Ц.БАЯР
Узбесктаны нийслэл Ташкент хотноо болсон "РИО-2016" олимпийн эрх олгох хүндийн өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон тамирчид болоод Азийн аварга М.Анхцэцэг өчигдөр шөнө эх орондоо хүрэлцэн ирлээ.
Түүхэн амжилт үзүүлж Риогийн олимпод оролцох эрх авсан баг хамт олноо багш, тамирчид, дасгалжуулагч, Алдар спорт хорооны хамт олон , гэр бүл , найз нөхөд , хүндийн өргөлтийн спортын дэмжигчид нь угтан авсан юм. Тэмцээний эмэгтэйчүүдийн 75 кг-д өрсөлдсөн “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Мөнхжанцангийн Анхцэцэг огцом шахалтаар 112, түлхэлттэй өргөлтөөр 132, нийлбэрээр 244 кг өргөн, Азийн аварга болсон.
Монголын хүндийн өргөлтийн шигшээ баг багийн дүнгээр IV байрт шалгарч, Рио-2016 олимпийн нэг эрхтэй боллоо. Уг тэмцээнд багийн дүнгээр эрэгтэйчүүд эхний VII, эмэгтэйчүүд VI байрт шалгарвал тус бүр олимпийн нэг эрх өвөртөлсөн юм.
Манай эмэгтэй туйванчид Вьетнам, Узбекистан, Энэтхэгийн багийн дараа IV байрт шалгарч олимпийн эрх сүүлийн тэмцээнээс Ази тивийн аварга, олимпийн нэг эрхтэй эх орондоо ирлээ.
Эх сурвалж:www.zms.mn