Д.ЖАВХЛАН
Монголын жүдо бөхийн холбооны урилгаар Германы эрэгтэй шигшээ багийн тамирчид манай оронд хоёр долоо хоногийн хугацаатай хамтарсан бэлтгэл хийж буй. Бэлтгэлийн үеэр тус улсын хасах 100 кг-ын жингийн босоо бөх, олимп, дэлхийн аваргын хүрэл медальт Димитри Петерстэй ярилцлаа.
-Хоёр улсын жүдочдын 14 хоногийн хамтарсан бэлтгэл дуусах шатандаа орлоо. Бэлтгэл сургуулилт таны барилдааны ур чадварт хэр нөлөөлж байна вэ?
-Гайхалтай. Монголын бөхчүүдийн байгалиас заяасан барилдаанч, дайчин чанар бидний туршлагад нэмэр боллоо. Олимп, дэлхийн аваргын өмнөх бэлтгэлийг санагдуулам хөлсний үнэ цэнийг Монголын тамирчдаас олж мэдэрлээ. Бүх зүйлд сэтгэлээсээ ханддаг тэдний хүсэл мөрөөдөл олон, олон амжилтаар баяжих болтугай.
-Та өнгөрсөн сард 2016 оны олимпийн хот Рио де Жанейрод болсон ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж хасах 100 кг-ын жинд хатуу самар гэдгээ нотолсон?
-Би 2012 оны Лондоны олимпийн наадмаас жиндээ хүрэл медаль хүртэж зорилгодоо алхам ойртсон. Энэ жилийн ДАШТ-д медалийнхаа өнгийг хувиргах дайралт хийсэн боловч чадсангүй. Үнэндээ тийм боломж гараагүй. Гэхдээ олимп, дэлхийн аваргад жил дараалан оролцоод медаль хүртэнэ гэдэг сарваасан болгоны зулгаадаг амттан биш. Спорт сонирхогчдын ярьдаг тэр хатуу самар нь ч би биш. Хэрэв саяын дэлхийн аваргад ОХУ-ын бөх, олимпийн аварга Тагир Хайбулаев, Монголын бөх Найдангийн Түвшинбаяр нар ирсэн бол үр дүн нь арай өөр байх байсан биз ээ. Тэд л намайг хатуу самар мөн эсэхийг шийдэх өрсөлдөгчид дөө.
-Та зорилгодоо алхам ойртсон гэлээ. Таны эрхэм зорилго юу вэ?
-Олимпийн аварга болох. Хэзээ хэдэн насандаа энэ алдрын эзэн болох нь сонин биш болов уу.
-Та одоо хэдэн настай билээ?
-29 нас хүрч байна. Н.Түвшинбаяр бид хоёр нас чацуу.
-Та ямар ордынх вэ?
-Өрсөлдөгч нараасаа сэргийлж энэ удаад хэлэхгүй өнгөрч болох уу.
-Ямар учраас тэр вэ?
-Тухайн тамирчны зурхайн төлөв байдал өрсөлдөгч бөхөд нь олз болж мэдэх ч юм билүү. (Инээв)
-Монголын жүдочдын бэлтгэл хийж буй энэ танхимын талаар та юу хэлэх вэ?
-Хуучны загвартай барилга нүдэнд тусах боловч дотор нь хичээллэж байгаа тамирчдынх нь ур чадвар жилээс жилд ахиж байна. Олимп, дэлхийн аваргын медальтай хичнээн ч хүн байв даа. Энд дутагдах зүйл алга.
-Таны голчлон хийдэг дархан мэх гэвэл?
-Сууж үүрэх.
-Лондоны олимпийн дурсамжаас танд юу үлдэв?
-Олимпийн нээлт, хаалт гээд бүх зүйл толгойд архивлагдсан. Яривал зөндөө юм бий. Энэ наадмыг эргэн санахад сайхан байдаг шүү.
-Та хэрэв Лондоны олимпод Н.Түвшинбаяртай таарсан бол ямар тактикаар барилдах байсан бол?
-Хэвтээ барилдааны арга барил түүнийг сандаргах байсан болов уу.
-Манай аварга Бээжингийн олимпиос алтан медаль авахдаа ихэвчлэн хэвтээгээс үнэлгээ салгасныг санаж байна уу?
-Н.Түвшинбаяр хөрвөх чадвартай сайн бөх. Түүний таван жилийн өмнөх барилдааныг би мартаагүй. Тэр Бээжингийн олимпод ямар тактиктай барилдав. Гэтэл дөрвөн жилийн дараа Лондоны олимпод танигдахын аргагүй хувирсан. Магадгүй дараагийн олимпод тэр хэний ч санаанд оромгүй мэхний хувилбар боловсруулж мэдэх юм.
-Манай өсвөрийн тамирчдад хэлэх таны үг?
-Зорилгодоо хүрэхийн тулд шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй. Монголын залуу жүдочдод өндөр амжилт гаргах дардан зам бий.
-Лондоны олимпийн медалийн тавцанд зогсож байхад танд ямар мэдрэмж төрж байв?
-Рио де Жанейрогийн дэвжээ л бодогдсон. Их хариуцлага нуруун дээр бууж байлаа. Хүрэл медалийн тавцангаас ирэх олимпийн зүг яаравчлах ёстойг ухаарсан. Гурван жил гэдэг давчуу богино хугацаа гэдгийг өнгөрсөн дэлхийн аваргын тэмцээн надад батлах шиг болсон.
-Хамтарсан бэлтгэлд хүнд жинд танаас өөр бөх ирээгүй юм уу?
-Жин тус бүрт нэг бөх ирсэн. Үүргийнхээ дагуу би хасах 100 кг-ын жинд улсаа төлөөлж ирлээ.
-Рио де Жанейрогийн татамид таны гол өрсөлдөгч хэн байх бол. Энэ талаар бодож үзсэн үү?
-Миний өрсөлдөгч хэн байх нь хамаагүй. Хамгийн гол нь би тухайн үед өөрийнхөө барилдааныг бүрэн гаргаж чадах нь л чухал.
-Та өөрийнхөө чадварт эргэлздэг үү?
-Гурван жилийн хугацаанд тамирчдын чансаа, олимпийн эрхийг хэн хэн авах вэ гэдэг нь эргэлзээ төрүүлж байна шүү дээ. Юу ч болоо билээ. Түвшинбаяр, Хайбулаев хоёр мэдээж анхаарлын төвд байх нь ойлгомжтой. Болж өгвөл медалийнхаа өнгийг хувиргах бодолтой байна.
-Та жүдогоор хэдэн наснаасаа эхлэн хичээллэсэн бэ?
-Арванхоёртойдоо өөрийн амьдардаг жижигхэн тосгоны жүдо бөхийн дугуйланд бүртгүүлж билээ. Тэр үед манай тосгонд жүдогоос өөр дугуйлан байгаагүй юм.
-Ярилцсанд баярлалаа.
-Намайг урьж оролцуулсан танай сонины хамт олонд баярлалаа.