Т.САЙХАН

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаан болж, Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд “С.Дали ба П.Пикассо Улаанбаатарт анх удаа” үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейтэй хамтран зохион байгуулахаар болжээ. ОХУ-ын цуглуулагч Екатеринбург хотноо оршин суугч Я.Шадрин нь Г.Занабазарын нэмэржит Дүрслэх урлагийн музейд хувийн цуглуулгаас дэлхийн алдартай уран зураачид болох С.Дали, П.Пикассо нарын эх бүтээлээр үзэсгэлэн гаргах хүсэлт гаргасны дагуу түүний цуглуулгаар Монголд үзэсгэлэн гаргахаар болжээ. Уг үзэсгэлэнд эдгээр хоёр уран бүтээлчийн уран бүтээлийнхээ хамгийн оргил үед бүтээсэн уран баримал, уран зураг, зураасан зураг, керамик урлалын бүтээлүүдийг дэлгэн үзэгчдэд танилцуулна. Ингэснээр нийслэлчүүд төдийгүй нийслэлийг зорин ирсэн жуулчдад дэлхийн дүрслэх урлагийн түүхэнд хамгийн нэр хүндтэй алдартай уран бүтээлчдийн эх бүтээлийг ямар нэгэн нэмэлт зардал гаргахгүйгээр  үзүүлэх боломжтой болох юм. Үзэсгэлэнгээр С.Далигийн уран зургуудаас гадна түүний уран баримлын бүтээлүүдийг дэлгэн үзүүлэхээрээ онцлогтой. Үзэсгэлэн энэ сарын 29-нд нээгдэх юм байна.

Эх сурвалж:www.polit.mn