Ч.Гантулга
Нийгмийн зүтгэлтэн, их сэтгэгч, найруулагч, жүжигчин В.Э.Мейерхольдын бүтээлийн түүврийг зохиолч, орчуулагч Н.Пүрэвдагва орчуулжээ. Суут найруулагчдын дундаас тэрээр өвөрмөц арга барилаараа онцгойрдог байв. Түүний хийсэн бүтээл содон, онцгой, өвөрмөц, санаанд оромгүй гэнэтийн огцом шийдэлтэй байсан тухай судлаачид бичсэн байдаг. Жүжигчнээс уран чадвар шаардсан, дүрийг нь өөрчилж, дэвшилттэй болгосон олон зүйл түүний найруулгын онцлогт нь шингэсэн байж. В.Э Мейерхольд Зөвлөлтийн театр, киноны урлаг болон дэлхийн театрын урлагт үнэтэй хувь нэмрээ оруулсан юм. Номд түүний хэлсэн үг, өгүүлэл, яриа, захидал багтсан байна. Номын нээлтийн үеэр түүний амьдрал, уран бүтээлийн тухай илтгэл тавьсан юм. Орчуулагч Н.Пүрэвдагва номоо орчуулахаасаа өмнө найруулагчийн намтар, уран бүтээлийг судлахад их хугацаа зориулсан тухайгаа онцолсон. Тэрээр “Мейерхольд бол тайз, дэлгэцийн урлагийн их онолч, нийгмийн нэрт зүтгэлтэн шиг санагдсан. Орчуулга хийж байхад ажиглагдсан нэг зүйл бол жүжгээ ямар үед тавьвал үзэгчдэд илүү хүрэх вэ гэдгээ судалчихдаг байсан юм билээ. Үзэл суртлаас болоод тухайн үедээ коммунизмын дайсан болоод хувирчихсан. Түүний онол нь жүжигчний дүр дээр ажиллах үйлдлийг сэтгэл зүйн хувьд гаргахаар оролдсон явдал юм” хэмээв. Харин урлаг судлаач, багш Н.Батсайхан “Монголын урлаг Мейерхольдын арга барилтай уялдаатай” гэж хэлсэн юм. Учир нь Орост театрын сургууль төгссөн манай уран бүтээлчид түүний онолын дагуу жүжиг тавьдаг байсан гэнэ. Мөн “Сүхбаатар” кинонд тоглосон хоёр орос жүжигчин В.Э.Мейерхольдын гарын шавь нь байсан гэлээ. Тэгэхээр Монголын театр болон киноны урлаг түүнтэй салшгүй холбоотой гэж онцолсон юм. Түүний дараа гавьяат жүжигчин Г.Равдан илтгэл тавилаа. Тэрээр В.Э.Мейерхольдын онолын тухай тайлбарласан юм. Түүнийг зарим судлаачид Станалавскийн онолыг үгүйсгэсэн гэж үздэг боловч үгүй юм. Түүний онол харин ч жүжигчнийг үйлдэл, хувирал хоёрыг нь нэгтгэсэн агуу онол гэлээ. Харин дараа нь жүжигчин Л.Дэмидбаатар жүжигчний уран чадвар талаас нь ярьсан юм. Тэрээр өөрийгөө азтай хүн гэж тодорхойлоод В.Э.Мейерхольдын онолоор олон жүжигт тоглосноо ярьсан. В.Э.Мейерхольдын онол нь үйлдлийг голчилдог. Үйлдлээсээ утгаруу шилждэг, жүжигчнээс динамик, хурд шаарддаг юм гэж онцоллоо. Түүний бүтээлийн эх хэлнээ орчуулсан орчуулагч Н.Пүрэвдагва гуайд мэхийн ёслоод энэ ном монголын театрын урлагт үнэтэй хувь нэмрээ оруулна гэсэн юм.