичил дуран авайгаар хараад үзье л дээ. Даяаршил гээч юмны нөлөөгөөр Монголын маань язгуур маш ихээр идэгдэж эхэллээ. Бидний Ахиллын өсгий рүү гадныхан төдийгүй дотоодын бэртэгчингүүд маажлах болов.Үүний шарх сорви нь биднийг сэтгэлгээний тусгаар тогтнолгүй, амин сүнсгүй болгох нь дээ.
-Солонгосын олон ангит кинонуудын нөлөөг хэлээд байна уу, эсвэл?
-Түүнийг ч хэлнэ. Даяаршил, ардчиллаар халхавчилсан барууны эрээн мяраан соёлын түрэмгийллийг ч хэлнэ. Гудамжинд яваа залуусыг хар. Яаж хувцасласан байна. Эр эм нь мэдэгдэхгүй, эх адаггүй марзаганаад байх юм. Гадны соёлын түрэлтэд монгол төрх сийчүүлж байгаа биз дээ.
-Гадны нөлөө л гэнэ. Монголын уран бүтээлчид сул дорой тул гадныханд байр сууриа алдаж байгаа юм биш үү?
-Ийм ч учир би юуны түрүүнд монгол хүн, монгол үндэстэн яаж биеэ авч явах вэ гэдгийг уран бүтээлээрээ харуулахыг эрмэлзсээр ирсэн. Эдийн засгийн бэрхшээл, жижиг орны зовлон байгаа л даа. Манай уран бүтээлчид доройдоо бишээ.
-Дуучин С.Жавхлантай адил уу?
-Түүнийг амтай болгон мэдрэл муутай гээд л байсан. Гэтэл С.Жавхлан бусдын адил дөрвөд, буриад, баяд, халх гэж жалгын үзэл гаргалгүй Хамаг Монгол гэж омогшиж яваа биз дээ. Одоо бүр Дэлхийн Монгол гэж байгаа. Үүнд буруу юм юу байна. Ер нь монголчуудын орших, эс оршихыг эдийн засаг бус, Оюутолгой, Тавантолгой ч бус, үндэсний соёл урлагийн дархлаа бүхий өөрийн үндэсний ухамсар, ёс суртахуун нь л шийднэ. Миний бодлоор дэлхийн бүх монголчуудыг нэгтгэдэг гурван зүйл бий.
-Тэр нь?
-Юуны түрүүнд мэдээж Чингис хаанаараа омогших явдал. Ижил мөрний халимаг, тува, Хөх нуурын монгол, Өвөрмонгол, Шиньжааны элэг нэгтнүүд энэ гурваар л бие биеэ мартчихгүй явж байна. Нөгөө нь Буддын шашин. Гуравдахь нь босоо монгол бичиг. Ерөнхийлөгч маань монгол бичгийг хүчээр ч хамаагүй бүх нийтийнх болгоосой гэж боддог. Бичигтэйгээ байхад Монгол мөд мөхөхгүй дээ.Монгол үндэстнийг өдгөө хүртэл авчирч ирсэн босоо бичгээсээ татгалзаж байгаа нэгэн бол монгол хүн биш. Энэ гашууныг гэтэлж чадвал Монголын маань соёлын, оюуны дархлаа бий болно. Энэ чинь Цагаан хэрэмнээс илүү улаан хэрэм юм шүү. Сэтгүүлч хүн нийтлэлээр өөрийнхөө ертөнцийг үзэх үзлийг ямар нэгэн байдлаар илэрхийлдэг дээ. Үүнтэй адил би жүжиг, кино, яруу найргийн бүтээлээрээ өөрийгөө илэрхийлдэг. Модуны үгээр өөрийн бодлоо, сэтгэлийн зовнилоо бас хэлээд байгаа хэрэг. “Тэнгэрийн хүү”-дээ би дээр өгүүлсэн бүхнийг хангалттай шингээж өгсөн.
-“Тэнгэрийн хүү”-г тайзнаа тавигдахад өөрт чинь өчнөөн хүн баяр хүргэсэн байх. “Ёстой гайхамшигтай” гээд. Гэвч амьдрал дээр чинь туссан бодит үр өгөөж нь юу байв?
