Ч.ГАНТУЛГА
Хорьж болдоггүй 20 насыг дахин тунхагласан реппер А.Дөлгөөнийг энэ удаагийн зочноор урилаа. Түүнтэй уран бүтээл, үзэл бодлынх нь тухай ярилцсан юм.
-Анхны бүтээл чинь гарлаа. Монголын хөгжмийн ертөнц содон мөртлөө сонирхолтой дуучинтай боллоо гэх яриа байна лээ. Гараагаа амжилттай эхэллээ шүү?
-“Хорьж болдоггүй 20 нас” дууг хүмүүс сайхнаар хүлээж авсанд баяртай байна. Анхны бүхэн мартагддаггүй, сайхан байдаг шүү дээ. Бие даасан эхний дуугаа өлгийдөж авах гайхалтай байдаг юм байна. Уран бүтээлч болох гэж зорьж яваа залуу хүний хувьд урам зориг, эрч хүчийг авлаа.
-Дуунд чинь 20 насандаа бужигнуулж амьдарна гэж гардаг. А.Дөлгөөний хувьд 20 насандаа хэр бужигнуулж, эрх чөлөөг эрхэмлэдэг охин байв?
-Хүн бүхний 20 нас гэгээлэг дурсамжаар дүүрэн, сайхан өнгөрдөг байх. Миний хувьд ч ялгаагүй. Хүссэн зүйлээ хорьсон ч хийдэг, аливаа бүхнийг заавал сонирхож, сонждог дэггүй охин байсан. Найзуудтайгаа, гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлсэн хөгжилтэй дурсамж олон бий.
-Тэр үед хип хоп урлагийн сайхныг мэдэрчихсэн байсан уу?
-Хүүхэд насны гэгээн мөрөөдөл минь дуучин болох. Тиймээс хип хоп, R&B дууг багаасаа сонсдог, сонирхдог, дуулдаг байсан. Мундаг дуучдын дууны үгийг бичиж аваад цээжилдэг, дуурайх гэж оролддог байлаа. Одоо ч би энэ урсгалаар уран бүтээл хийдэг дэлхийн алдартай дуучдын дууг сонсдог. Дуулалт, техник, дуугаараа хэлэх гэсэн санаа гээд олон зүйлийг, сурч, судлахыг хичээж явна.
-Хип хоп гэхээр эрэгтэй дуучид санаанд буудаг. Хөгжмийн олон төрөл байхад яагаад заавал энэ урсгалаар дуулахыг хүссэн бэ. Эмэгтэй хүнд хэцүү биш үү?
-Анх Юм Мэри гээд репперийн дууг сонсдог байсан. Урлагийн нэр нь Таша гэхээр хүмүүс мэднэ. Яагаад ч юм “Би заавал энэ эмэгтэй шиг дуучин болно. Монголд очоод уран бүтээлээ хийнэ” гэж мөрөөддөг байсан. Би өөрийгөө мөрөөдөлдөө нэг алхам ойртсон гэж бодож байгаа. Зөвхөн хип хоп гэхгүй R&B урсгалаар дуулах юмсан гэж хүсдэг. Мөрөөдлөө биелүүлж, сайн уран бүтээлч болохын төлөө хөдөлмөрлөх болно.
-“Universe best songs” тэмцээнд ороод шүүгч Б.Амархүүг бишрүүлээд авсан. Чиний хувьд анхны уралдаан байсан уу?
-Солонгост байхдаа хааяа энд тэнд дуулдаг байсан. Түүнээс биш албан ёсоор уран бүтээл хийгээд олонд түгсэн юм байхгүй. Би энэ уралдаанд даагаа нэхэж орсон юм. Эхний жил нь олигтой амжилт гаргаагүй. Харин сүүлийн жилээ туршлага хуримтлуулж, сайн бэлдэж байгаад орсон. “Universe best songs” тэмцээн намайг нээсэн, шалгасан, хурцалсан. Хамгийн чухал нь Монголын хөгжмийн ертөнцийн шилдэг уран бүтээлчдээс үнэтэй зөвлөгөө авсан. Олон найзтай болсон.
-Солонгост хэр удсан бэ. Гэр бүлээрээ тэнд амьдардаг юм уу?
-Аав маань солонгос хүн. Манайх гэр бүлээрээ тэнд 10 жил болсон. Одоо ч аав, ээж, дүү гурав маань Солонгост амьдардаг. Хүүхэд нас минь тэнд өнгөрсөн гэж ойлгож болно. Солонгосын дуучдын дууг сонсч өслөө. Эмэгтэй репперүүдийнх нь хоолой зэвүүн шүү дээ. Цаанаа л нэг донжтой, дуулалтын хувьд бусдаас өөр байдаг. Би солонгос дуучдыг дуурайхгүй ч хоолойны цар хүрээ, биеэ авч яваа байдлаас нь суралцах юмсан гэж хүсдэг.
-А.Дөлгөөний хоолой ч гэсэн зэвүүн ш дээ. Тэднээс юугаараа дутах юм?
