Р.ОЮУН
Хүн бүрийн сэтгэлд хайрлаж, хүндэлж, дурсаж явдаг багш байдаг. Энэ удаагийн “Миний багш” булангийн зочноор Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, гавьяат жүжигчин Ө.Уянгыг урилаа.
-Таны хувьд сэтгэлд тань хамгийн ойр байдаг багш тань хэн бэ?
-Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Миний багш Монгол Улсын гавьяат жүжигчин, дэд профессор Д.Банди. Соёл, урлагийн их сургуульд орж таван жил энэ багшийн шавь болж дуулаачийн дуулах урлагийг заалгаж, сургуулиа төгссөн. Энэ хүний зааж өгсөн эрдмээр одоо сайхан дуучин болоод явж байна. Манай багш Свердловскт сургууль төгссөн, цэвэр орос сургуультай хүн байсан. Одоо миний багш байхгүй, 73 наслаад тэнгэрт хальсан даа.
-Багшийн тань ямар зан чанар өөрт чинь их таалагддаг байсан бол?
-Багшийнхаа зан чанарыг тодорхойлоход миний үг багадах юм шиг санагдаж байна. Ямар ч гэсэн урлагийнхан, урлагийн хүрээнд, урлагийн энэ том айлд миний багш дээгүүр байр суурьтай, дуучид хүндэлдэг хүн байсан. Ямар ч урлагийнхнаас асуухад хүнийхээ, багшийнхаа хувьд сайхан хүн байсан гэж ярьдаг. Би багшийгаа ийм сайхан хүн гэдгийг сургуулиа төгсөөд дуурийн театрт ирээд л мэдэрсэн. Миний багш дуулах эрдмийг заагаад зогсохгүй хүн ямар байх ёстой, хүн гэж юу юм бэ, хүнлэг байна гэдэг юу байдгийг надад биечлэн үзүүлсэн гэж боддог. Хүнлэг сайхан зан чанар нь их таалагддаг. Миний багш дээр хөлгүй хөгжлийн бэрхшээлтэй хүн ирж суралцаж байсан. Хүнийг ялгаварладаггүй. Тухайлбал, хоолой муутай ч дуулахыг эрмэлздэг хүнд “За хүү минь чи энд цагаа дэмий үрээд яах вэ. Өөр мэргэжил сонго” гэдэг. Үнэхээр хоолой сайтай, дуулах хүсэл эрмэлзэлтэй хөгжлийн бэрхшээлтэй хүн ирвэл “Би чамайг сургая. Чи өөрөө шантрахгүй бол яв” гээд сургаж байх жишээтэй. Янз бүрийн хүмүүст нэг л янзаар ханддаг нь надад сайхан санагдаж байсан. Багш маань ид ажиллаж байх үедээ дуурийн театрын тенор хоолойн партыг бүгдийг нь нуруун дээрээ үүрдэг байсан гэж манайхан ярьдаг. Дуулаагүй гол дүр гэж бараг байхгүй, нэг цагийг эзэлсэн сайхан тенор байж. Театрынхан “Банди мөн сайхан түшигтэй шүү” гэж ярьдаг. Пүрэвдорж гуайтай их сайн найз байсан. Уртын дууны Дэлгэр багш, Жамъянжав, ойр байсан багш нартай миний багш дандаа тийм сайхан байдаг. Тэр нь надад үлгэр дууриал болсон. Хамт ажиллаж, амьдарч байгаа, ер нь хүнд сайхан хандах ёстой юм байна гэдгийг багшаасаа олж харсан. Миний багш ийм л хүн.
-Оюутан байхдаа багшдаа их загнуулдаг байв уу. Хамгийн дурсамжтай, санаанаас гардаггүй ямар үе байна вэ?
-Багш жаахан дургүй зүйл дээрээ дуугүй болчихно. Дуртай зүйлдээ “Болж байна. болох гэж байна шүү” гэдэг. Яриа, дуу ихтэй хүн мөртлөө өөрт нь таалагдахгүй, онцгүй зүйл байвал чимээгүй болохоор нь багш дургүй байгаа юм байна даа гэж боддог байсан. Таван жил сурахад намайг чанга дуугаар загнаж байгаагүй. Ер нь бүх шавь нь тэгж хэлдэг. Хүнд дандаа эвээр хэлж ойлгуулдаг. Цөөхөн үгээр оновчтой ухаарсан, ухаарлын ганц үг хэлэхэд тухайн хүн өөртөө тусгаж авдаг байсан. Би 2002 онд сургуулиа төгсөхдөө жирэмсэн байсан. Тэгээд хүүгээ төрүүлчихээд долоо хонож байтал нэг таньдаг дуу үүдэнд дуугараад байхаар нь гайхаад хартал багш маань нэг гартаа цэцэг, нөгөө гартаа бялуу барьчихсан зогсч байсан нь санаанаас ердөө гардаггүй юм.
