Т.БАТСАЙХАН

“Street art” төрлөөр уран бүтээл хийдэг зураач Мазаалай буюу Б.Азбаяртай ярилцлаа. Түүний зураг үзэсгэлэнгийн танхимд гэхээс илүү хотын гудамжинд олон бий. Гадаа цаг агаар хасах хэмийг заасан ч тэр зургаа зурсаар. Маршал Чойбалсангийн хөргийг хотын нэгэн байшин дээр зурахаар бэлтгэж байгаа ажээ.

-Гадаа хүйтэрлээ. Цаг агаарын байдал уран бүтээлд тань шууд нөлөөлдөг бололтой?

-Зураг зураад эхлэхээр яагаад ч юм даарахаа больчихдог. Цаг агаар надад ер нь нөлөөлдөггүй. Би -30 хэмд ч зурж л байсан. 

-Бээлий өмсөөд үү?

-Үгүй. Нүцгэн гараараа. Бээлий өмсөхөөр наалдаж, зарим зүйлийн утга санааг алдагдуулаад болдоггүй юм. Хүйтэнд хүмүүс яаран алхаад л харин би тайван зургаа зураад л, уран бүтээлчийн хувьд сонин мэдрэмж юм шүү. 

-Бүтээлүүд тань одоо хаана байна вэ. Даарч, зовж, мэдэрч хийсэн зураг тань бусдаас арай илүү үнэ цэнэтэй санагддаг уу?

-Соёл урлагийн их сургуулийн урд мөн сансарын нүхэн гарц дээр байна. Бусад нь цас бороо, цаг хугацааны явцад арилаад алга болсон. Хийсэн бүтээл минь үнэ цэнэтэй сайхан санагддаг ч гэлээ street art-ийн бүтээлд нас, цаг хугацааны хэмжүүр байдаггүй. Хэзээ ч дарагдаж, арилж, алга болж болно.

-Арилсан байхыг хараад харамсдаг уу?

-Шунан дурлаж, олон шөнө нойргүй хонож хийсэн бүтээл минь нэг л өдөр арилна. Бид сэтгэл зүйн бэлтгэлтэй байдаг. Энэ төрлийн онцлог нь юм шүү дээ. Бүтээл минь хүмүүстэй шууд харьцаж, тухайн үедээ ямар нэгэн зүйл ойлгуулахад л мөн чанар нь оршиж байгаа юм. Том хэмжээтэй ханан дээр зурдаг, цаг хугацаа хурдан гээд олон давуу тал энэ төрөлд байдаг. Мөн үзэл бодлын том зэвсэг юм.

-“Street art” монголчуудын хувьд харьцангуй шинэ төрөл байх. Би буруу ярьж байна уу?

-Буруу ойлголт байна. Нэрийг нь сонсоод зарим хүн “Ийм төрөл байдаг гэж үү, тэр нь ямар учиртай юм” гээд байдаг. Хэв маяг уран бүтээлийн онцлог нь социализмын үед ч байсан. Төрийн шагналт, ардын зураач Д.Амгалан гуайн ханын зураг, баримлууд, Лениний хөшөө зэргийг нэрлэж болно. Мөн түүний“Капитализмыг алгасагч” хэмээх зураг бол street art-ын том хэлбэр юм. Ер нь Д.Амгалан гуайн зургууд намайг  энэ төрлийг сонирхоход их нөлөөлсөн. Тиймээс Street art-ын “үнэр”- ийг Монголд бий болгосон уран бүтээлчдээрээ их бахархдаг.

-Та хүмүүстэй, нийгэмтэй шууд харьцдаг гэлээ. Таны зүгээс ямар санааг илэрхийлдэг вэ?

-Жаазанд хийгээд галерейд тавьсан зургийг бодвол Street art-ийн бүтээлд хэн ч хүрч, хэн ч өөрийнхөөрөө өөрчилж, баллаж болно. Түүнийг үзэхийн тулд хэн ч мөнгө төлөхгүй учраас бүх хүнд нээлттэй. Би ихэвчлэн түүхийг илэрхийлсэн бүтээл бий.  Би “Монгол-11” гэдэг зураг зурж байлаа. Бүтээлдээ үндэсний эрх чөлөөний тэмцэгчдийг тусгасан. Тэр үед зарим хүн 1911 онд хувьсгал ялсан. Нөгөө хэсэг нь 1921 он гээд л маргалдаж байсан. Би нэг хэсэг хүний болон өөрийнхөө үзэл бодлыг шүршиж байлаа. Хүмүүст ч тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж боддог. Би бүтээлээрээ монгол хүний онцлогийг харуулахыг хичээдэг. Сүүлийн үед зарим хүн монгол гэдгээ мартсан шиг харагдаад байна. Өөрийнхөө үзэл бодол, дуу хоолойг хүргэх боломж street art-д байдаг болохоор миний сонирхлыг татсан. Тиймээс street art бол миний үзэл бодлоо илэрхийлэх талбар юм. Энэ дотроо стэнсил буюу цоолборын төрлөөр зурдаг. Энэ нь street art-ын бусад төрлөөс илүү хөгжсөн. Хүмүүс ч цоолбороор зурсан зургийг амархан ойлгодог.

