Б.БАРС

Хөгжмийн ертөнцөд хөл тавьснаасаа хойш Америкийн супер од Рианна дэлхий даяар 20 гаруй сая цомог, 60 сая сингл худалдан бүх цаг үеийн хамгийн эрэлт хэрэгцээтэй поп дуучдын нэг болжээ. Гэхдээ түүнийг АНУ бус Карибын тэнгисийн бяцхан арал улс Барбадост 1988 оны хоёрдугаар сарын 20-нд оёдлын үйлдвэрийн хянагч ажилтай Рональд Фенти, нягтлан бодогч Моника Брейтвейтийн гэр бүлд төрсөн гэдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй. Өдгөө 25 настай алдарт дуучны бүтэн нэр Робин Рианна Фенти аж. Түүний “ELLE” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэе.

 

-Та дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн поп од болоод удаж байна. Анх хэдэн настайгаасаа дуучин болно гэдгээ мэдэрсэн бэ?

-Би Барбадос арлын уугуул хүн л дээ. Бага байхад манайд регги хөгжим байнга эгшиглэдэг байлаа. Би анх регги чиглэлийн дууг бүр долоон настайгаасаа дуулж хөршүүдээ баясгадаг байсан юм. Шууд л дүүргийн од болсон гэх үү дээ.

-Таны хүүхэд нас амаргүй өнгөрсөн гэдэг?

-Би Брижтаун хотод аав, ээж, хоёр дүүтэйгээ хоёр идэхгүй, хоосон хонолгүй хүн болж торнисон. Ажилгүй болсон аавтайгаа жижигхэн лангуунд хувцас зардаг байлаа. Лангууныхаа ард регги дуулахад хүмүүс өхөөрдөн заавал нэг юм худалдан авдаг байж билээ. Харамсалтай нь аав маань крэк-кокаин, марихуан, архинд дэндүү орж биднийг их зовоосон доо. Тэгээд намайг 14 настай байхад аав, ээж хоёр салсан. Гэхдээ надад дуу хөгжим гэж юу болохыг мэдрүүлсэн хүн бол аав минь гэдгийг би хэзээ ч мартахгүй.

-Таныг дунд сургуульд байхдаа охидын гурвал хамтлаг байгуулж байсан гэж дуулсан? 

-Тийм шүү. Биднийг үзэгчид тун давгүй хүлээж аван урам зориг хайрладаг байсан. Намайг 15 нас хүрч байхад АНУ-ын продюсер Эван Рожерс эхнэрийнхээ хамт манай оронд амрахаар ирсэн юм. Манай хамтлагийн тоглолт дээр эхнэр нь санамсаргүй ирээд шууд зочид буудалдаа урьж билээ. Эван Рожерст бид “Destiny’s Child” хамтлагийн тухайн үеийн хит “Emotion”дууг дуулж сонирхуулснаа би тод санаж байна. Тэр бид нарыг магтаад гар цайлгаад л өнгөрсөн.

-Гэтэл?

-Гэтэл нэг их удалгүй Эван Рожерс ганц намайг сонирхож буйгаа илэрхийлээд Нью-Йоркт Карл Старкений студид дууны бичлэг хийхийг санал болгосон. Дараа жил нь би ээжийнхээ хамт Эван Рожерсийн урилгаар хичээлийнхээ амралт болгоноор АНУ-д очин дөрвөн дуунаас бүрдэх туршилтын бичлэг хийж дуусгасан даа.

-Тэгээд?

-Тэгээд  2005 онд Эван Рожерс миний туршилтын бичлэгийг АНУ-ын дуу бичлэгийн лэйблүүдэд илгээснээс нэг нь “Def Jam Recordings”-ийн захирал Jay-Z-ийн гарт очсон гэж сүүлд мэдсэн. Энэ лэйбл намайг хамгийн анх тоож урьсан даа. Би алдарт Jay-Z-ийн өмнө “For the Love of You” дууг дуулсан юм. Дуулж дуусангуут тэр инээмсэглээд, “Чамтай гэрээ байгуулбал татгалзахгүй биз” гэж асуусан. Миний баярласан гэж жигтэйхэн. Үүнээс хойш би АНУ-д шилжин Эван Рожерсийн гэрт амьдрах болж амжилтын үзүүрээс атгаж чадсан даа.