-Багш чинь ямар үгийг их хэлэх дуртай вэ. Ер нь ямар тохиолдолд урам хайрладаг байсан бэ?
-Хүн ганцхан удаа төрдөг. Өөрөө өөрийнхөө хоолойгоор дуулах хэрэгтэй. Түүнээс хүнийг дагаж дуурайж дуулах юм бол хэрэггүй гэж хэлдэг байсан. Энэ их үнэн үг гэж боддог. Банди багшийн шавь нараас тав нь дуурьд дуулж байна. Хоолой бүрээс сайхан дуучдыг төрүүлсэн. Сайн дуулчихвал багш орж ирэхдээ инээгээд үсээ илэнгээ “За давгүй шүү, болох гэж байна” гэдэг. Жаахан дурамжхан байвал “За яах вэ” гээд барагтай бол дуугарахгүй. Эмэгтэй хүүхдэд ингэж хэлдэг байсан. Харин банди нарт яаж ханддаг байсныг сайн мэдэхгүй байна. Сургуулиа төгсөөд дуурийн театрт орсноос хойш багш маань дандаа эрэгтэй шавь нартай байсан болохоор хүмүүс “Бандийн банди нар” гэдэг байсан. Одоо тэр банди нараас нь төгсч ирээд сайхан дуулаад явж байна.
-Хэр өндөр шаардлага тавьдаг байсан бол?
-Багшийгаа шавь нартаа 90 онооноос дээш дүн тавьж байхыг нь хараагүй. Дүнг харамлаж байгаадаа бус өөрийнхөө сурсан сургуулиар л биднийг дүгнэдэг байсан нь тэр юм билээ. Багшаар минь хүн болгон бахархдаг. Миний бахархал, шүтээн бол багш минь.
-Хувь хүн талаасаа ямар хүн байсан бэ?
-Тенор хоолой хувийн зохион байгуулалттай байж олон жил дуулдаг. Манай багшийг үүний үлгэр жишээ гэж хэлж болно. Юмыг яг цагт нь хийж, цагаас оройтуулж, хойш тавьж маргааш гэсэн өдөр байдаггүй. Ийм хугацаанд хийнэ гэсэн бол тэр хугацаандаа хийдэг. Миний багш архи уудаггүй. Харин тамхи татна. Багш маань “Дуулахаа больсон үеэс тамхи татаж эхэлсэн” гэж ярьж байсан. Манай багшийг үеийнхэн нь болон хойч үеийнхэн нь “Яаж Банди багш шиг хоолойгоо зохицуулж дуулах вэ” гэж ярьдаг. Ер нь миний багш үе үеийнхний үлгэр жишээ болсон хүн. Тухайн үед хамтарч ажиллаж байсан багш, ажилчид, үеийнх нь дуучид, Уртнасан, Хайдав, Пүрэвдорж, Жамъянжав болон түүнээс хойших үеийнхэн багшийг маань алт шиг, хүн шиг хүн байсан гэдэг. Миний багш их даруухан, өөрийг нь тодотгож тодорхойлж өгсөн зүйл нь хүнлэг, хөдөлмөрч, зарчимтай байдаг чанар нь хамгийн том тодорхойлолт. Амьтанд их хайртай, гэртээ арав гаруй муур тэжээдэг байсан гэдэг. Намайг оюутан болоод очиход долоон мууртай байсан. Багшийг долоон мууртай Доржийн Банди гэнэ. Сурвалжлагч ирэхэд багш маань “За хүү минь чи намайг олон муур тэжээдэг гэж сонин дээрээ битгий бичээрэй. Хүмүүс гайхна, дээрээс нь татвар энэ тэр гээд хүрээд ирвэл яах юм. Миний хүү ахынхаа саяын ярьсныг л бичээрэй” гэж. Тэгээд сонин нь гарсны дараа хартал “Долоон мууртай Доржийн Банди” гээд том гарчиг өгсөн байсан гэж багш маань инээж байсан. Манай багшийн гэр бүлийн хүн Маргарита Григоревна гэж хөгжим бүжигт концертместрээр ирж байсан. Григоревна багш төгөлдөр хуурч болохоор гар нь эвдрэнэ гээд багш маань гэрийнхээ бүх ажлыг өөрөө хийхээс гадна их амттай хоол хийдэг байсан. Оюутан байхдаа багшийнхаа хоолоор зөндөө дайлуулдаг байлаа. Хөдөөний хүүхэд оюутны байранд өлсч байгаа байх гээд “Манайд ирж хоол идээрэй” гэхэд нь дуртай очдог байсан. Олон удаа очиж багшийнхаа гарын хоолыг идсэн дээ. Миний багш ганц хүүтэй. Хүү Марио дуурийн найруулагчийн мэргэжилтэй. Одоо Германы иргэн болчихоод тэнд амьдарч байгаа.
