МУИС-ийн Бизнесийн сургуулийн хоёрдугаар курсын оюутан, Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Ү.Үүрийнтуяатай ярилцлаа.
-Тэмцээнд амжилттай оролцсонд баяр хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Баярлалаа. Намайг Үүрцайхын Үүрийнтуяа гэдэг. Өнгөрсөн жил Грект болсон өсвөрийн дэлхийн аваргын 18 насны охидын ангилалд IV-т орсон. Энэ удаагийн Ази тивийн аваргын тэмцээнд өнгөрсөн жилийн амжилтаа ахиулъя. Эх орондоо болж байгаа тэмцээнд илүү сайн оролцож мөнгөн медаль авсандаа баяртай байна. Чансаа маань нэлээд дээгүүр бичигдэж байсан болохоор алт авахыг зорьж байсан. Хэрэв сүүлийн өрөгт хожсон бол алт авах байлаа.
-Хэдэн орны шатарчидтай таарч тоглов. Аль орны тамирчин хүчтэй байсан бэ?
-Гадаадын нэлээд хэдэн хүчтэй өрсөлдөгчтэй тоглосон. Өнгөрсөн жил өсвөрийн дэлхийн аваргын мөнгөн медальтай Энэтхэг охин хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг байлаа. Мөн өсвөрийн тамирчин Мөнхзул маань нэлээн бэлтгэл сайтай байсан. III байрт орсон.
-Цаашид оролцохоор төлөвлөсөн уралдаан тэмцээн юу байна?
-Тавдугаар сарын эхээр 20 насны Азийн залуучуудын аварга болно. Энд оролцъё гэж бодож байгаа. Дараа нь Азийн насанд хүрэгчдийн аварга болно. Аль болох чадах чинээгээрээ гадаад руу явж чансаагаа ахиулъя гэж бодож байгаа. Ингэхийн тулд бэлтгэлээ илүү шаргуу хийхээр төлөвлөж байна. Энэ жил хамгийн сүүлийн жил учраас өсвөрийн дэлхийн аваргад оролцоно. Гадаад руу тэмцээнд оролцох болгондоо дасгалжуулагч багш, их мастер Шаравдоржоос зөвлөгөө авдаг. Манай ээж, гэр бүлийнхэн, дүү маань ч гэсэн шатрын спортыг дэмждэг.
-Шатраар хэзээнээс эхэлж хичээллэсэн бэ. Анхны тэмцээнийхээ талаар...?
-Таван настайгаасаа эхэлж хичээллээд 13 жил болж байна. Анхны тэмцээндээ таван настайдаа оролцож байсан. Анхны гадаад тэмцээн гэвэл долоон настайдаа Энэтхэгийн Нью Дели хотод дэлхийн аваргын тэмцээнд оролцсон. Жаахан байсан болохоор хариуцлага, туршлага дутсан. Тэр үед дасгалжуулагч багшгүй ганцаараа явсан. Харин тэнд байсан ах, эгч нар хамт байсан. -Дасгалжуулагчгүйгээр ганцаараа тэмцээнд явахад хэцүү байдаг уу?
-Хэцүү хэцүү. Дасгалжуулагч хажууд байвал ядаж хэзээ амарч, унтахыг хэлж, амжилт гаргахад илүү нөлөөлдөг. Оросын Сахад болсон хүүхдийн их наадмаас мөнгөн медаль авч байсан. Энэ тэмцээнд шатрын төрлөөр монгол хүүхэд авлаа гэдгээр баярлаж байсан. Дараа нь сонирхогчдын дэлхийн аваргаас мөнгөн медаль авсан. Багшдаа баярлалаа, хайртай шүү гэж хэлье.
-Хичээлийнхээ хажуугаар бэлтгэл хийхэд хэр хүндрэлтэй байдаг вэ?
-Хамгийн том асуудал гэж хэлж болно. Өнгөрсөн жил хүртэл хичээлдээ явангаа шатраа хослуулж байсан. Гэтэл дүн жаахан буурч, шатраа ч олигтой тоглож чадаагүй. Тиймээс одоогоор чөлөө авч шатраа бэлдэж байгаа. Спортын мастер зэрэгтэй. Гэхдээ саяын тэмцээнд мөнгөн медаль авч Олон улсын шатрын холбооны эмэгтэйчүүдийн мастер цол авч байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин