Д.НАДМИД

Хан Хэнтий нутаг бөхийн удам сайтай. Энэ тухай ярихад өнгөрсөн зуны наадмаар шууд улсын харцага цол хүртсэн Э.Оюунболдыг эхлээд хэлэх хэрэгтэй болно. Яагаад гэхээр тэр уг нутгаас улсын цолтон төрөлгүй 13 жил өнжсөн цаг хугацаанд цэг тавьсан юм. Түүнтэй саяхан оюутан залуусын аварга баг шалгаруулах тэмцээний үеэр уулзаж төсөрхөн ярилцлаа.

“Би 2007 онд хотод ирж “Аварга” дээд сургуульд орсон минь бөхийн замд орох эхлэл байлаа. Намайг бөхийн хүрээнд тосч авсан хүн бол Монгол Улсын начин Б.Адъяахүү. Энэ хүн намайг бөхийн дэвжээнд засч залруулж өдий хүрлээ. Бас Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Х.Намшир гуайн ач ивээлийг мартамгүй гэдгээ хэлье” гэж тэр яриагаа эхлээд юу асуух юм бэ гэсэн янзтай намайг харав.

 

-Өөрийг чинь ийм залуу насандаа улсын томоохон цол хүртсэнд баярласан хүн олон байсан уу. Өөрт чинь мэдрэгдснээр?

-Маш олон байх шиг санагдсан. Даангүй аав, ээж, нутаг усныхан минь их баярласан даа. Ойрын жилүүдэд манай аймгаас улсын цолтон төрөөгүй байсан болоод Хэнтийнхэн маань сэтгэл нь огшсон байв. Цол аваад очиход нутгийн уул, ус хүртэл урин залж байх  шиг сайхан санагдсан. Хамгийн сайхан юм нь улсын цолны давааг давчихаад есөн хөлт цагаан тугаа тойрч явах үнэхээр гоё байсан. Аав, ээж, нутаг ус минь харагдах шиг болоод л...

-Ярианаас чинь сонсоход ердөө 5-6 жил барилдаад л улсын харцага цол хүртжээ дээ?

-Тийм шүү. Гэхдээ ганцхан Оюунболд гаргуундаа улсын цолтой бөх болчихлоо гэвэл худлаа болно. Намайг өдий зэрэгт хүргэсэн Б.Адъяахүүгээс эхлээд олон багш байна. Ивээж тэтгэдэг байгууллагынхан байна, “Аварга” сургуулийн хамт олон байна. Тэдний минь хүч хөдөлмөрийн үр дүн. Би тэгж ойлгодог. Одоо би хорин настай. Бөхийн цагаан толгойгоо л үзэж явна. Жинхэнэ бөх болох болоогүй шүү дээ.

-Тун даруухан ярьж байнаа даа. Улсын цолыг авсан хүн ингэж ярихыг анх удаа мэдэрлээ?

-Аав, ээж, ах зах хүмүүсийн сургаал байна шүү дээ. Тэр тусмаа бөх хүн онгироо, аархуу биш даруу байх. Бөх хүний ёс жаягийг сайн сахиж бай гэж сургадаг. Би багаасаа ах зах хүнийг хүндэтгэдэг занд сурсан.

-Тэгэхээр цол дагаж бяр нэмэгддэг гэдэг. Бас цол дагаж намба сууна гэж бас байхнээ дээ?

-Тэгэлгүй яахав. Надад нэг сурсан зан бий. Тэр нь ахмад хүмүүс, одоо ах цолтой бөхчүүдтэй мэхийж мэндэлдэг байдал. Зарим хүнд энэ нь залуу хүнд хүндэрсэн юм шиг санагддаг байж магадгүй юм.

-Одоо хоёул барилдаан руугаа оръё. Аймгийн арслан цолыг ноднин авсан бил үү дээ?

