Б.БАРС
Одоогоос 24 жилийн тэртээ, 1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд Олон улсын хүний эрхийн өдрөөр Улаанбаатарын Хүүхэд, залуучуудын соёлын төвийн үүдэнд Монголын ардчилсан холбоо үүссэнээ зарлаж, манай оронд ардчилсан хувьсгалын эхлэл тавигдсан гэдэг. Тэгвэл тэр жилээс манай дүрслэх урлагт хувьсгал хийх зорилго бүхий уран бүтээлчдийн “Тэнгэр”, “Ногоон морь”, “Сита-арт”, “Би” зэрэг нийгэмлэг шил шилээ даран гарч ирснийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Улс төрд МАХН, шинжлэх ухаан, коммунизмын онол ноёрхож байсан шиг манай дүрслэх урлагт МУЭ, социалист реализм хаанчилж байсан цаг.
Майдар бурхан шинэ цагийг авчрах гэж ногоон морио хөлөглөн ирнэ гэж буддын сургаальд гардаг даа. Тэгвэл модерн-арт “Ногоон морь” нийгэмлэг манай орны дүрслэх урлагт шинэ эринийг тээж ирсэн гэвэл хэтрүүлэг болохгүй.
Харамсалтай нь дүрслэх урлаг дан ганц уран зураг, уран баримлаас хэдийнэ хальсан гэдгийг манай иргэдийн дийлэнх нь мэдрээгүй хэвээр. Контемпорари буюу орчин үеийн урлаг дэлхийд давамгайлах болсныгч тэд анзаарсангүй. Урлагийг шоу-бизнес орлох болсон манай оронд арга ч үгүй биз ээ.
Инсталляц, перформанс гээд орчин үеийн урлагийн хэлбэрүүдийг дурьдвал наадах чинь шинэ сүрчигний нэр билүү гэж хол “андуурах” мундаг бэлтэй “сэхээтнүүд” захаасаа аваад бий. Хэдэн жилийн өмнө нэгэн туршилт хийсэн маань санаанд буулаа. Инсталляц нь байршуулан угсрах, перформанс нь хөдөлгөөнт үйлдэл бүхий дүрслэх урлагийн хэлбэр гээд монголчилбол нэг их хөл зөрөхгүй болов уу.
Нэгэн сонин түүх бий. Би хэдэн жилийн өмнө Монголын уран бүтээлчдийн зурагнуудын дунд алдарт Пабло Пикассо, Анри Матисс, Жексон Поллокийн бүтээлүүдийг холиод хэсэг танилдаа үзүүлсэн юм. Давгүй боловсролтой нэг танил маань, “За даа. Манай зураачид болоогүй байна даа. Миний нялх хүү ч ингэж будаг нялж чадна. Жишээ нь, үүнийг зурсан нөхөрт ямар ч ирээдүй алга” гэсэн билээ. Тэрээр “Герника” зургийг нь заан Пабло Пикассог ирээдүйгүй гэсэн юм.
Миний бодлоор энэ нь өрнөдийн ертөнцийг бодоход манайд дүрслэх урлагаас илүүтэй ардын аман зохиол, яруу найргийг дээдэлдэгтэй холбоотой байж болох. Угтаа суурин болоод нүүдлийн соёл иргэншлийн том ялгаа ингэж гарч ирдэг үү ч гэмээр...
“Ногоон морь” нийгэмлэгийг үүсгэн байгуулагчдын нэг Г.Эрдэнэбилэгийн урланд сурч орчин үеийн дүрслэх урлагт хөл тавьсан уран бүтээлчдийн нэг бол Б.Сайханбаяр. Тэрээр саяхан Уран зургийн галерейд “Ирэх цаг-18” нэртэй бие даасан үзэсгэлэнгээ дэлгэлээ.