-Баярлалаа /инээв/. Олон хүнээс энэ урмын үгийг сонсч байгаа. Уран бүтээлч, залуу хүнд үүнээс сайхан бэлэг гэж юу байхав. Олон сайхан дуу хийхсэн гэж хүсч байна. Удахгүй дараагийн бүтээл болох шинэ жилийн дуу маань гарах гэж байгаа. Манайд шинэ жилийн уур амьсгал эрт ордог. Зарим газар сүлд модоо засчихсан байна лээ. Энэ үед нь сонсогчиддоо зориулаад уйтгар үргээх сайхан бүтээлээр бэлэг барих төлөвлөгөө байна.
-Анх энэ урсгалаар дуулна гэхэд гэр бүл, дотны хүмүүс чинь хэр хүлээж авсан бэ. Эсэргүүцэлтэй тулгарсан уу?
-Ээж минь миний улаан фэн шүү дээ. Дууг минь сонсоод бүр хашгирдаг гээд бодчих. Хүсэл мөрөөдлийг минь дэмжиж, хорьж цагддаггүйд нь гэр бүлийнхэндээ баярладаг. Миний ард асаасан танк шиг зогсдог эрхэм гурван хүн дээ. Аавдаа, ээждээ, дүүдээ хязгааргүй их хайртай шүү.
-Солонгост 10 жил болсон гэлээ. Нутагтаа ирээд багагүй хугацааг өнгөрөөж. Монгол найзуудтай болсон уу?
-Надад монгол найз бараг байдаггүй. Багаасаа Солонгост байсан болохоор ихэнх найз маань тэнд бий. Хамгийн хайртай, дотны найз маань гэр бүлтэй болж, хүүхэд төрүүлсэн гэсэн. Уулзаж амжаагүй байгаа. Харин “Universe best songs” тэмцээнд ороод найзын хүрээгээ тэлсэн шүү.
-Чи ч ялгаагүй найз шигээ гэр бүл зохиож, ээж болно. Ойрын төлөвлөгөөнд чинь энэ тухай бий юу?
-Хүний амьдралын утга учир элэг бүтэн гэр бүлтэй, хөөрхөн хүүхдүүдтэй болоход оршдог байх. Надад ч ийм мөрөөдөл байлгүй яахав. Гэхдээ одоогоор зөвхөн уран бүтээлдээ л санаа тавьж байна.
-Монгол репперүүдийн дууг сонсдог уу. Тэдэнтэй хэр холбоотой байна?
-Багадаа “Татар” хамтлагийн дууг сонсдог байсан. Одоо ч сонсох дуртай. Харин одооноос Rokitbay-ийг сонсдог болоод байгаа. “Эвдэрхий хүн” дуу нь таалагдсан. Би энэ жилээс “Grey” студид харъяалагдаж уран бүтээлээ хийнэ. Манай студид реппер Цэцээ ах байгаа. Миний дууны үг, дуулалт зэрэг бүх зүйлд тусалж, дэмждэг.
-Хэдхэн жилийн өмнө Женнигээс өөр эмэгтэй реппер гэж сонсогддоггүй байлаа. Харин энэ жилээс А.Дөлгөөн, С.Ану гээд энэ урлагт татагдсан бүсгүйчүүд олон боллоо. Өрсөлдөөн ширүүн болох нь ээ?
-Аливаа уран бүтээлчдийн дунд цагаахан өрсөлдөөн байх нь зөв байхаа. Хийсэн, бүтээснийг нь муулахдаа биш бие, биеэсээ суралцах нь чухал болов уу. Бид өөр өөрийнхөө үзэл бодлоор уран бүтээлээ хийж байна. Хэрхэн хүлээж авах нь сонсогчдын сонголт шүү дээ.
-Манай эрэгтэй репперүүд чинь гаргасан дуугаараа бие биеэ доош нь хийгээд өрсөлдөөд байдаг ш дээ. Чамд тийм дайралт ирвэл яах вэ?
-Хип хоп урсгалаар уран бүтээл хийж байгаа хүн хамгийн эхэнд өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Өөртөө итгэхгүй бол тэр хүнээс хэлэх үг, дуулах дуу гарахгүй л болов уу. Би ямар ч зүйл тулгарсан өөртөө итгэхийг хүсдэг. Тиймээс айхгүй байна.
-Монголд хип хоп урлаг хүчтэй хөгжиж байна. Энэ төрлөөр уран бүтээл хийх хүсэлтэй залуус олон болж. Чи тэднээс ялгарна гэдэгтээ үнэхээр итгэлтэй байна уу?
-Хүний хоолой давтагдашгүй байдаг шүү дээ. Би хоолойгоороо ялгарна гэдэгтээ 100 хувь итгэлтэй байна.
-Эмэгтэй хүн бүхэн өндөр өсгийт, дэрвэгэр даашинзаар гангарах дуртай байдаг. Харин чиний хувьд арай өөр юм. Өргөн өмд, саравчтай малгай гээд л ?
-Саравчтай малгай, өргөн өмдөөр хип хопыг төсөөлнө гэвэл үгүй байх. Би зүгээр л өөрт таалагдсан хувцсаа өмсдөг. Өөрийнхөө дүр төрхийг зоригтой өөрчилж чаддаг. Энэ нь надад таалагддаг юм.
-Ойрын зорилгыг чинь сонирхоод ярилцлагаа өндөрлөх үү?
-Өөрийн гэсэн шинэ бүтээлүүдтэй болж, хурдхан шинэ цомгоо гаргах юмсан.