-Таны анхны “Pon de Replay” дуу шууд л дэлхийн хит болсон. Ингэж огцом алдаршина гэж төсөөлж байв уу?

-Эван Рожерс гээд миний продюсерүүд нойр хоолгүй ажилласаар энэ синглийг хит болгож чадсан. Синглийг хит болно гэдэгт тэд огт эргэлзэхгүй байсан. Ний нуугүй хэлэхэд би үүнд эргэлзэж байсан юм. Учир нь би тэр үед хэн ч мэдэхгүй нэг хар охин л байлаа шүү дээ.

-Таныг тив тивийн бүсгүйчүүд дуурайдаг болжээ. Гэтэл таныг мэдэх хүмүүс эмэгтэйлэг гэхээсээ эршүүд гэх юм. Ямар учиртай юм бэ?

-Би хар багаасаа хөвгүүдийн дунд өсч торнисон болоод л тэр байх. Охидтой нийлэхэд ярих ч юм олддоггүй байж билээ. Ахлах ангид ороод ч хөвгүүдийг охины нүдээр сонирхдоггүй нэгэн байлаа. Учир нь би өөрийгөө тэдний нэг, тэд ч намайг өөрсдийнхөө нэг гэж бодож байсан гэлтэй. Ертөнцийг хөвгүүдийн нүдээр харж л хүн болж дээ, би.

-Ийм ч учраас та одоо хэр стриптиз бааранд тайчигч охидын бүжихийг сонирхдог байх нь ээ?

-Магадгүй. Би стриптиз клуб руу танил залуустайгаа, заримдаа бүр ганцаараа ороод явчихдаг. Мэдээж би ижил хүйстэн биш. Зүгээр л багана тэврэн бүжих охидыг хараад сууж байхад нэг л содон, уран зөгнөлийн гэмээр ертөнцөд ирсэн юм шиг сэтгэгдэл төрдөг. Дарсанд бус тэр хөгжим, тэр биеийн хөдөлгөөн, тэр өвөрмөц орчинд нь л согтож байх шиг санагддаг юм.

-Гэтэл таныг дур булаам дуучдын нэг гэдэгтэй хэн ч маргахгүй. Хэрхэн эмэгтэйлэг болж чадав аа?

-Үүнд миний найз Мелисса “буруутай”. Тэр л намайг бүсгүй хүн болгож чадсан. Бид нийллэгт хамт явна аа. Мелисса баахан гоёж гоодоод ирэхэд би бахь байдаг пүүзтэйгээ, жийнстэйгээ очно. Тэгээд Мелиссаг толгой сэгсрэхэд өөрийгөө юунд буруутчихав аа гээд гайхдаг байлаа. Ингээд найз маань надад моодны сэтгүүлүүд үзүүлж, юм бүхнийг тэвчээртэйгээр нэгд нэгэнгүй зааж өгдөг болсон. Эмэгтэй хүн байна гэж юу болохыг Мелиссагаас нээх болгондоо би гайхан шогширдог байж билээ.

-Од болохоосоо өмнө та хэн гээч одтой адилхан болохыг мөрөөддөг байв?

-Мадонна. Дуу болгондоо тэрээр өөрийгөө нэг ч давталгүй цоо шинэ дүр бүтээдэг нь одоо ч надад таалагддаг.

-Та хормын зуур Мадоннагаас дутахгүй од болсон. Тэгээд нэг их удалгүй рэп дуучин Крис Браунд дурлан хамт амьдрах болсон. Тэр таныг нүүр нүдгүй зодоод ял авсныг хүн бүр мэднэ. Гэтэл та түүнийг өршөөж, нэг хэсэг бүр эргээд хамт амьдарсан. Яагаад тэр вэ?