Манай зураачид гол төлөв өөрсдөө, бор зүрхээрээ зүтгэн байж үзэсгэлэн гаргадаг. Тэгвэл энэ үзэсгэлэнгийн онцлог нь “Ванжил” урлагийн төвийн захирал Ц.Цэндпүрэв зохион байгуулан куратороор ажилласанд байгаа юм. Дашрамд дурдахад, Ц.Цэндпүрэв олон жилийн турш Английн Лондонд суралцаж ирээд куратороор ажиллах болжээ.
С.Сайханбаяр 20 шахам жилийн өмнөөс эхлэн оролцсон үзэсгэлэн болгондоо “Хөлдүү хүмүүс” хэмээх инсталляц бүтээлээ дэлгэдэг байсан. Энэ удаа ч тэр уламжлалаа орхисонгүй. Түүний энэ удаагийн “Хөлдүү хүмүүс” цав цагаан агаарын бөмбөлөг толгойтой, танхимд дүүлэх цагаан нөмрөг бүхий биегүй сүнснүүд байлаа.
С.Сайханбаяр “Хөлдүү хүмүүс” цуврал инсталляц бүтээлийнхээ талаар ярихдаа, “Хөлдүү хүмүүс өөрсдийгөө устгаж байгаа. Тэгж буйгаа харин хожуу ойлгодог бөгөөд цаашид яах вэ гэж бодон гарц хайж эхэлдэг. Өөрсдийгөө устгахаа яаж болих вэ гэж толгойгоо гашилгадаг. Ганц гарц бол байгалиа устгахаа болих. Ийм л энгийн санааг би үргэлжлүүлэн бүтээлийнхээ гол санаа болгож ирсэн юм” гэв.
Уран бүтээлчийн “Ирэх цаг-18” үзэсгэлэнгийн дийлэнх бүтээл нь уран зураг. Ингэхдээ, гурвалсан буюу триптих, хос буюу диптих зураг цөөнгүй аж. Гол дүрслэл нь бүсгүйчүүд, хүүхдүүд, морьд, амьтад, байгаль. Монгол зураач бүхний л дуртай сэдэв, дүрслэл. Гэхдээ бусад зураачдаас дэндүү ялгаатай, огт өөр өнцгөөс харан дүрсэлжээ.
“Баяр”, “Гараа”, “Хунгийн бүжиг”, “Хайр”, “Морьтон 1,2”, “Чонотой бүжиг”, “Наранцэцэг”, “Хөх морин цэрэг”, “Цагаан морин жил”, “Дэггүй жаалууд”, “Хүн 1,2”... гээд түүний бүтээлүүдийн нэр элдэв чамирхал, хуурмаг гүн ухаан шингээгүй.
Маш өнгөлөг, дэндүү ерөнхий, дээр нь хөнгөн гэмээр ажиллагаатай зургууд нь нэг л сэжмээр хоорондоо холбогдоно. Тэр нь агаар мэт хөнгөн, баяслаар дүүрэн, зовлон шаналал, хараал зүхэлгүйд орших мэт.
Үзэсгэлэнгийн куратор Ц.Цэндпүрэвийн үзэсгэлэнгийн тухай ийн онож бичихдээ, “Түүний зургуудыг хараад уруулд минь инээмсэглэл тодордог. Яагаад болохгүй гэж. Яагаад бүтээл ямар нэг хүнд сэдэвтэй байх ёстой гэж. Бүтээх гэж зовоох ёстой гэсэн улирсан ойлголтод зарим хүн их дуртай юм. Гэтэл ямар нэг таашаал авах гэж бүтээдэггүй гэж үү. Эсвэл шаналалд умбах гэж л хийдэг юм уу. Гэнэн байх хэрсүү байхаасаа илүү хэцүү” гэжээ.
Үнэхээр л 20 гаруй жил авангард, модерн урлагийн тогоонд чанагдахдаа С.Сайханбаяр хэрсүүжээгүй, хорвоог хүүхэд шиг гэнэнээр харан дүрсэлсээр байгааг “Ирэх цаг-18” үзэсгэлэн нь харууллаа. Хүн төрөлхтний ирэх цаг түүний бүтээлүүд шиг элдэв хүнд шаналалгүй, өнгөлөг хөнгөн байвал сайхан биш гэж үү.