Д.ЖАРГАЛСҮРЭН
Энэ асуултад хариу өгнө гэдэг тун хэцүү байна. Яагаад гэхээр өнөөдөр чөлөөт бөхийн холбоо гэдэг байгууллага байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг. Тэмцээн уралдаан зохион байгуулаад байгаа болохоор холбоо ажиллаад байна гэж бодохоор. Гэтэл аль ноднингоос хойш эрэгтэй чөлөөт бөхийн дасгалжуулагчид нэг л юмыг хэлээд байгаа нь холбоо ч ерөнхийлөгч Д.Дагвадорж ч хууль бус гэх. Саяхан дасгалжуулагч О.Пүрэвбаатар нэг ярилцлагадаа “Чөлөөт бөхийн холбооны удирдлага хууль бус, үйл ажил нь буруу гольдрилтой байгаа учир бид тэмцээд байгаа юм. Надад амьдралын зүг чиг болсон энэ спортын хөгжил гоё байгаасай гэж хүсч байна” гэжээ. Дасгалжуулагч Ц.Цогтбаяр ч ийм утгатай ярилцлага өгснийг уншиж байлаа. Энэ хэдэн дасгалжуулагч яагаад ингээд байдаг юм гэсэн бодол санаа чилээх болсон.
Тэгвэл МЧБХ 2009 оны гуравдугаар сарын 14-нд ээлжит их хурлаа хийснээс хойш хуралдсангүй. Тэр ч байтугай холбооны өнөөгийн удирдлагын хууль бус ажиллагааны тухай үнэмшихэд бэрх ч үнэн баримтууд дэлгэгдсээр байна. Өнөөгийн МЧБХ-ны хууль бус гэдгийг 2009 оны гуравдугаар сарын 14-ний 03 гэсэн хуурамч тогтоолоос эхлэн мэдэж болох юм байна л даа. Уг тогтоолд холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон Л.Чинбат, тэргүүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Сумъяабазар нарыг холбоо үүсгэн байгуулагч болохыг баталсугай. Хурлын дарга Х.Баянмөнх гэжээ. Гэтэл өмнөх хурлын тогтоолыг үндэслэн ийм хуурамч тогтоол үйлдэж Х.Баянмөнх аваргын гарын үсгийг дуурайлган зуржээ.
Юун үүсгэн байгуулагч байх вэ. МЧБХ дөрөв таван жилийн өмнө 50 жилийн ойгоо тэмдэглэсэн монголдоо ууган холбооны нэг шүү дээ. Тийм байтал холбооны удирдах зөвлөлийн 2013 оны арваннэгдүгээр сарын өдрийн хурлаар хэлэлцэн батлав гэсэн дүрмийн нэг гайхалтай заалт нь “Монголын чөлөөт бөхийн холбоо 2009 оны гуравдугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан болно” гэсэн гажиг явдал. Бас 2009 оны ээлжит Их хурлын тогтоолуудыг хуурамчаар дахин үйлдэхдээ МЧБХ-ны удирдах зөвлөлийн гишүүд, ерөнхийлөгчөөр сонгогдсон Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, З.Ойдов, Н.Бүргэдаа, А.Басхүү, Х.Баттуул, Л.Ням нарыг хассан тухай болгож өөрчилжээ.
Уг тогтоолд аварга Х.Баянмөнх гарын үсэг зурсан гэдэг нь бас хуурамч байв. Тиймээс хуурамч гэдгийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2015 оны арваннэгдүгээр сарын зургааны өдөр “Шүүгдэгч Ойдовсамбуугийн Баянмөнхийг шууд санаатай хэлбэрээр хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай” гэсэн шүүхийн тогтоол гэрчилж буй юм. Ингэж өнөөгийн МЧБХ-ны удирдлага гэх хэсэг бүлэг нөхөд тийнхүү хуурамч бичиг баримт үйлдэн залилан хийж МЧБХ-г өмчилж авсан байна. Тэгээд хууль бус тогтоолоор томилогдсон Удирдах зөвлөл гэж өөрсдийгөө нэрлсэн нэр бүхий хүмүүс бас нэг хууль бус үйлдэл хийсэн нь 2013 оны тавдугаар сарын нэгний 121 тоот тогтоолоор Д.Дагвадоржийг МЧБХ-ны ерөнхийлөгчөөр сонгосон нь мөн л хууль бус үйлдэл болж. Энэ бол сүрхий завхрал гэж болноо доо. Иймээс МЧБХ-ны болон ерөнхийлөгчийнх нь нэр хүнд муу байгаа гэж дасгалжуулагч нөхөд, зарим зүтгэлтнүүд нь хэлж байна. Холбооны зохион байгуулалттай холбоотой ёс бус явдал ч олон гардаг болсон. Хууль бус удирдлага нь үнэн үг хэлсэн нөхдөө шүүхэд өгсөн ч гэх шиг. Гадаадад уралдаан тэмцээнд оролцох тамирчдынхаа визний асуудлыг будилуулснаас Азийн аваргад нэр бүхий тамирчид оролцож чадаагүй, тэмцээнд явсан тамирчид нь бие биенийхээ юмыг хулгайлчихлаа гэх мэт олон шуугиан бий. Гэтэл тэр бүхний буруутан хэн болохыг холбоо огт мэдээлдэггүй, хав дарчихдаг бололтой юм. Хууль бус юмыг хууль бусаар дардаг жишиг энэ холбооны ажилд дадал болсон шиг. Холбооныхны нэг гажиг нь алив тэмцээнд тамирчин амжилт гаргаагүй бол буруу нь багш дасгалжуулагчдынх. Харин амжилт гаргавал холбооны гавьяа болж дуусдаг гэх.
Холбоо ашиг орлого, зарлагаа ч хамт олондоо тайлагнадаггүй байна. Олимп болох өдөр, хоног ойртлоо гэхэд МЧБХ (хууль бус) манай тамирчид олимпод оролцох есөн эрх авсан гэхээс өөр ажилгүй л байцгаана. Жүдо бөхийн холбоо олимпод оролцох тамирчдынхаа нэрийг зарлачихлаа. Гэтэл чөлөөт бөхийн хувьд хэн нь олимпод очих вэ. Асуулт хэвээр л байна. Шалтгаан байгаа байх л даа. Нэгд холбоо нь бас ерөнхийлөгч нь хууль бус болохоор үйл ажил нь бас дэгэн догонтой байдаг биз. Хоёрт холбооны удирдах хүмүүс бэлтгэл энэ тэр дээр огт үзэгддэггүй, дасгалжуулагч нартайгаа ч бараг уулздаггүй болохоор тамирчдынхаа тухай мэдэц нь жирийн сонирхогч төдийд л байдаг байх. Гэтэл аль нэг тэмцээнд тамирчин сонгох болоход энэнийг явуул, түүнийг битгий гэж харанхуйгаар оролцдогт нь дасгалжуулагчид нь дургүйцдэг юм билээ. Холбооны энэ хачин байдлыг цэгнэж үздэг газар бас баймаар даа. Хэрэв байдаг бол хууль бус зохион байгуулалттай, дүрэм журамгүй ажилладагт нь зэм хүртээх, бүр татан буулгаж ч болохоор юм шиг. Мөн холбооны удирдлагад хууль батладаг төрийн түшээ хүртэл багтдаг нь бас хажуугаас нь ичмээр. МЧБХ-г хууль бус байгууллага гэдгийг нь хэдэн дасгалжуулагч биш шүүх тогтоочихсон байна шүү дээ цаана чинь. МЧБХ байна, байхгүй гэсэн оньсого олон түмнийг төөрөгдүүлсээр байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин