Б.ТҮШИГ
"Ливерпул"(Англи)-"Борусси"(Герман)-4:3 (өмнөх тоглолт-1:1).
Ливерпул хот. "Энфилд Роуд" цэнгэлдэх хүрээлэн.

Гоолууд: Мхитарян, 5 (0:1). Обамеянг, 9 (0:2). Ориги, 48 (1:2). Ройс, 57 (1:3). Коутиньо, 66 (2:3). Сако, 78 (3:3). Ловрен, 90+1 (4:3).
"Ливерпул": Миньоле, Клайн, Сако, Ловрен, Алберто Морено, Лаллана (Аллен, 62), Жан (Лукас, 80), Милнер, Роберту Фирмину (Старриж, 62), Коутиньо, Ориги.
Дасгалжуулагч: Юрген Клопп.
"Борусси" (Дортмунд): Вайденфеллер, Пищек, Хуммелс, Папастатопулос, Шмелцер, Мхитарян, Кастро (Гюндоган, 82), Вайгл, Кагава (Гинтер, 77), Ройс (Рамос, 83), Обамеянг.
Дасгалжуулагч: Томас Тухель.
Ливерпулийн "Энфилд Роуд" цэнгэлдэх хүрээлэнд талбайн эзэн баг болон "Борусси"-ийн хооронд энэ зууны гайхамшигтай тоглолтуудын нэг, жинхэнэ хөлбөмбөгийн шоу тулаан болсон гэхэд хэтрүүлэг болохгүй биз ээ. Тоглолт эхлээд 10 минут ч болоогүй байхад "Борусси"-ийн хоёр сөрөг довтолгоо амжилтад хүрэн Мхитарян, Обамеянг нар гоолдоод байв. Тэглээ гээд "копайтууд" гэгддэг талбайн эзэд юу боллоо гэж цагаасаа өмнө бууж өгөхөв, бүх төрлийн довтолгоог хийсэн. Гэвч эхний үед бөмбөг зочин багийн хаалганд орох байтугай нэг ч удаа оноогүй. Зочид ч гэсэн "копайтууд"-ын хамгаалалт дахь алдааг ашиглан шийтгэх хэд хэдэн сайхан боломжийг алдсан.
Завсарлагын үеэр "Ливерпул"-ийн дасгалжуулагч Юрген Клопп (дашрамд дурдахад өмнө нь "Борусси"-г дасгалжуулж байсан) тамирчиддаа ямар үг хэлж хурцалсныг бүү мэд. Юутай ч "копайтууд" тоглолтыг эргүүлэх урам зоригтойгоор талбайд гарч ирж, төд удалгүй Оригигийн цохисон бөмбөг зочдын хаалганд орж итгэл найдварын галыг нь дахин бадраасан юм. Гэвч Ройсын оновчтой цохилтын дараа "Борусси" тооны харьцааг дахин холдуулж тоглолтын хувь заяа үндсэндээ шийдэгдчих мэт болсон.
Ийм нөхцөл байдалд Юрген Клопп багийнхаа хашир дайчид болох Старриж, Аллен нарыг сэлгээгээр зэрэг гаргасан нь цагаа олсон оновчтой шийдэл байлаа. Галзуу "копайтууд" эрчээ сулруулалгүй улангасан довтолсоор бараг л байж боломгүй зүйлийг хийн Коутиньо, Сако нарын гоолуудын ачаар тооны харьцааг тэнцүүлсэн дээ. Тэр ч бүү хэл шүүгчийн нэмсэн минутанд сүүлийн довтолгоогоороо дахин нэг гоол оруулан ялалт байгуулж дөнгөсөн юм. Хөлбөмбөгийн тайлбарлагч Балжиннямын хэлдгээр, "Үүнийг л гайхамшиг гэхгүй бол өөр юуг гайхамшиг гэх юм бэ".
Эх сурвалж: www.polit.mn