Н.БАТМӨНХ
Д.Азжаргал Сэцэн хан аймгийн Ахай бэйсийн хошуу, одоогийн Говьсүмбэр аймгийн Шивээ-Овоо сумын нутагт 1978 онд төржээ. Аав Дагвадорж нь Булган аймгийн Сайхан сумын уугуул бөгөөд Даншигийн алдарт аварга Ш.Лувсанжамбаа, Ш.Намхай нарын удамтай гэлцдэг. Аав Дагвадорж нь 1973 онд Дорноговь аймгийн баяр наадамд түрүүлсэн аймгийн арслан цолтой бөх. Д.Азжаргал удамтай бөх хүний гэр бүлд төрж бойжсон нь бөхийн барилдаан сонирхож дур хүслийг нь төрүүлж, төсөрхөн өссөн ах, дүү нартайгаа хүүхэд ахуй цагаасаа барилдаж, ноцолдож өссөн нь бөх болох эх суурь нь болжээ. Д.Азжаргал 1997 оны Говьсүмбэр аймгийн баяр наадамд түрүүлж аймгийн арслан цол авсан нь цаашид барилдах дур хүслийг нь өрнүүлжээ. Түүний төрсөн ах Д.Түмэнжаргал 1998 онд Говьсүмбэр аймгийн баяр наадамд түрүүлж аймгийн арслан цол, төрсөн дүү Д.Батжаргал 2001 онд аймгийн баяр наадамд түрүүлж мөн аймгийн арслан цол хүртэж байв. Тийнхүү аав, хүү нар дөрвүүлээ арслан цолтой бөхчүүд юм. Түүний барилдааны амжилтыг сонирхуулъя.
1998 оны улсын баяр наадамд анх удаа зодоглож хоёр даваад улсын заан Ц.Баярсайханд унажээ.
2002 онд тав давж Монгол Улсын начин цолыг 24 насандаа авчээ.
2006 онд ес давж үзүүрлэж 28 насандаа Монгол Улсын арслан цол хүртжээ.
2011 онд тав давж өсөх идэр чимэг.
2012 онд тав давж улам нэмэх чимэг.
2003, 2004, 2010, 2013 онуудын улсын баяр наадамд дөрөв давж аймгийн арслан Э.Батбаатар, цэргийн арслан Т.Мөнгөнцөөж, улсын начин Б.Заяамандах, улсын харцага А.Цацавшир нарт унаснаас гадна 2007, 2009 онд тус бүр дөрөв давж улсын начин Ж.Отгонбаярт хоёр удаа унажээ.
Мөн 2000, 2001, 2008 онд гурав давж улсын заан А.Сүхбат, улсын начин П.Ганбаяр, аймгийн арслан Ө.Даваабаатар нарт, 1999, 2005 онд хоёр давж Баянхонгор аймгийн арслан Л.Жанцандорж, Говь-Алтай аймгийн арслан Ш.Тогтохбаяр нарт унажээ. Үүнээс гадна Говьсүмбэр аймгийн баяр наадамд 2006, 2007, 2008, 2011 онуудад түрүүлж, 2002, 2003 онуудад үзүүрлээд байна. Мөн 2013 онд Дорноговь аймгийн баяр наадамд үзүүрлэжээ. Д.Азжаргал арслан “Монгол бөх Гиннесийн номд” бүртгүүлэхэд зориулсан хүчит 6016 бөхийн барилдаанд оролцож ес давж сүүлчийн 12 бөхөд үлдэж байв. Д.Азжаргал арслан баруун талтай шуудагнаас татаж өргөх, хутгах, дотуур өхийлдөх мэхтэйгээс гадна мэхэнд их үлдэцтэй барилддаг бөх юм. Тэрбээр арслан Улсын багшийн дээд сургуулийг багш, дасгалжуулагч мэргэжлээр дүүргэжээ.