Н.БАТМӨНХ
П.Бүрэнтөгс Засагт хан аймгийн зоригт вангийн хошуу одооогийн Увс аймгийн Давст суманд 1988 оны улаан гал луу жил малчин ард “Өндөр” хэмээх Пүрэвийн тав дахь хүүхэд болон төржээ. П.Бүрэнтөгс хүүхэд ахуй цагаасаа аавын бие бялдрыг өвлөн өсгөлүүн том байжээ. Бага балчир наснаасаа эхлэн бөхийн барилдаан сонирхож, барилдах дур хүсэлдээ хөтлөгдөн сургууль ахуйн орчиндоо барилдаж ноцолдож өсчээ.Ингэж дунд сургуулиа дүүргэж , улсын нийслэл Улаанбаатар хотод ирж дархан аварга Х.Баянмөнхийн үүсгэн байгуулсан “Шонхор” БТДС-д оюутан болсноор Халхын алдарт бөхчүүдийн шавь болж, бөхийн гараа дэвээ шаваа, барилдах арга техникийг эзэмшиж эхэлсэн нь ирээдүйн сайн бөх болох эхлэл суурь нь тавигджээ.
П.Бүрэнтөгс 2008 онд аймгийнхаа баяр наадамд шөвгөрч аймгийн начин цол авчээ.
2009 оны улсын баяр наадамд анх удаа аймгийн начин цолтой зодоглож нэг давж у/н Д.Лхагвадоржид унажээ.
2010 оны улсын баяр наадамд хоёр давж а/а Б.Сангисүрэнд унажээ.
2010 оны улсын баяр наадмын дараа мөн оны долдугаар сарын 21-23-ны өдрүүдэд тэмдэглэсэн Баян-Өлгийн аймгийн 70-н жилийн ойн баяр наадамд очиж барилдан хүчит 256 бөхөөс найм давж түрүүлж аймгийн арслан цол авчээ.
2011 оны нэгдүгээр сарын 29-ны XVII жарны “Ээлий” хэмээх төмөр туулай жилд зориулж “ОБ капитал групп”, “Зүүнхүрээ Дашчойлон хийд” -ийн нэрэмжит хүчит 256 бөхийн барилдаанд одоогийн улсын өсөх идэр начин Ш.Жаргалсайханыг давж түрүүлж , бөх сонирхогчдоос улсын цолонд ойртсон бөх юм гэж үнэлэлт дүгнэлт авсан нь нэг жилийн дараа батлагдсан юм. Энэ барилдаанд түрүүлсэн а/а П.Бүрэнтөгс ирээдүйд сайн барилдаж алдар цуутай бөх болох шагналыг Улсын далай даян аварга өөрийн багш А.Сүхбатаас гардан авсан нь түүний барилдах урам зоригийг улам бадраажээ.
2011 оны улсын баяр наадамд хоёр давж а/а Ч.Цогбаярт унажээ.
2012 оны улсын баяр наадамд ес давж түрүүлж (нэг өдөр улсын таван цолны болзлыг хангаж) 24 насандаа Монгол улсын арслан цолыг хүртэж аав, ээж , ах дүүс, цэнхэр уулсын орон Увс нутгийн зон олон, байгалийн үзэсгэлэн төгс Ханхөхий нурууны нэр усыг дуурсгаж бөх сонирхогчид , хөгжөөн дэмжигчидээ баярлуулсан ховорхон заяатай, азтай бөх юм.
2013 оны улсын баяр наадамд гурав давж , дөрвийн даваанд нутгийн бөх а/а Н.Батсуурьтай оноолтоор таарч өвдөг шороодоод байна.
П.Бүрэнтөгс арслан бол арал чацтай том бөхчүүдийн нэг юм.Тэрээр хоёр талдаа мордох , тахимдах мэхийг сайн хийдэг, энэ мэхүүдээрээ 2012 оны улсын баяр наадмын манлай бөх болсон юм.
П.Бүрэнтөгс арслан “Шонхор олимп” дээд сургуулийг биеийн тамирын багш , дасгалжуулагч мэргэжлээр дүүргэжээ.