-Ийм шийдвэр гаргахад маш олон хүчин зүйл нөлөөлсөн. Тэр бүхнийг дэлгэн далан булчирхайгаа тоочоод яахав. Хамгийн гол нь би Крисийг хэн болохыг маш сайн мэддэг юм. Түүнийг өршөөснөөрөө би юуны түрүүнд өөрийгөө бүтэлгүй хайр дурлалын занганаас гаргаж чадсан гэж боддог.

-Дэлхий даяар өөрийг тань яаж амьдрах ёстой талаар хэлэлцэж байхад ямар мэдрэмж төрдөг бол?

-Эхэндээ ч их л эвгүй сэтгэгдэл төрдөг юм билээ. Гэвч хүн гэдэг амьтан юунд ч засан зохицож чадах юм даа. Үүнд би огтхон ч эмзэглэлгүй өөрийнхөөрөө амьдарч явна. Бүгд л Рианнагийн амьдралд юу болж буйг сонирхон хар тамхичин юм биш биз, архинд орсон гэв үү, бусдын хүчинд автсан нь үнэн үү гээд л... Энэ бүхний хариуд би гар бууны шивээс хийлгэсэн юм. Энэ шивээс “Би хэзээ ч хэнд ч долигонож амьдрахгүй” гэсэн миний хашгирааны бэлгэдэл юм даа.

-Тэгэхээр та өөртөө их итгэлтэй хүн байх нь ээ?

-Ерөнхийдөө бол тийм. Гэхдээ хүн л юм хойно, заримдаа аливаад эргэлзэх, бүр цөхрөх нь бий. Шоу-бизнесийн худал хуурмагийн дунд амьдрах амаргүй. Цөхрөнгөө барахдаа би өөрийнхөө гэрэл зургуудыг өмнөө дэлгээд тамхи татангаа олон зүйлийг эргэцүүлэн бодоод тайвширдаг. Хэн нэгэн чамд худал хэлбэл чи тэр хүнд итгэхээ больдог. Гэтэл өөртөө худал хэлнэ гэдэг үүнээс ч долоон дор. Товчдоо бол, өөрөө өөртөө бүх юм сайхан байна гээд дүр эсгэх утгагүй гэдгийг би маш сайн ойлгосон доо.

-Одоо та өөртэйгөө шударга харьцдаг болжээ?

-Тийм. Аливаа бүтэлгүйтлийг сургамж утгаар нь хүлээж авдаг болсон. Бүтэлгүйтэл бол төгсгөл биш гээд өөрийгөө зоригжуулдаг ч болсон. Нэг газраа дахин дахин бүдрэх тэнэг явдал шүү дээ. Одоо би ямар ч байсан нэг алдаагаа дахин давтахгүй гэдэгтээ эргэлздэггүй.

-Та уран бүтээлээрээ эмэгтэйчүүдэд хэрхэн нөлөөлдөг гэж боддог вэ. Ер нь эмэгтэйчүүд гэж таны бодлоор хэн бэ?

-Миний бодлоор эмэгтэй хүн бүр эрх чөлөө, итгэл найдвар, хайр дурлал, эрх мэдлийг хүсдэг. Би энэ бүхний тухай уран бүтээлээрээ шууд хэлдэг тул эмэгтэйчүүд надаас үлгэр дууриал авдаг байх. Эмэгтэйчүүдэд эерэг нөлөөлөхийг л би хамгийн ихээр хүсдэг. Эмэгтэйчүүд маш хүчтэй. Гэвч байнга эргэлздэг. Яагаад тэгдэгийг би мэдэхгүй юм.

-Ирээдүйн төлөв­лөгөөнөөсөө хуваалцахгүй юу?

-Хүүхэдтэй болох байх. Мөн бүтэн сар уран бүтээлээсээ чөлөө аван тааваараа амрахыг хүсч байна. Ний нуугүй хэлэхэд амьдралынхаа сүүлийн мөч хүртэл концерт тоглон хорвоогоор хэрэн хэсэхийг хүсэхгүй л юм. Хамгийн гол нь эрүүл энх, бас аз жаргалтай амьдрахыг мөрөөдөж байна.

-Хүүхдийн эцэг хэн байх бол?

-Хэлмээргүй байна. Учир нь үүнийг би мэдэхгүй. Бурхан л мэдэх байх даа.