Т.САЙХАН
Театрын урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг “Гэгээн Муза” наадам ирэх сарын 1-нээс 7-ны хооронд болох гэж байна. Энэ талаар Драмын мэргэжлийн жүжигчдийн төвийн тэргүүн, ардын жүжигчин С.Сарантуяагаас тодрууллаа.
-13 дахь удаагийн “Гэгээн Муза” удахгүй болох гэж байна. Бэлтгэл хэр хангагдаж байна вэ?
-Театрын урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг наадам маань жилийн жилд өргөжиж байна. Олон улсын гэх тодотгол утга учир нь улам тодорч байна. Бид энэ жил 34 бүтээл хүлээн авсан. Эхний шатны шалгаруулалтын дараа 17 бүтээл үлдээд байна. Эдгээрээс наадмын шилдгүүд шалгарах учиртай.
-Шалгаруулалт хэрхэн явагдсан бэ. Энэ жилийн онцлогийн тухайд?
-Бид өмнөх жилүүдэд оролцож байгаа бүтээлүүдээ заримыг нь бичлэгээр үзэж шүүдэг байсан. Харин энэ жилийн тухайд бүгдийг нь тайзан дээр шүүлээ. Үзэгчид хэрхэн хүлээн авч байна. Жүжиглэлт, тайз засалт гээд бүх зүйлийг нь харсан. Тиймээс шүүлтийн төвшин маань нэг шатаар ахисан гэж хэлж болно. Мөн энэ жил “Гэгээн Муза” наадмын гранпри шагналыг БСШУ-ны сайдын нэрэмжит болгосон. Энэ нь бидний зохион байгуулж байгаа ажлыг урамшуулан дэмжсэн сайхан хэрэг боллоо.
-Та олон улсын гэх тодотгол нь улам нэмэгдэж байна гэлээ. Энэ талаар жаахан тодруулахгүй юу?
-Энэ удаагийн наадамд Орос, Герман, Польш, Грек, Киргиз зэрэг 10-аад орны уран бүтээлч оролцохоор болж байна. Мөн нэг хүний жүжгийн төрөлд шүүгчээр Киргиз улсын Драмын театрын уран сайхны удирдаач, театр судлаач, найруулагч хүн ажилласан байгаа. Энэ мэтчилэн бидний наадам олон улсын төвшинд хүрч чадаж байгааг гэрчлэн олон жишээ бий.
Эх сурвалж:www.polit.mn