Ч.ГАНТУЛГА

2000 оны эхээр тэдний дуунууд хит болж, хүн бүхэн “Өвлийн шөнө”, “Зүүдний дагина” дууг аялдаг байсан. Ялангуяа 10 жилийн хүүхдүүд, дөнгөж оюутан болсон залуус дууг нь шимтэн сонсч, дагаж дуулдаг байсныг санаж байгаа байх. Харин энэ үдэш тэдгээр залуус хайртай хамтлагийнхаа тоглолтыг үзэхээр ирсэн байв. “Free­zone” хамтлаг дахин нэгдэж, “Хотын хэмнэл” тоглолтоо хийсэн нь энэ. Тодорхой хугацаанд уран бүтээлээ завсарлаж, хувийн амьд­ралаа төвхнүүлсэн залуус энэ үдэш урлагтаа эргэн ирснээ зарлалаа. Хамтлагийн гишүүн Тө­рөө Англи руу сурахаар явж, тэд уран бүтээлээсээ чөлөө авахаас аргагүйд хүрчээ. Харин энэ ху­га­­цаанд сонсогчдоо үнэ­хээр са­­налаа гэж он­цолсон юм. Удаан хүлээсэн үнэнч фэ­нүүд, сонсогчдоо са­на­сан “Free­zone” хамтлагийнхан.

Тоглолтыг нь удаан хүлээсэн фэнүүд нь тэднийг халуун алга ташилтаар угтав. Танхимд цугласан үзэгчдийг хараад тэд гайхсан, баярласан, бас догдолсон байв. Залуус маань олон жил уулзаагүйдээ уучлалт хүсээд эхний дуугаа дуулсан юм. Гэгээн хайрын дуунууд. “Freezone” хамтлагийн хайрын дуунууд хамгийн алдартай. Мөн гэгээн өвөл, шинэ жилийн дуу олон бий. “Тэргэл саран тэнгэрт гийлээ. Тэртээх алсаас одод түглээ. Тэндээс чи минь тодроод төд удалгүй бүдгэрэн одлоо” гэж дуулахад үзэгчид суудлаасаа босч, дагаж дуулсан. Энэ бол тэдний анхны уран бүтээлийн нэг болох “Анхны учрал” дуу. Тайзнаа дуулаагүй удсан хамтлагийнхан, дуртай дуугаа сонсоогүй удсан үзэгчид нэг нэгэндээ уусч, учрал төгөлдөр нэгэн үдшийг өнгөрөөв. “Freezone”-ийн анхны продюсер нь хөгжмийн зохиолч Л.Тайванбат билээ.

Түүний зохиосон олон дуу хамтлагийнх нь урын санд бий. “Хотын хэмнэл” тоглолтод Л.Тайванбат продюсер нь “Чи миний үзэсгэлэн гоо” дуугаа хамтлагийн дүү нартайгаа дуулж, гэнэтийн бэлэг барьсан юм. Үүний дараа “Зүүд” дуу эгшиглэсэн. Уран бүтээлийн найзууд болох “Ice Top” хамтлагийнхан хамтдаа дуулж, амжилт хүслээ. Гэгээн хайр, гэ­рэлт амьдралын тухай үзэгчдийн сэтгэлийг догд­­луулж, дурсамж сэд­рээсэн хайрын дуунууд нь эгшиглэсээр. “Free­zone” хамтлагийнхан ковер дууны уралдаан зарлажээ. Энэ үдэш тэмцээний ялагч болсон залуу “Өвлийн шөнө” дууг нь хамтдаа дуулсан нь тоглолтын оргил хэсгийн нэг байсан юм. Хосоороо ирсэн залуус гар гараасаа атган, гэгээн хайр, дурсамж бүхнээ бодсон нь лавтай. Энэ үед тэд өвлөөр бороо орууллаа. “Асгараад алганд ус тогтох мэт. Алтан элс хурууны завсраар урсах мэт.” гэж танхимд цугласан үзэгчид дуулсаар. Энэ бол  “Бороотой зуны дурсамж” дуу. Харин тоглолтын төгсгөлд бүгд зүүдний дагинаа тэврээрэй гэж хашгирсан.

“Зүүрмэглэх хун шиг тэр нэгэн орой зүүдний дагина шиг чамтай би учирсан. Хаврын бороо цэцэг эрхлүүлэх тэр цагаар хайрын бороо солонгорон байсан” Үзэгчид зүүдний дангина, зүүдний дагина гэх мөчид алгуурхан хөшиг хаагдсан юм.