-“Гэгээн муза”-гийн шагналыг гардаж байхдаа би монголчуудыгаа бага ч атугай сэрээж чадлаа гээд урам орсон. Харин жүжгээ үзэгчдийн дунд сууж сонирхохдоо Монголоороо хэрхэн омогшиж, төрийнхөө, газар шорооныхоо төлөө бүхнийг золиослож буй Модуны үйл хэргийг хэрхэн омогшилтойгоор хүлээж авч байгааг хараад миний, бидний хүсэл биелж болох юм байна гэсэн итгэл төрсөн. Энэ л надад хамгийн том шагнал. Жинхэнэ аз жаргал. Түүнээс биш би бүтээлээ наймаалцаж, илүү дутуу мөнгө харамж авахыг эрмэлзээгүй юм шүү. Үнэндээ би тэр тал дээрээ маруухан хүн. Тэгээд ч хар багаасаа шүтэн биширч ирсэн ардын жүжигчин П.Цэрэндагва, Н.Сувд, Мягмарнаран, Хасар Жагаа гээд л драмын театрын тэр их аваргуудыг бүтээлдээ тоглуулна гэж зүүдэлж ч явсангүй. “Тэнгэрийн хүү”-гийн маань амжилт намайг хойшоо суух эрхгүй болгосон шүү.
-Өнөөгийн улстөрчид жүжгийг хэрхэн хүлээн авсан бол. Тэд чиний бүтээлээрээ хэлэх гэсэн санааг сонсох учиртай хүмүүс биз?
-Тэгэлгүй яах вэ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж жүжгийг биечлэн үзээд тусгайлан хүлээн авч уулзсан. Баяр хүргээд цаашид юу хийх гэж байна гээд л. Надад хэлэхдээ чиний сэтгүүлзүйн бүтээлүүдийг би мэднэ. Урлаг, утга зохиолд зам мөр гаргаж байгаа чинь сайн хэрэг. Цаашид харж явах болно шүү гэсэн нь урам ч өглөө. Үүрэг авсан мэт л догдолж байсан.
-Тэгэхээр “Тэнгэрийн хүү” байндаа хүрч дээ?
-Тэгж ч ойлгож болохоор. Жүжгийг маань найруулсан Н.Наранбаатар Төрийн соёрхол хүртсэн нь нүдээ олсон хэрэг болов гэж ойлгож байгаа. Нэг сонин түүх ярих уу.
-Тэг л дээ.
-Паараа, Эби, Боогий, Амгаа гэсэн драмын дөрвөл чинь надтай урьдны найзууд байсан. Тэд маань “Тэнгэрийн хүү”-гийн хөдөлгүүр болно гэж бодсонгүй. Би Модуныг дүрслэхдээ чухамхүү Паарааг л бодож бичсэн. “Атга нөж”-ийн нээлтийн дараа би хөшигний араар очиж баяр хүргэн тэвэрч байлаа. Гэтэл мань эр найруулах болдог байна шүү.
-Гэхдээ “Тэнгэрийн хүү”-гийн эцэг Б.Цогнэмэх юу хүртэв. Амбиц хөдлөхгүй байна уу?
-Одоо илүү ихийг хийхийг л хүсч байна. Нас явах тусам яаравчлахгүй бол болохгүй гэдэг шиг л юм болж байна. Бид залуу хүмүүс. Гэхдээ монгол үндэстний дархлаа өдрөөс өдөрт суларч буйг хараад улам яарч адгаж байна. Монгол хүмүүсийг сэрцгээгээсэй гэж уран бүтээлчийн зүгээс дагуулж хөдөлмөөр санагддаг шүү. Цээжээ дэлдсэнээр эх оронч болчихгүй. Бүтээлч хөдөлмөр л чухал. Би бус бид гэж хэлцгээж суръя. Минийхийрэх үзлээс хагацацгаая. Бид хэн бэ гэдгээс илүү бид хэн биш вэ гэдгээ ухаармаар л санагдаж байна. Би юу хүртэх ёстой гэж. Шагналыг хэлээд байгаа юм уу. Шагнал л бодвол уран бүтээлч хүн мөхөж байгаа нь тэр. Монгол хүн газар шороон дээрээ монголоор ярьж байгааг хараад сэтгэл амарна. Үүнээс өөр амбиц гэж юу байдаг юм бэ.