Б.ТҮШИГ
"Бенфика" (Португал)- "Байерн" (Герман) - 2:2 (Өмнөх тоглолт 0:1)
Лиссабон хот. "Эштадиу да Луж" цэнгэлдэх хүрээлэн.

Гоолууд: Хименес, 27 (1:0). Видал, 38 (1:1). Мюллер, 52 (1:2). Талиска, 76 (2:2).
"Бенфика": Эдерсон, Андре Алмейда, Линделеф, Жардел, Элизеу (Йович, 88), Салвио (Талиска, 68), Фейса, Ренату Санчеш, Пиззи (Гонсалу Гедеш, 58), Карсела-Гонсалес, Хименес.
Ахлах дасгалжуулагч: Руи Виториа.
"Байерн": Нойер, Лам, Киммих, Хави Мартинес, Алаба, Видал, Хаби Алонсо (Бернат, 90), Тиагу Алкантара, Дуглас Коста, Мюллер (Левандовски, 84), Рибери (Гетце, 90+2).
Ахлах дасгалжуулагч: Хосеп Гвардиола.
"Бенфика"-г шөвгийн наймд дэлхийн шилдэг багуудын нэг "Байерн"-тэй учраа таарахад бүгд л "өнгөрсөн" гэж дүгнэсэн билээ. Гэвч Руи Виториагийн удирдсан баг юу ч үл тоон, юунаас ч эмээлгүй хүчирхэг "Байерн"-тэй эн тэнцүү тэмцэлдлээ. Мюнхенд болсон эхний тоглолтод тэнцэх шахсан ч жаахан аз дутсан. Хоёрдахь тоглолтод шар хуудастай Жонас, бэртсэн Гайтан зэрэг лидерүүдгүй талбайд гарсан ч хөгжөөн дэмжигчдээ баярлуулан урамтай сайхан өрсөлдөж чадсан юм.
Довтлогч Хименес 27 дахь минутад "Байерн"-ы төвийн хамгаалагчдын дундуур шургалан гарч хаалгач Нойерийн алдааг ашиглан Мюнхений багийн хаалганд гайхалтай гоол оруулсан. "Бенфика" төдөлгүй дахин гоолдох ч шахсан. Гэвч "Байерн" бол "Байерн" шүү дээ. Арваадхан минутын дараа Видал тооны харьцааг тэнцүүлж, хоёрдугаар үе эхлээд удаагүй байхад гандан бууршгүй Мюллер "Бенфика"-гийн хаалгыг мялаав.
Тэглээ гээд "Бенфика" бууж өгөөгүй, эн тэнцүү тэмцэлдсээр байлаа. Талиска ханатай торгуулийн цохилтоос тооны харьцааг тэнцүүлсэн юм. Тоглолт тэнцээгээр өндөрлөсөн нь үнэхээр зүй ёсны хэрэг байсан гэлтэй. "Байерн" дэлхийн шилдэг багуудын нэг гэдгээ дахин харуулж, "Бенфика" хэнд ч амар бууж өгдөггүй гэдгээ нотлон нүүр бардам Аваргуудын лигийг орхилоо.
Эх сурвалж: www.polit.mn