-Анх урлагийн тогоонд ороход багш чинь таньд хэрхэн хандаж байсан бэ?
-Миний багш “Надад нэг ийм сайхан дуучин охин байна” гэж их ярьдаг байсан гэсэн. Намайг сургууль төгсөхөд гавьяат жүжигчин Г.Эрдэнэ-Бат ах дуурийн театрын дарга байсан. Эрдэнэбат ах тенор хоолойтой байсан болохоор багшийг хайрлаж, хүндэлж явдаг. Нэгдүгээрт, багшийн маань хүндэтгэл хайраар намайг тоож харсан. Хоёрдугаарт, шалгалт дээр очиж миний дуулахыг сонсоод намайг дуурийн театрын дуучнаар урьсан. Дараа нь Новосибирьскийн Глинкийн сургуульд явахад багш маань их үүрэг гүйцэтгэсэн. Миний багш Оросын холбооны улсын Элчин сайдын яамтай холбоотой, тэдний хүүхдүүд Григоревна багш дээр ирж төгөлдөр хуур заалгадаг байсан. Манай багш дандаа оросоор ярина. Тэгээд “Надад ийм охин байгаа. Сургуульд явуулж сургамаар байна” гээд ОХУ-ын Элчин сайдын яам дээр очиж Путины тэтгэлгийн шалгалтыг өгсөн. Тэр тэтгэлэгт хамрагдаж Новосибирьскийн сургуульд явсан. Ер нь багш маань шавийнхаа хойноос өөрийн үр хүүхэд шиг явдаг хүн байсан. Миний багшийн нэрэмжит конкурс гурван жилд нэг удаа болдог. Өмнө нь оюутнуудын дунд зохион байгуулж байсан. Багшийгаа бурхан болсны дараа улсын уралдаан болгож зарласан. Ерөнхий шүүгчээр нь Италийн Венец хотын хөгжмийн дээд сургуулийн ерөнхий удирдаач Роберто Сальвалио суудаг. Энэ уралдаан Монголын дуурийн дуулаачдын уралдаануудын жишгийг тогтоож өгсөн. Шагналын сан өндөртэй. Эхний гурван байруудад эрэгтэй, эмэгтэй хоолойгоор тус бүр нэг, Гранпри шагналыг таван сая төгрөг дагалддаг. Чадвал жил бүр шагналын санг өсгөх, улсын уралдааны чансааг сайжруулах зорилготой. Дараа жил конкурс нь болно. Энэ конкурст хоолой харгалздаггүй. Мөн багшийн нэрэмжит шагнал гэж өгдөг. Миний багшийн зааж байсан эрдэм түүний шавь нараас харагддаг. Бид багшийнхаа нэрэмжит конкурсийг явуулахдаа мэргэжлийн сургуулиудад мастер классик хичээлүүд ордог. Ирэх жилээс дуурийн театраа оролцуулаад мастер классик хичээлийг үнэ төлбөргүйгээр Роберто Сальвалио багш, Оросын ардын жүжигчин, төгөлдөр хуурч Дарыма Линхавойн нараар заалгана.
-Багштайгаа хамтарч уран бүтээл хийж байв уу?
-Бид нарыг сурч байхад оюутан тэр тусмаа дуулаачийн урлагт суралцаж байгаа оюутан хүн тэгж замбараагүй дуулах нь хориотой байсан. Тиймээс багштайгаа хамтарч уран бүтээл хийж амжаагүй төгссөн. Тухайн үед өрсөлдөөн байгаагүй, яг л ном журмаараа оюутан бол оюутнаараа, төгссөн бол төгссөнөөрөө байсан болохоор багштайгаа уран бүтээл хийгээгүй. Хамгийн сүүлд багшийнхаа конкурсийн гала концертод оролцож байсан. Одоо бол өөрөө зохион байгуулаад явдаг болсон. Гэхдээ багшийнхаа сайхан дуулсан дуунуудыг товхимол болгож гаргаад сургалтын гарын авлага гаргасан. Багш маань дуулаачийн урлагт зориулсан хоёр дэвтэр гаргаж байсныг шинэчилж чадах чинээгээрээ багшийнхаа ажлыг үргэлжлүүлэхийг хичээж байна. Бас багшийнхаа дуулсан дуу, сургалтад орсон сургалтын гарын авлага болгож гаргасан. Сургалтын номонд байгаа мэргэжлийн бүтээлүүдийг нь хоолой болгонд нь дуулуулж СD гаргах бодолтой байна. Гэхдээ хөрөнгө мөнгөний асуудал чухал л даа. Би ийм сайхан хүний шавь болсондоо бахархаж явдаг.