-Тэгсэн. Хэнтийн наадамд 19 настайдаа зодоглоод түрүүлж аймгийн арслан болсон. Өмнө нь Өмнөдэлгэр сумынхаа 90 жилээр зодоглож сумын заан болоод байсан. Үүний дараа улсын цолд хүрэхсэн гэсэн бодол төрөх болсон.

-Энэ зуны наадамд зодоглохдоо цол хүртэнэ дээ л гэж бодож барилдав уу?

-Адъяахүү багш маань “За чамд улсын цол ойрхон байгаа шүү” гэж хэлээд гаргасан. Манай багшийн үг алт шиг санагддаг. Ноднин аймгийнхаа наадамд барилдана гэж бодоход л аймгийн арслан болох боломжтой юм шиг надад санаа төрөөд түүндээ жаахан хөөрөөд байсан. Тэгсэн багш “За миний хүү аймгийн цол аваад л ирээрэй” гэж хэлсэн нь намайг доош татсан юм шиг санагдаж байлаа. Тэгвэл багшийн зөөлөн үг миний ирийг дарж сэтгэл зүйн хувьд бэлтгэж өгсөн юм. Би өөрийн бодсноор ихийг бодож хөөрлөөрөө барилдсан бол доогуур даваанд уначих байсан ч юм билүү. Сүүлд үүнийг ухаарсан даа. Сайхан барилдаж түрүүлсэн. Арван  есхөн насандаа аймгийн арслан болж байсан түүх манай Хэнтийд л лав байгаагүй юм билээ.

-Улсын наадамд хэрхэн барилдснаа дурсахгүй юу?

-Ер нь хэдийн даваанд хэнтэй таарах бол гэдгээ тооцоолж байсан л даа. Улсын наадамд гурав дахь жилдээ зодоглож байгаа нь энэ л дээ. Нэгийн даваанд аль нэг сумын заантай таарна гэж. Тэгсэн хоёрын даваанд улсын начин Сангисүрэн ахтай таарч унасан ч харамсахгүйгээр бодолтой барилдаж давсан. Зориг орох шиг ч болсон. Гуравт өсөх идэр начин Б.Чинзоригт амлуулж гараад бас давсан. Дөрвийн даваанд улсын арслан Д.Ганхуяг намайг авсан, тавд улсын гарьд И.Доржсамбуу нарыг давсан. Тэгээд зургаад улсын заан Т.Санчиртай зоримог барилдаж хаясан. Ингэж л харцага боллоо.

-Гарьд, арслан, зааныг хаясан хүн долоо давж болох байсан биш үү?

-Цол ханасан гэх нь ч юу юм. Багшийнхаа хэлсэн үгнээс жаахан зөрж дэндүү задгай үзээд л уначихсан. Тэгээд Г.Эрхэмбаяр гэдэг хүн мундаг бөх. Үнэхээр дийлээгүй ээ би. Ер нь тэгээд тавын даваанаас хойш хариуцлага нэхсэн барилдаанууд хийсэн дээ.

-Хойшдоо ямар амжилт гаргахсан гэж боддог вэ?

-Бөх хүн цолоо ахиулахын төлөө л наадамд очдог биз дээ. Хүсэл минь түүнтэй адил. Тэгэхээр хичээнэ ээ л гэж хэлэх байна. Цолондоо эзэн байх нь л гол юм даа.

-Дархан мэх чинь юу вэ?

-Хүүхэд байхаасаа давхар ачих мэх хийдэг байсан. Дадсан нь тэр юм. Тэхдээ барилдааны явцад ухаарч хийх мэх л чухал гэж боддог.

-Чи хэрэв бөх болоогүй бол ямар мэргэжил сонгох байсан бэ?

-Эмч л болно гэж боддог байж дээ.

-Бөхийн удам гэвэл...?

-Манай өвөөгийн ах нь аймгийн начин хүн байсан. Улсад нэг удаа дөрөв давсан гэдэг юм. Манай аав Д.Энхтөгс бас аймгийн начин цолтой хүн шүү дээ. Тэгэхээр би бөхийн удамтай гэгдэнэ биз дээ.