Б.Түшиг

Хятадын Чянь Ань хотод гуравдугаар сарын 25-наас дөрөвдүгээр сарын 2-нд болсон Ази, далайн орнуудын олимпийн эрх олгох боксын тэмцээнээс манай дөрвөн ширэн бээлийтэн (Г.Ган-Эрдэнэ, Д.Отгондалай, Б.Чинзориг,) Рио-де-Жанейрогийн олимпод оролцохоор шалгарсан билээ. Тус тэмцээнд Монголоос эрэгтэй ес, эмэгтэй гурав, нийт12 тамирчин оролцсон юм.

Эрэгтэйчүүдийн 49 кг-д Г.Ган-Эрдэнэ С.Сабзалиевийг (Тажикистан) 3:0, Вьетнамын Ньюн Нгок Танг 3:0-ээр тус тус хожин мөнгөн медалийн төлөө Узбекистаны Х.Дусматовтой учраа таарч дийлдсэн ч олимпийн эрхийн төлөөх нэмэлт тулаанд Энэтхэгийн Д.Сингхийг ялжээ.

52 кг-д Х.Энх-Амар Иорданы М.Абу-Жажехийг хүнд цохилтоор хожсон ч шөвгийн наймд Киргизийн А.Усеналиевтай тэнцүүхэн тулалдаж 1:2-оор ялагдан тэмцээнийг орхисон юм.

56 кг-д Э.Цэндбаатар Гуамын А.Франциског 3:0, Иракийн Ж.Абдул-Ридхаг 3:0-ээр илүүрхээд  шөвгийн наймд Казахстаны К.Ералиевт 0:3-аар хожигджээ.

Харин 60 кг-д манай шилдэг боксчдын нэг Д.Отгодалай Иракийн А.Жаббарыг 3:0, Катарын Х.Эрсекерыг 3:0, хагас шигшээд Японы Д.Наримацуг мөн 3:0-ээр буулган авч, финалд Филиппиний Ч.Суарезыг 2:1-ээр давамгайлан аваргаллаа.

64 кг-д Б.Чинзориг  Тонгагийн Ф.Туипулоту, Японы Х.Окишима, БНАСАУ-ын Ри Кон Тха, Киргизийн Э.Сакенов нарыг ээлж дараалан хожоод аваргын төлөө Казахстаны А.Жуссуповтой тулалдан хожигдож мөнгөн медаль хүртэв.

69 кг-д Б.Түвшинбат Тажикистаны Ш.Давлатовыг хүнд цохилтоор, Туркменистаны Б.Машариповыг 3:0-ээр даваад Тайландын С.Адид 1:2-оор хожигдсон ч нэмэлт тулаанд Э.Марсиалыг 3:0-ээр буулган авснаар манай боксчдоос дөрөв дэх олимпийн эрхийг өвөртлөсөн юм.

75 кг-д Н.Шинэбаяр Тайландын А.Кананхокхруэаг 3:0, Ираны С.Мехраб 2:1-ээр дийлээд мөнгөн медалийн төлөө Казахстаны Ж.Алимханулид хүнд цохилтоор, олимпийн эрхийн төлөө нэмэлт тоглолтод Австралийн Д.Льюист харамсалтайгаар хожигджээ.

Тэгвэл 81 кг-д С.Эрдэнэбаяр Фижигийн Т.Руатаг хүнд цохилтоор давамгайлаад Киргизийн Э.Адилбек-Уулд 0:3-аар хожигдож, 91 кг-д Т.Ерболат Киргизийн С.Паренкод 1:2-оор дийлдэн тэмцээнээ дуусгасан байна.

Эмэгтэй ширэн бээлийтнүүдийн хувьд 51 кг-д М.Нандинцэцэг Тайванийн Лин Ю Тинд 1:2-оор, 75 кг-д Э.Эрдэнэтуяа Казахстаны Д.Шакимовад 0:3-аар хожигдон эхний тойргоосоо хасагджээ. 60 кг-д өрсөлдсөн О.Сувд-Эрдэнэ Балбын С.Рана Магарыг 3:0-ээр илүүрхсэн ч БНСУ-ын Ох Ен Жид 0:3-аар хожигдон мөн үзэгчдийн суудал руу шилжсэн юм.

Тус тэмцээнээс нийт есөн орны тамирчид олимпийн эрх авсан бөгөөд БНХАУ, Казахстан, Узбекистан хамгийн их буюу тус бүр долоо, манай улс дөрвөн эрх өвөртлөжээ.

Эх сурвалж: www.polit.mn