-Бүтээлийн санааг тань хүмүүс яг тэр утгаар нь хүлээн авч чадаж байна.  Энэ урлагийг ойлгох, мэдрэх, хайрлах сэтгэлтэй хүн хэр байгаа бол?

-Хэт гадны урлаг мэтээр хүлээн авдаг байлаа.  Харин одоо наашаа хэмээн гараа даллах хүн олон болсон. “Сайн байна, гоё шүү” хэмээн урамшуулах нэгэн ч гарч ирлээ. Энэ төрөл гэрэл гэгээ харагдаж байгааг мэдэрдэг. DS.RCK.ANCHORY гээд миний найзууд байна. Тэднийг би жинхэнэ монгол Street art-чид гэж боддог. Бид ямар ч гэсэн урлагийн төлөө гэсэн сэтгэл зүрхээ нэгтгээд зүтгэж байна.

-“Монгол-11” зургаа СТӨ-ний ханан дээр зурсан байх аа. Хүмүүс шүүмжлэлтэй л хүлээж авч байсан даа. Хана муухай болголоо гээд л. Тиймэрхүү шүүмжлэл их сонсдог уу?

-Хэн юм хийж байна түүнийг л хүмүүс шүүмжилдэг шүү дээ. Тэр үед өөрийгөө бүтээлийг ямар ч гэсэн хүнд хүрчээ гэж бодоод л өнгөрсөн.  Соёлын төв өргөөний Сүхбаатарын талбай руу харсан багана дээр Манлайбаатар Дамдинсүрэнгийн хөргийг зурсан. Түүнийг хүмүүс СТӨ-г муухай болголоо гэж загнаж байсан юм. Хүмүүс их цугладаг, талбай руу харсан болохоор тэр газрыг зориуд сонгосон хэрэг.  Бүтээл маань мэргэжлийн төвшинд байдаг учраас тэр төрлийн шүүмжлэл ирэх нь бага. Харин хана муухай болгосон хэрэгт л орох гээд байдаг талтай.

-Зургаа дуусгах, хамгийн сүүлийн өнгө будгаа хийхэд ямар мэд­рэмж төрдөг вэ. Тэр үеийг та юутай зүйрлэх вэ?

-Хамгийн сайхан атлаа надад их олон асуулт үлдээдэг. Ямар бүтээл болсон бол. Төгсгөлийг нь сайн хийж чадсан болов уу гээд л эргэлзээтэй зүйл гарна. Залуу зураач болоод ч тэр үү хааяа өөртөө итгэлгүй болох юм.  Бүтээлээ голно. Гэхдээ миний дотоод сэтгэлээс тийм мэдрэмж төрж байна гэдэг намайг уран бүтээл хийж, энэ урлаг дотор амьдарч байгааг илтгэж байгаа болов уу. Түүнээс зүгээр суусан бол жаргахгүй, зовох ч үгүй шүү дээ.

-Тэгвэл та ямар үед бийрээ барьдаг вэ. Онгод мэдрэмж хоёрын аль нь танд илүү санагдах бол. Онгод гээд асуухаар арай хуучинсаг юм уу?

-Үгүй дээ. Би онгод байдаг гэдэгт итгэдэг. Зураач уран бүтээлчид энэ хорвоод ямар нэгэн шалтгаантай ирсэн мэт санагддаг. Тиймээс хэрвээ та авьяастай л бол түүнийхээ өмнө бас хариуцлагтай байх учиртай.  Надад авьяастай найзууд олон бий. Тэдний зарим нь огт өөр зүйл хийгээд явж байна. Харахад болоод байгаа юм шиг атлаа өрөвдмөөр байдаг юм. Тэд авьяасаа зэврүүлж хөсөр хаяж байна. Энэ жаахан харамсалтай санагддаг.  Бийрээ барихын тухайд гунигласан юм уу, ганцаараа үедээ зурна. Одоо өвөл боллоо. Энэ цаг үе надад онгод гэхээсээ илүү сууж, бодож, мэдлэг мэдээлэл хуримтлуулах цаг үе мэт санагддаг.

-С.Зориг агсны хөргийг зурсан тань ямар учиртай юм бэ. Таны уран бүтээлийн сэдэл санаатай, дотоод ертөнцөд яаж уялдав?

-Тэр хүн бол бидэнд ардчиллыг бэлэглэсэн. Хэрвээ ардчилсан нийгэм үгүй бол бид будаг бариад ханан дээр зураг зураад гадуур явж чадахгүй. Тиймээс энэ бол street art-ынхны дурсан санаж явах ёстой хүмүүсийн нэг мөн. Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард Монголын street art-ынхан хамтарч фестиваль зохиосон. Тэр үеэр би С.Зориг агсны хөргийг томоор зурсан.