Т.САЙХАН

Монголын тэшүүрийн холбооны ээлжит бус их хурал болж, шинэ удирдлагуудаа сонгожээ.  Сүүлийн нэг жил гаруйн хугацаанд холбооны үйл ажиллагаа суларсан, Ерөнхийлөгч Т.Нямдаваа нь ажлаа өгөөд нэлээд хугацаа өнгөрсөн ч суудал нь одоо хүртэл эзгүй байгаа. Мөн удирдах зөвлөлийн таван гишүүн эрхээсээ татгалзсан ч тэдний асуудлыг хэлэлцээгүй гэсэн шалтгаанаар ээлжит бус их хурал зарлаад байсан юм.  Хурлын ирц 80 гаруй хувьтай байсан бөгөөд гишүүд хуучин удирдах зөвлөлийн гишүүдийг огцруулан, шинэ удирдлагуудаа сонгожээ. Холбооны Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, дэд ерөнхийлөгчөөр “МСS” группийн гүйтэцгэх захирал Л.Мягмаржав,  “Хүннү Молл”-ын гүйцэтгэх захирал Н.Болормаа нар сонгогдсон байна.   Мөн Удирдах зөвлөл нь есөн хүнтэй байх бөгөөд  Хөвсгөл аймгийн БТСГ-ын ахлах мэргэжилтэн Б.Батцэнгэл, ахмад тэшүүрчин Б.Өвгөнхүү, ОУХМ Г.Мөнх-Амьдрал, Орхон аймгийн тэшүүрийн холбооны тэргүүн Н.Гантүшиг, Б.Жалбалдорж, “Агни” трейд компанийн захирал М.Цэцэгээ гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллахаар боллоо.

Эх сурвалж:www.polit.mn